Ипотекийн найман хувийн зээлийн санхүүжилтэд жилд зарцуулдаг байсан 300 тэрбум төгрөг 500 тэрбум болж өснө гэж Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан энэ сарын 5-нд мэдэгдсэн юм.

Улсын төсөв болон Монголбанкнаас банкуудад олгох санхүүжилт ирэх онд нийт 300 орчим тэрбум төгрөг байна гэж тоцоолж байв. Харин ирэх онд 200 орчим тэрбум төгрөгөөр өсгөх бол хаанаас санхүүжүүлэх, энэ нэмэгдлийн эх үүсвэр юу вэ гэдгийг Сангийн яамнаас тодруулав.

Монголбанк арилжааны банкуудад ипотекийн зээлд зориулан 4 хувийн хүүтэй зээл олгосоор ирсэн. Банкууд зардал, ашигт ажиллагаа, эрсдэл зэргээ тооцон иргэдэд ипотекийн зээлийг 8 хувийн хүүтэй олгодог.

Тэгвэл ирэх онд Төв банкнаас арилжааны банкуудад олгох зээлийн хүүг 1 хувь болгон бууруулах боломж бий гэж Засгийн газар үзжээ. Зээлийн анхдагч эх үүсвэрийн зардлыг 4-өөс 1 хувь болгон бууруулснаар зээлийн санхүүжилт өсөх юм байна. Учир нь Монголбанкнаас маш бага буюу 1 хувийн хүүтэй ипотекийн зээл авах арилжааны банканд ипотекийн зээлд зарцуулах санхүүжилтээ өсгөх шаардлагыг эргүүлээд тавьжээ.

Одоогоор банкууд болон Монголбанк, БХБЯ хоорондын хэлцэл үргэлжилж байгаа аж.

Ипотекийн зээлийн эрэлтийг хангаж, хүртээмжийг нэмсний дараа зээлийн хүүг багасгаж болно гэж эрх баригчид мэдэгддэг. Өнгөрөгч тавдугаар сард Барилга, хот байгуулалтын яамнаас ипотекийн зээлээр орон сууц авах хүсэлтэй иргэдийг судлахад нийслэлд урьдчилгаа 30 хувиа төлөөд зээлд хамрагдах 33 мянга, орон нутагт 14 мянган иргэн байгаа аж. Гэвч ипотекийн зээлийн хүүг багасгах нь маш төвөгтэй. Учир нь зээл авсан нийт иргэний тоо хэдийнэ 100 мянгыг давсан. Бүх зээлдэгчийн төлөх хүүг багасгах нь банкууд, цаашлаад нийт эдийн засагт нөлөөлнө гэж эдийн засагч Ч.Хашчулуун тайлбарлав.

  • 2017 оны улсын төсвөөс 111.0 тэрбум төгрөг,
  • 2018 онд 120 тэрбум төгрөгөөр ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлсэн.

Ипотекийн зээл  нь

  • Улсын төсөв,
  • Монголбанк (4 хувийн хүүтэй),
  • Арилжааны банк (18-22 хувийн хүүтэй) гэсэн гурван эх үүсвэрээс санхүүжиж байна.