БНМАУ-ын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав өнгөрсөн долоо хоногт таалал төгсч, монголын утга зохиолд томоохон гарз учирсан билээ.

Тэгвэл Төрийн шагналт, Ардын уран зохиолчийг өнөөдөр эцсийн замд нь үдэн гаргаж байна. Үдэн гарах ёслолд гэр бүлийнхэн нь яруу найрагчид, зохиолчид гээд бүгд хүрэлцэн ирсэн байна.

Тэрээр 1963 онд МУИС, 1981 онд Москва хотноо Горькийн нэрэмжит дээд сургуулийн дэргэдэх Утга зохиолын дээд курсийг төгссөн байна. 1960 оноос эхлэн уран зохиол бичих болжээ. Ш.Сүрэнжав нь зохиолчдын эвлэлийн гишүүнд 1966 онд элсчээ. Иргэний уянгын шүлэг, найраглалуудыг орчин үеийн сэдвээр голчлон бичдэг байв.

Түүний бүтээлүүдээс дурдвал, "Ерэн баатрын дууль", "Шөнө ургасан цэцэг" найраглалаараа уншигчдын сонирхлыг их татаж байв. Түүнчлэн эрийн гурван наадмын тухай бичсэн уран сайхны киноны зохиолоор нь "Гарьд магнай" /1983/, "Тод магнай /1990/, "Цэц магнай" /1995/ уран сайхны кино бүтээжээ. Түүнчлэн Ш.Сүрэнжавын олон шүлэг, найраглал орос болон бусад хэлэнд орчуулагдан гарсан байдаг.

Ш.Сүрэнжав 1972 онд "Нутгийн цэнхэр уулс" номоороо МЗЭ-ийн шагнал, 1988 онд "Ерөн баатрын дууль", "Багш" найраглалаараа БНМАУ-ын Төрийн шагнал, 1999 онд Монгол улсын Ардын Уран Зохиолч цол, 2001 онд Донровын Намдагийн нэрэмжит шагнал тус тус авч байжээ.