Сэтгүүлч, биологич, “Өдрийн сонин”-ы ерөнхий эрхлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Жамбалын Мягмарсүрэнгийн “Долоо дахь хөхний гавар буюу амьтдын тухай өгүүллэгүүд” номын тухай өгүүлье. Энэ бол ан амьтдын ааш аяг, тэдний амьдралын хөгтөй хөөртэй үйл явдлын тухай өгүүлсэн ном юм. Бидний дөрвөн хөлт найзууд болон тэдний үр хүүхдүүд хэрхэн яаж бойждог, яаж тоглож нааддаг, бас томчууд нь амьдралын төлөө хэрхэн тэмцдэг талаар энгийн юм шиг хэрнээ хэн болгоны хардаггүй өнцгөөс нь бичжээ. Энэ номонд гэхэд л гучаад амьтны тухай өгүүлсэн байдаг. Тэр амьтад нь бидний сайн мэдэх, үгүй ядахдаа үргэлж ном сонин, зурагт мэтээр харж байдаг амьтдын талаар бичжээ. Хөдөө хаа сайгүй дэгдэж байдаг алаг дааганы тухай юу гэж бичсэнийг нь сонирхъё. Түүнийг уутгүй, дээрээс нь жижигхэн л болохоос Австралийн кенгрутай яг адил гэжээ. Мань “кенгру” гурваас зургаан зулзага гагадаг, түүнийгээ хөхүүлж өсгөдөг гэнэ. Бие жижиг, хүүхэд олон ядаж байхад сүү муутай нэг ёсондоо өрх толгойлсон ээж, эмзэг давхаргынх гэсэн үг. Тиймээс хулгай хийдэг байна. Юу хулгайлах вэ гэхээр үнээ ямаа зэргээс сүүг нь шөнө нууцаар хөхчихдөг гэнэ. Шөнө хивээд хэвтэж байгаа ямааг хивэхээр нь сороод л, хивэхээ байчихаар нь хөхөхөө больчихоод, дахиад хивээд эхлэхлээр нь хөхөөд л эхэлдэг аж. Нөгөө ямаа нь ишигээ хөхүүлж байна гэж зүүдлээд л ивлээд байдаг гэнэ. Ийм сонин гипнозтой амьтан аж. Үр зулзагаа өсгөх гэж ингэж зүтгэх ч хойтон жилийн хавар эхийгээ унтаж байхад тэд нь хаяад гараад явчихдаг аж. Дахиж тааралддаг ч үгүй гэнэ. Ер нь хүнээс бусад амьтан хөгширсөн хойноо хөлөө хучуулах гэж үр хүүхэд гаргадаггүй. Энэ нь ч бараг шулуун гэж зохиолч бичжээ. Одоо “Долоо дахь хөхний гавар өгүүллэг”-т юуны тухай бичсэнийг сонирхуулъя. Үнэгнийх долоон гавартай, тэд бүгд өөр өөрийн хөхтэй аж. Долоо дахь гавар нь охин бас хамгийн туниа муутай гэнэ. Түүнийг хамгийн сүүлийн хөх буюу цавинд байх мөөмөнд оруулжээ. Гаварнууд бүгд өөр өөрийн хөхийг хөхцгөөнө. Охины хөх хамгийн их сүүтэй, бас эхийнхээ цавинд байх тул тэндээ унтахад дулаахан.Эрчүүд аавыгаа гөрөөнд явсан хойгуур гадуур нүхнийхээ аманд гарч хөөцөлдөн тоглоно. Харин ганц охин нь эхтэйгээ нүхэндээ тавтай гэгч нь унтаж байх ажгуу. Тэд эцгийнхээ ирэх бараанаар гадаа гараагүй амьтан болох гэж нүхэндээ тоос манарган орцгоож гэмгүй царай гаргана. Яагаад гэвэл бүргэд тэднийг шүүрэн хоол болгох аюултай тул эцэг нь хамаагүй гарч тоглохыг хориглосон байдаг аж. Түүнийгээ нууж байгаа санаа нь тэр. Харин охин аавынхаа бараанаар тосон гүйж очин эрхэлнэ. Нэгэн удаа аав үнэг гөрөөнд явчихаад ирэхэд бүх гаварнууд нь нүхнийхээ мухарт ээжийнхээ дор оцойлдон сууж байлаа. Эцэг харангуутаа л дундах борыг бүргэд шүүрээд явчихсаныг мэдлээ. Эцэг уурлан эхийг хэмлэх гэтэл тэр том том нулимс унаган гаслан уйлахад зовлон дээр зовлон нэмээд юу хийхэв гээд түүнийг аргадан тайвшруулсан юм. Эр гаварнууд намар болоход бүгд өсч гүйцээд тарцгаав. Ганц охин л эх эцэг хоёртойгоо үлдэв. Гурвуулаа нийлж гөрөөлж бие биенийхээ илчинд унтна. Хэзээ хоёулхнаа үлдэх юм бэ бүү мэд. Бас хэзээ, хэн нь ганцаараа үлдэх юм бол гэж өгүүлсэн байдаг. Зохиолч Ж.Мягмарсүрэн үүнээс гадна “Унагаа зуусан хулан буюу амьтдын тухай өгүүллэгүүд”, “Барын зулзага бамбар буюу амьтдын тухай өгүүллэгүүд” зэрэг ном туурвижээ. Эдгээр номонд ч бас амьтдын тухай сонирхолтой өгүүлсэн байдаг. “Барын зулзага бамбар буюу амьтдын тухай өгүүллэгүүд” номонд дэлхийн амьтдын тухай өгүүлжээ. Түүнд манай улсад байдаггүй алаг тахь, заан, хирс зэрэг амьтдын тухай бичсэн байдаг. Ер нь амьтдын тухай ингэж өгүүлсэн ном манай улсад ховор. Гэхдээ энд би сурах бичигийн талаар хэлээгүй юм шүү. Эдгээр номнууд одоо их ховордсон байна лээ. Хаа нэг айлд байх нь хуучны ховор ном мэт санагддаг болсныг энд нурших хэрэг байна уу. Та эдгээр номыг уншвал хар аяндаа мушийн инээвхийлж, бидний эргэн тойронд байдаг амьтдыг хайрласан нүдээр харж эхэлдэг юм даа. Бас заримаас нь айдаг ч болдог юм билээ.