Хавар болохоор утаатай хамт замхардаг асуудлын нэг нь Нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудал юм. Өнгөрсөн өвлийн ид ачааллын үе буюу арванхоёрдугаар сард “Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийх хэрэгтэй. Автобусууд нь засал авахгүй улам их алдагдал хүлээж байна. Төсөв мөнгийг нэмэх хэрэгтэй” гэдэг асуудал НИТХ дээр яригдаж байв. Автобус нь хүйтэн, замын түгжрэлээс болж хэдэн цагаар хүлээлгэдгээс гадна өдөрт 4-5 автобус эвдэрч зогсдог, бас цагтаа явдаггүй гэх шүүмжлэл энэ салбарт бараг л мөнхийн сэдэв. Дээр нь жил бүр нийтийн тээвэрт 50 тэрбумын төсөв зарцуулдаг ч үйлчилгээ сайжрахгүй байсаар л байна.

Тухайлбал, хамгийн их хэл ам таталж, эвдрэл гэмтэл байнга гарч зардал чирэгдэл болж буй нь “Экобус”-ын ногоон автобусууд. Уг нь Монголын тэргүүлэгч инженерүүдийн нэг гэгддэг Д. Жаргалсайхан “Монголдоо автобуснаас эхлэн авто машин үйлдвэрлэхийг зорьж байна” хэмээн сүртэй гэгч мэдэгдэл хийж байснаас хойш 5-6 жил өнгөрчээ. “Төр бодлогоор дэмжээд өгвөл бид гаднаас автобус худалдаж авах бус дотоодоосоо хэрэгцээгээ хангах боломжтой. Биднийг дэмжиж хамтарч ажиллаач” хэмээн тухайн үед улсын Ерөнхийлөгчид хүртэл өргөх бичиг барьж байв. Нийслэлчүүдийн олонх нь автобусыг “Ард түмний унаа” хэмээн шүтэж, нийтийн тээврээр хөл дүүжилж ирсэн болохоор “Үнэхээр тийм боломж байгаа бол заавал Солонгос, Японы гар царайг харах юун гэлцэж байв.Гол нь Улаанбаатарын утааг бууруулахад хувь нэмрээ оруулна гэсэн сурталчилгааг нь дагаж намирсан хэрэг байх л даа. Эх оронд маань шинэ үйлдвэрлэл хөгжих нь хэмээн баяр бахдалдаа төөрөлдсөн хүн ч олон байсан.

Ц.Элбэгдорж хүртэл үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж ирээд шоу болгож байлаа. “Манайхан гаднаас дандаа элэгдэж хуучирсан автобус оруулж ирдэг” гэж ирээд сөрөг сурталчилгаа ч тухайн үед нийгмийг хөөсрүүлж орхисон юм. Энэ бүхэн үнэн байсан бол, хэлсэн шиг нь хэрэгжсэн бол нийтийн тээвэр маань өнөөдөр нисдэггүй ч гэлээ үйлчилгээ нь шуурхай, автобус нь тохь тухтайн дээр утаа огт гаргадаггүй, гудамжинд эвдэрч зогсоод зорчигчдоо чирэгдүүлдэггүй соёлтой үйлчилгээтэй байх сан. Тэгвэл НИТХ өнгөрсөн онд "Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд" зөвлөгөөн дээр өнөөх эко автобус нь үйлчилгээнд гараад гурван жил ч болоогүй атал найм нь эвдэрсэн асуудал яригдаж байсан юм. Солонгосоос авч байхаар өндөр үнэтэй ч гэлээ дотоодын үйлдвэрлэгчдийнхээ угсарсан автобусыг авъя гэж ирээд авсан. Анх тус автобусны нэг бүрийн үнийг 179 сая төгрөгөөр авсан гэсэн ч цаасан дээрх баримтад нь 270 гаруй сая төгрөгөөр авсан гэж цагаан дээр хараар бичсэнийг хэвлэлүүд хөндөж л байсан. Өчнөөн зарлага болж авсан автобус нь өвлийн цагт эвдрэл гэмтлээр тэргүүлэхээр нийтийн тээвэрт хүндрэлтэй. Засварт өгөхөөр өчнөөн зарлага гарна.

Тиймээс засал авахаасаа нэгэнт өнгөрсөн дээрх автобуснуудыг яаралтай актлаж шинэ автобуснуудыг оруулж ирэн нийслэлчүүдийг ая тухтай зорчуулах нь нэн тэргүүнд хэрэгтэй болов уу. Энэ эвдрэлийн эхлэлийг тавьсан улсдаа тэргүүлэгч инженер гээд байгаа Д.Жаргалсайхан ийм л гаж тогтолцоог бий болгож татвар төлөгчдийн мөнгийг яайран болгосон гэхэд хилсдэхгүй. Дээр нь эко гэх автобус нь утааг бууруулахад ямар хувь нэмэр оруулж буй нь бүрхэг. Магадгүй компанидаа “Экобус” гэх гоё нэр өгчихөөр маниусыгаа маллачихна гэж бодсон юм биш байгаа. Эсвэл угсарсан автобуснуудаа ногоон өнгөөр будчихвал эко болчихдог юм уу. Хот маань сурталчилгаанд хууртаад, аль эсвэл гоё нэрээр бизнес хийдэг эдийн засагтай болчихсон уу. Ерөнхийлөгч нь хүртэл гүйж очоод дотооддоо автобус угсардаг боллоо, утааг бууруулах гэж байна гэж ирээд нүд амаа хөдөлгөж зураг авахуулаад байхаар тэр эрчээр нь сайн автобус, жишиг технологи гээд хууртчихсан уу. Ямартай ч эко гэх ногоон өнгөтэй угсармал автобуснууд ямар ид шидтэй вэ гэвэл энэ хүртэл эвдрэлээрээ л тэргүүлж буй нь харамсалтай. Эцэст нь дахин сануулахад Д. Жаргалсайхан инженер анх “Төр засгаас бодитой дэмжлэг үзүүлбэл 3200 хүнийг ажлын байраар хангах боломжтой. Солонгос явах гэж хонон өнжин дугаарлаж байгаа иргэд манай компанид ажиллаж, Солонгост авдаг цалинг авах боломжтой. Жилд 200-гаад автобус үйлдвэрлэх хүчин чадалтай болно. Биднийг дагаад шил толь дугуй хийдэг 100-гаад жижиг дунд үйлдвэр гарч ирнэ. Төр бодлогоор дэмжвэл би Японоос бага хүүтэй мөнгө зээлж Япон технологиор үйлдвэрээ хөгжүүлнэ.

Ажилчдаа Японы ISUZU компанид сургалтанд суулгана гэх замаар цаашид явах юм. Ингэснээр Япон Монголын аж үйлдвэрийн хөгжлийн цоо шинэ харьцаа бий болно. Цаашдаа ачааны, суудлын, вагон зэрэг бүх төрлийн машин хийх бүрэн боломжтой” хэмээн уриалж байсан. Одоо яг ийм байгаа юу, эсвэл...Энд хариулт болчихоор дэвшилтэй зүйл нэг ч алга. Тийм байж амархан эвдэрдэг автобусуудаа нийтийн тэвээрт шахсанаас үүдэж өдгөө тус салбар асар их хэмжээний алдагдалд орсон нь бодит үнэн. Энэ бүхнээс үүдэж өмнөх дарга нарын хуудуутай алдааг одоогийн дарга нарт нь нялзааж Нийслэлийн төсөв өмнөх Засгийн үеийн төсвөөс даруй 70 гаруй хувиар нэмэгдсэн байхад нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийхгүй байна гэсэн шүүмжлэл гардаг.

Парк шинэчлэл хийх хэрэгтэй, гэхдээ эхлээд эко нэртэй эвдэлээр тэргүүлдэг автобусныхаа асуудлыг цэгцэлчихвэл нийслэл төсвөө хэмнэх боломжтой юм.

Р.Саруул

http://erennews.mn