Өнөөдөр шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхт 22 жилийн ой тохиож байна. Энэ өдөр УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаас малчдын нийгмийн хамгааллын асуудалд анхаарсан шийдвэр гаргалаа.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай болон Малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг МАН-ын бүлгийн гишүүд санаачилж энэ долоо хоногт Засгийн газраас санал авахаар хүргүүлэхээр болов. Уг хуулийн төсөл нь малчдын тэтгэврийн насыг наашлуулах, малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх бололцоог бүрдүүлэх зорилготой юм. Өөрөөр хэлбэл, малчид хүнд хэцүү нөхцөлд ажилладаг учраас эрэгтэйчүүд нь 55 нас, эмэгтэйчүүд нь 50 нас хүрсэн бол тэтгэвэрт гарах болзлыг хангасан гэж үзэхээр энэхүү хуулийн төсөлд тусгажээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Одоогоос 22 жилийн тэртээх энэ цаг мөчид шинэ Үндсэн хууль батлагдаж байсан юм. Тухайн үеийн АИХ-ын депутатууд "Мал сүрэг төрийн хамгаалалтад байна" гэдэг заалтыг Үндсэн хуульд оруулж байсан бол 22 жилийн ойн өдөр УИХ дахь МАН-ын бүлэг эрдэнэт мал сүргийг маллаж, өсгөн үржүүлж ирсэн малчдынхаа нийгмийн асуудлаар тодорхой санал санаачилга дэвшүүлж байна. Олон жил яригдсан энэ асуудлыг малчдын захиалга гэж ойлгох хэрэгтэй. Малчид бол нүүдлийн соёл иргэншлийг тээж яваа хүмүүс. Малчид хагас бүтэн сайн, баяр ёслолын өдөр амардаггүй. Малчдын тэтгэврийн насыг наашлуулахаас гадна даатгалын шимтгэлийг нөхөн төлөх асуудал ч яригдаж байна. Сар болгон сумын төв орж шимтгэлээ төлж чадахгүйгээс болж олон малчин даатгалын гадна үлддэг. Бидний авсан мэдээллээр малчдын ердөө зургаан хувь нь шимтгэл төлж байна. Тэгэхээр энэ хүмүүсийн ирээдүйг бодолцож үзэх шаардлага гарч байна. Сар болгон орлого нь орж ирдэггүй учраас малчид улирлаар шимтгэлээ төлж болох юм. Нөгөө талаас ядуурал хөдөө талдаа 34 хувьтай байгаа нь энэ хуулийн төслийг боловсруулах үндэслэл болж байна" гэж мэдээллээ. Хуулийн төсөл боловсруулахдаа статистик болон бусад газрын судалгаанд үндэслэжээ.