Сэтгэгдэл (5)

 Шэйрлэх

 Жиргэх

Ц.Элбэгдоржийн интернэт орчны тухай бичсэн "Тороол" гэх нийтлэлийг уншлаа. Хүмүүс компьютерийнхоо ард суучихаад нэг нэгэн рүүгээ улайран дайрах гэж юу байдгийн үр уршгийг биеэрээ амсаж байгаа хүнээс л гарахаар үг гэдэг нь нийтлэлээс илт харагдана. Харин хаанаас ч юм хуулаад өөрийнхөө санаа бодлыг дундуур нь үе үе шаантаглаж хавчуулсан өнгө аяс мэдрэгдсэнийг эс тооцвол их л зөв юм бичиж... Бичлэгийн арга хэлбэрийн хувьд эхэндээ нэвтэрхий толь шиг баахан танин мэдүүлж байснаа дунд хэсгээсээ гол санаа нь тодорч ирдэг, бас текстийнх нь хэмжээ дамжаа нь ч Баабарынхтай ихэд төстэй аж.

Дээрх мэт зүйлсийг эс тооцвол ямартаа ч их зөв сэдэв хөндөж дээ гэсэн бодол төрөв. Өөрөөр хэлбэл, нийгмийн бүх л түвшний хүмүүс аль болох энэ мэт яриа өрнүүлж эхэлбэл нийгэм цэвэрших, өөрчлөлт гарах горьдлого нэмэгдүүлнэ. Их л хожим үүнийгээ эхлүүлж дээ.

 

Гэхдээ би энд шал өөр зүйл буюу хэлэхгүй өнгөрч болмооргүй хэд гурван зүйлийг өөрт тань хүргэх гэсэн юм.

 

1.  Ц.Элбэгдорж таны дэргэд маш хүчтэй хар пиарын баг ажиллаж байсан, тэд интернэт орчныг бүрэн хянаад зогсохгүй удаа дараагийн сонгуульд хүчтэй нөлөөлж, шинээр бүрэлдэх улс төрийн хүчнүүдийн дунд яс хаян хагаралдуулж, бүр өөрийг тань сонгуульд хүртэл ялуулж чадсан. Маш хүчтэй гэдгийг нь их хэмжээний мөнгө босгож, түүнийгээ гол мөрөн шиг л урсгаж байсныг тань хэлж байгаа бөгөөд үүнийг харсан хэвлэлийн компаниуд ч сайн мэднэ дээ. Өөрийнхөө зурагтай шуудангийн марк гаргаад 18 нас хүрч буй бүх хүүхдэд илгээж байсны нэг манай хүүхдэд ирсэн юм даг.

Тэгэхээр таны дэргэд байсан тэр хар пиарчдын үндсэн ажил нь хүний нэр сүрийг гутаах, өрсөлдөгчдөө “намнах” явдал байдгийг ялангуяа жижиг намуудынхан сайн мэдэх болсон. Хүсвэл тантай хамтарч ажиллаж байсан Монголын хэн гэдэг том том, архаг хар пиарчдын нэрийг ч энд бичиж болохоор байна. Нийтлэлийг унших зуурт “тийм хүчтэй багтай ажиллаж байх үедээ өөрийг тань юунаас ч айдаггүй байж дээ” гэх бодол толгойд зурсхийв. Одоо харин цаг өөр болж.

 

Мэдээж өөрийг тань муулж доршоон, өөнтөглөж бичдэг мэр сэр хүмүүс байсан л биз, тэдэнд хандаж таны ам бардам хэлдэг үг бол “Та нар намайг яаж ч муулж болно, наад эрх чөлөөг тань би та нарт олж өгсөн юм шүү” гэдэг байсан сан.

 

Ер нь эрх чөлөө гэдгийг хүмүүс өнөөдөр ч гэсэн иймэрхүү хэлбэрээр л ойлгоод байгаа нь эргээд өөрт тань гай болж байх шиг... Өөрөөр хэлбэл, таны олгосон эрх чөлөө гээд байгаа тань хууль дүрэмд захирагдаж, зарчмын дагуу ажиллах бус хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхэж болдог дэндүү байгалийн гэмээр эрх чөлөө болж дээ гэдгийг бодууштай. Ажил, бизнесээ алдахаас айж эмээн загас мэт чимээгүй байсан нь дээр гэж үзэн, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж чаддаггүй, эсвэл юу ч хэлээд нэмэргүй дээ гэж цөхөрсөн иргэн хийгээд бизнес эрхлэгчид энэ нийгэмд хэдэн мянгаараа байна. Ер нь манайхыг эрх чөлөөтэй улс орон гэж хэлэх нь өнөөгийн нийгмийн бодит дүрх төрхтэй хэр нийцэх бол доо.

Энгийнээр л жишихэд, энэ бичвэрийг маань уншаад,  өөрийг тань муулж байна гэж ойлгон, хүлээж авах байх. Гэтэл өөрийн тань бичээгүй үлдээсэн үнэнийг л би энд гаргаж харьцуулж уншаасай гэж олон нийтэд хүргэж байна.Нийгэм ёс суртахууны доройтолд орсон, авлига цэцэглэсэн, төр бодлогогүй болсон гээд цувуулаад байвал хүний нүдэн дээр ил байгаа зүйл олон. Гэтэл Ерөнхийлөгч байхдаа хэдэн зуугаар тоологдох их ажил хийсэн гэдэг. Хүн залхмаар л олон жил төрийн өндөрлөгт суусан байх. Гэтэл “одоо ч бас Баттулга ерөнхийлөгчид тусалмаар байна, даанч…” гэх маягийн юм ярихаар тань үнэндээ хүн ойлгоход бэрх юм.

 

2. Хоёрдугаарт бас таны хэлэх дуртай “Шударга байцгаая л даа. Шинэ жилээр архи биш сүүгээ ууцгаая” гэх мэт тоолоод үзвэл зуу гаран үг бий. (Үүнийг таны хийсэн 100 ажлын тайлангаас харж болно).

Та бас малчны тэмдэг, гэрчилгээ зэргийг санаачлан дээр нь “Малчин хүн мянган мэргэжлийн эзэн” гэж бичээд бүх малчинд сонгуулийн өмнөхөн тарааж билээ. Их ч хөрөнгө хүч зарж байсныг хэн хүнгүй мэдэх юм. Эцэстээ энэ бүхэн юунд хэрэгтэйг нь хэлж мэдэх хүн байхгүй, тэгээд л мартагдсан...

 

 

Комментыг нэг, эсвэл хэсэг бүлэг хүмүүс бичнэ. Тэрийг унших уншихгүй хүн гэж байна, уншаад ч тоохгүй өнгөрөх хүн бас зөндөө. Тиймээс өөрийн тань ярьж буй цуламын хор хөнөөл, үнэн худал нь мэдэгдэхгүй, тэр тусмаа төрийн тэргүүний амнаас гарч буй үгний дэргэд өчүүхэн зүйл шиг санагдах юм. “Шударга байх боломжгүй орчинд шударга байх, шинэ жилийн үдэш сүү уух, ганц мэргэжил эзэмших” гэж хүмүүс авчхаж ч болохгүй, хаячихад ч болохгүй хэцүү үгсийг та эцэс төгсгөлгүй урсгадаг. Ийм үгс олон нийтэд их таалагдахыг нь бас яана. Гэтэл тэр бүхнийг сайтар бодож үзэхээр та зөвхөн өөрийнхөө л төлөө хэлсэн байдаг. Ийм шалдар булдар шал дэмий халилтай үгс нэгэнт үр дүнтэй ажил болохгүйгээс хойш, өөрт тань биш юмаа гэхэд өрөөлийн өдөр тутмын амьдрал ямар нэмэртэй гэж. 

 

3. Булшшитын өөрөөр хэлбэл таны хэлдэг хоосон гоё үгсийн талаар "Буллшитын тухай" гээд үнэнд нийцсэн, тун сайн ном гарсан байна билээ. Тэр номыг та нэг олж үзээрэй, танд бол их л хэрэгтэй ном шиг санагдсан. Улс төрчид буллшитийг хэрхэн ашигладаг тухай тэр номд ёстой аятайхан өгүүлбэрүүд байсны заримаас энд дурдвал:

Буллшит бол ямар нэгэн хувийн санаархалдаа хүрэх арга зам. Тухайлбал, зурагт зарах, сонгуульд ялах, олон нийтийн үзэл бодлыг төөрөлдүүлэх гэх мэт. Гэхдээ энэ бол цорын ганц шалтгаан нь биш. Өнөөдөр ийм зүйл ярьсныхаа төлөө хөлс мөнгө авч амьдардаг хүмүүс олширсон. Тэд юу ярьж байгаагаа сайн мэдэхгүй ч яриад л байна, яриад л байна. Ярихаа больчихвол мөнгө авахаа болино. Улс төр өнөөдөр тоглоом болсон. Улс төрч бүр сонгогдохын тулд чадлынхаа хэрээр буллшит ашиглана. Бодсон санаснаа шулуун шударгаар, үнэнийг ил тод хэлж байна уу, үгүй юу гэж дэнсэлдэг улс төрч даанч цөөрчээ. Буллшит бол нийгмийн харилцааг хөнгөвчилдөг маш үр дүнтэй арга хэрэгсэл л дээ. Нэг ёсны нийгмийн хахууль. Хүн өөрийнхөө буллшитэд итгэж үнэмшээд эхэлбэл том аюул. Ийм тохиолдол их.

 

Ерөнхийлөгч асан Элбэгдорж таны дурдаад байгаа цулам хэмээгчийн нийгэмд үзүүлэх хор хөнөөл нь 20 гаруй жил Bullshitter хийсэн өөрийн тань шалдар булдар ярианы дэргэд юу ч биш. Таны ярьдаг зүйлс нь нийгэмд хий хоосон хийрхэл, хоосон бардамналыг нь дэвэргэхээс бус сайн сайханд хөтөлсөн нь үгүй.

 

Үлгэрлэвээс “Уулын чинээ цагааныг туулайн чинээ хараар дарах” буюу тань руу давшилж буй хүмүүс тоогоор олон байлаа ч таны буллшитийн дайтай Монгол улсыг хохироохгүй нь лавтай.

Ташрамд хэлэхэд, таны бичлэгтэйгээ хамт нийтлүүлсэн зураг маш сайхан сэтгэлтэй, номхон, даруу төлөв хүний дүр зураг байх юм. Бичлэг тань болохоор нэлээн уурсалтай хүний үг байсан болохоор бичлэгтэйгээ таарсангүй гэж харагдсан.

 

 

 

Жич: Үүнийг бичиж буй би бээр нэрээ бичихгүй орхиё. Өөрийн тань тухай бичиж нэрд гарах зорилгоо хангадаг хүн байдаг гэсэн учраас ингэхээр шийдлээ. Мэдээж хүсвэл бичихэд нээлттэй.

www.Sonin.mn