Арабын нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотод болж байгаа Тусгай олимпийн XV наадамд 190 орны 7500 тамирчин спортын 24 төрлөөр өрсөлдөж байна.

Монгол Улсаас 28 тамирчин оролцож байгаагаас Боччегийн төрлөөр оролцож буй Э.Энхтуул хүрэл, бадминтоны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлөөр оролцож буй Б.Мягмарнаран нар хүрэл медаль хүртлээ. Тэд ийнхүү медалийн буухиаг үргэлжлүүлж багийнхаа амжилтыг ахиулав. 

Түүнчлэн бөөрөнцөг шидэлтээр хүрэл медаль хүртээд байсан Х.Балжинням 100 метрийн уралдаанд оролцож, Монгол Улсын баг тамирчдын хоёр дахь алтан медалийг хүртлээ. Ийнхүү монголчууд Абу-Дабигийн Тусгай олимпийн наадмаас хоёр алт, гурван мөнгө, зургаан хүрэл медаль хүртээд байна.

Монголын Тусгай олимпийн багт хөдөө орон нутгийн тусгай сургуулиас долоон хүүхэд багтсан бөгөөд тэдний хоёр нь Э.Энхтуул, Б.Мягмарнаран нар юм. Өнөөдөр буюу энэ сарын 19-ны шөнө хөлбөмбөгчид манай тамирчид алтан медалийн төлөө тоглолт хийнэ.