Хэн нэгэн хаалга тогшлоо. Зөөлөн тогшилт хэдий ч эмч эхний дуугаралтаар сэрж гэрэл асаагаад орон дээрээ өндийн суув. Тэр бөх нойрсож буй эхнэр рүүгээ хяламхийснээ халаадаа аван үүдний өрөө рүү зүглэв. Толгойгоо саарай алчуураар боосон настай эмэгтэйг эхэндээ тэр таньсангүй.

- Эзний бие гэнэт муудлаа. Та яг одоо очиж болохсон болов уу? хэмээн эмэгтэй хэлэв.

Одоо л тэр хоолойг нь танив. Түүний хуучин анд, гоонь эрийн гэрийн үйлчлэгч байлаа. Эмч, “Найз маань тавин тав гарчихсан. Түүний зүрх ашиглалтаас гараад олон жил болж байна. Хүндхэн зүйл болж мэднэ” гэж бодоод, “Би очъё, чи намайг хүлээж байх уу?” гэлээ.

- Өршөөгөөрэй эмч минь, би ахин хоёр ноёнтныд очих хэрэгтэй байна” гээд эмэгтэй худалдаачин, зохиолч хоёрын нэрийг хэллээ.

- Чамд тэдэнтэй уулзах ямар хэрэг байгаа юм бэ?

- Эзэн маань тэдэнтэй ахин уулзахыг хүссэн юм.

- Ахин уулзах гэнэ ээ?

- Тийм ээ, эрхэм ээ.

- Тэр найз нараа дуудуулжээ. Үхэл ойртжээ гэж бодоод, “Эзэнтэй чинь хамт хэн нэгэн хүн байгаа юу?” гэв.

- Тэгэлгүй яах вэ. Жоан цаг үргэлж түүнтэй хамт байгаа гэж хэлээд настай эмэгтэй явж одлоо.

Эмч өрөөндөө орж чадах чинээгээрээ чимээ гаргахгүйг хичээн хувцаслаж байтал уй гашуу түүнийг нөмрөн авчээ. Хуучин нөхрөө алдаж байна гэхэд хангалттай уй биш байсан ч олон жил хол амьдарсан хүмүүсийн хувьд мэдрэгдэхүйц өвдөлт байв. Саяхан л тэр залуу явсан санагдана.

Эмч онгорхой бүхээгтэй тэргээр хаврын үдшийн зөөлөн атлаа хүчтэй салхийг зүсэн найзынхаа амьдардаг дүүрэг рүү хөдөллөө. Тэрбээр унтлагын өрөөний нээлттэй том цонх өөд харахад шөнийг бүүдгэр гэрлээрээ гийгүүлж байв.

Эмч шатаар өгсөн гарахад үйлчлэгч хаалга онгойлгож мэнд мэдээд зүүн гараа буулгаж гашуудлаа илэрхийлжээ.

- Юу болсон бэ? Би оройтчихсон уу? амьсгаагаа даран байж эмч асуув.

- Тийм ээ, эрхэм ээ, эзэнтэн маань арвантаван хормын өмнө өнгөрчихсөн хэмээн үйлчлэгч өгүүлэв.

Эмч гүнзгий санаа алдаад өрөө рүү орлоо. Туранхай, хөхөрсөн, ам нь хагас нээлттэй талийгаач тэнд хэвтэх бөгөөд цагаан бүтээлэг доороос гар нь цухуйжээ. Тарчигхан сахал нь хааш яаш болж, хэдхэн саарал туг үс цонхийж цайсан дух руу нь унжина. Ширээн дээрх даавуун бүрхүүлтэй цахилгаан чийдэн дэрэн дээр улаавтар сүүдэр татуулна. Эмч цогцсыг шинжлэв. “Гэрт маань тэр хамгийн сүүлд хэзээ ирлээ дээ?” гэж бодлоо. “Саналаа. Тэр шөнө цас орж байсан. Өнгөрсөн өвөл байсан байх”. Тэдний уулзалдах нь цөөрсөөр байсан билээ.

Морьд янцгаах ч чимээгүй зөвхөн туурайн дуу зам дээр гарав. Эмч талийгаачаас холдож, шөнийн салхинд хийсэх модны нарийн мөчрүүдийн завсраар алсыг харлаа. Үйлчлэгч эмч рүү дөхөн ирэхэд түүнээс энэ бүгд яаж болсон тухай лавлан асуужээ. Амьсгал нь боогдон бөөлжиж, гэнэтийн цохилтонд орсон тухай танил түүх ярив.

Тэгээд эзэнтэн нь орноос гулсан унаж, өрөөгөөр мөлхөн ажлын ширээ рүүгээ яарснаа буцаад ор руугаа гуйвжээ. Тэндээ тэр гийнаж, дараа нь хамгийн сүүлчийн удаа өндийх гэж оролдоод дэрэндээ шигдэн унасан аж.

Эмч толгой дохиод талийгаачийн духан дээр гараа тавив.

Сүйх тэрэг зогсов. Эмч цонх руу очлоо. Худалдаачныг гарч ирээд, байшин өөд лавласан байдалтай харахыг тэр олж харлаа. Эмч хаалга нээж өгсөн үйлчлэгчийн адил өөрийн мэдэлгүйгээр зүүн гараа буулгав. Худалдаачин үүнд үнэмшихийг хүсэхгүй байх шиг толгойгоо хаялахад эмч мөрөө хавчин цонхноос холдож, талийгаачаас алхмын зайтай байсан сандал дээр цөхрөн суужээ. Задгайлсан шар өнгийн цувтай худалдаачин орж ирээд хаалганы дэргэдэх жижиг ширээн дээр малгайгаа тавилаа.

- Ямар аймаар хэрэг вэ? Ийм зүйл яаж болсон байна вэ? гээд талийгаач руу эргэлзэнгүй ширтлээ.

Эмч түүнд мэдэж буй бүхнээ яриад, “Яг цагтаа ирсэн ч би юу ч хийж чадахгүй байх байсан” гэж нэмж өгүүлжээ.

- Жигтэй еэ, би түүнтэй хамгийн сүүлд долоо хоногийн өмнө театрт уулзсан. Дуусгаад л хамт оройн зоог барихыг хүсэж байлаа. Гэвч тэр нэгэн нууц уулзалттай байсан.

- Юу, одоог хүртэл үү? хэмээн эмч гунигтайяа инээмсэглэсээр асуув.

Дахин нэг тэрэг гадаа ирж зогслоо. Худалдаачин цонх руу очив. Зохиолчийг гарч ирэхийг харж буй байдлаараа харамсалт мэдээг дуулгахгүй гэсэндээ цонхноос холдлоо.

Эмч цүнхнээсээ тамхи гаргаж, ирээд мэгдсэн шинжтэй эргүүлж гарав. “Эмнэлэгт ажиллаж эхэлснээс хойш ийм зуршилтай болсон юм. Морфин тарьсан ч бай, үхэлтэй таарсан ч бай, шөнө дөлөөр өвчтөний өрөөнөөс гарахад, хамгийн эхэлж хийдэг зүйл маань тамхиа асаах” гэж тэрбээр уучлалт гуйн тайлбар тавив.

- Чи намайг хамгийн сүүлд хэзээ цогцос харсныг мэдэх үү? Арван дөрвөн жилийн өмнө. Эцэг маань авсанд орсноос хойш дахин хараагүй.

- Гэвч, эхнэр чинь?

- Би түүний эцсийн мөчүүдэд хамт байсан ч дараа нь хараагүй.

Зохиолч орж ирээд нөгөө хоёртойгоо гар барингаа ор руу шууд харлаа. Чингээд тэрбээр түүн рүү дөхөн очиж талийгаачийг хараад уруулаа ч хөдөлгөсөнгүй. “Тэр байжээ” хэмээн өөрөө өөртөө тэр хэллээ. Түүний толгойд сайн найзуудынхаа хэн нь хамгийн эхэлж сүүлчийн аялалдаа гарах бол гэсэн асуулт байдаг байв.

Гэрийн үйлчлэгч орж ирэв. Нүдэндээ нулимстай тэрбээр орон дээр тэрийн унаад, гараа мушгин мэгшин уйлав. Зохиолч түүний мөрөн дээр гараа зөөлөн тавиад тайтгаруулах гэж оролдоно.

Худалдаачин, эмч хоёр цонхны дэргэд зогсохуйд хаврын үдшийн чийглэг салхи магнай дээр нь наадаж байлаа.

- Энэ зүйл үнэхээр жигтэй байна. Эмчийн хувьд жигтэй байх ёсгүй ч. Харин чи... хэмээн эмч дүнсгэр инээмсэглэлтэй хэлээд худалдаачин руу харан, “Чи түүний ажил хэргийн зөвлөх байсан удаатай. Чамд сүүлд даатгасан хэрэгжүүлэхийг хүссэн хувийн заавар зөвлөгөө байсан байлгүй” гэв.

- Тийм байж болно оо хэмээн худалдаачин өгүүлэв.

Гэрийн үйлчлэгч өрөөнөөс гарлаа, хонгилд түүний өөр нэг үйлчлэгчтэй ярилцах нь ноёндод дуулдахаар чанга байв. Зохиолч орны хажууд үхдэлтэй үггүй ярилцсаар л байлаа.

- Миний бодлоор хэмээн худалдаачин эмчид шивнээд, “Тэр сүүлийн үед түүнтэй нэлээд уулзсан. Магадгүй тэр зарим асуултад сэжим оруулж мэдэх юм” хэмээв.

Зохиолч хөдөлгөөнгүй зогсоод үхдлийн аниатай нүд рүү нүдээ анивчихгүй ширтэх аж. Тэрбээр гараа ардаа үүрэн өргөн хүрээтэй малгайгаа барьжээ. Нөгөө хоёр тэвчээр алдахуйд, худалдаачин түүнд дөхөж очоод хоолойгоо засав.

- Гурван өдрийн өмнө... гээд зохиолч эргэн тойрноо харснаа, “Би түүнтэй хамт толгод, усан үзмийн талбайгаар хоёр цаг алхахаар гарсан юм. Түүний юу гэж ярьсныг мэдмээр байна уу? Рэмбрантын шинэхэн цомгийг Лондон дахь Уатсоноос хэвлэн гаргажээ. Тэр Швед рүү аялна гэсэн. Тэгээд Сантос Дюмоны талаар, агаарын онгоц, математик, шинжлэх ухааны баримтуудыг нягтласан тухайгаа ярьсан. Та хоёрт л гэж үнэнээ хэлэхэд эдгээрээс би юу ч ойлгоогүй. Тэр үхлийн тухай бодоогүй байсан биз. Нээрээ л энэ насан дээр хүмүүс үхлийн тухай бодохоо больдог доо.”

Эмч залгаа өрөө рүү явлаа. Тэрбээр тамхиа асаахаар явж буй нь гарцаагүй. Бичгийн ширээн дээрх цагаан үнстэй хүрэл сав түүнд сонин бас тайлбарлашгүй санагдав. Талийгаачийн бичгийн ширээндээ суухыг хүссэн явдал сонин байлаа. Тэдний нөхөрлөл төгсөхөд тун ойрхон байсан юм.

- Би амьдралдаа... хэмээн тэр бодож буйгаа ярьж эхэллээ, “Миний хувьд ямар ч боловсрол мэдлэггүйгээр нөхөрлөнө гэдэг бүтэшгүй зүйл билээ. Тэр чинээлэг биш байсан бол юу сонирхох байсан бол? Лав л утга зохиол руу хэлбийх байсан биз ээ. Тэр маш ухаалаг байсан” гээд тэр талийгаачийн хийж байсан хорлонтой зүйлсийг нэрлэж гарав. Ялангуяа дундын найз болох зохиолчийн ажлуудыг онцлов.

Зохиолч, худалдаачин хоёр түүн дээр ирлээ. Эмч гартаа одоо хүртэл асаагаагүй тамхиa бариад эзэнгүй бичгийн ширээнд сууж байхыг хараад дургуйцсэн дүртэй болж ирээд хаалга хаав.

Тэдний бие зэрэгцэн байх ч бодол санаа нь өөр ертөнцөд байлаа.

- Чамд ямар нэг санаа байна уу? хэмээн худалдаачин асуув.

- Юун тухай? хэмээн зохиолч юу ч бодолгүй асуучихав.

- Тэр яагаад зөвхөн биднийг дуудах болсон талаар?

Зохиолч ямар нэг онцгой шалтгаан хайх хэрэггүй гэж бодлоо.

- Бидний найз өөр дээр нь үхэл ирж гэдгийг мэдээд, хэдийгээр ганцаараа амьдрахыг хүсдэг ч гэлээ байгалийн жамаар, яг тэр мөчид найзуудаа харахыг хүссэн нь лавтай.

- Тэр амрагтай байсан хэмээн худалдаачин өгүүлэв.

- Амраг гэнэ ээ? гэж зохиолч хөмсгөө өргөн догдлонгуй давтан хэлэх үед, ажлын ширээний голын шургуулга хагас онгорхой байхыг эмч олж харлаа.

- Түүний гэрээслэл энд байгаа юм болов уу? хэмээн эмч асуулаа.

- Тэр чиний хэрэг биш гэж худалдаачин хэлээд, “Адаглаад л одоохондоо чиний хэрэг биш. Яадаг ч байлаа түүний эгч Лондонд амьдардаг” гэв.

Үйлчлэгч орж ирээд талийгаачийг оршуулах, оршуулгын үйлд оролцох зочдын урилга зэргийг хэрхэн зохицуулах тухай эелдгээр асуув. Гэрээслэл хуульчийнх нь мэдэлд байх ч эдгээр зохицуулалтын тухай ямар нэг заавар байгаа эсэхийг үйлчлэгч мэдэхийг хүсчээ. Зохиолчид энэ өрөө бүгчим, харанхуй санагдаж том, улаан, хөшгийг цонхны нэг тал руу нь нээгээд, цонх онгойлгоход хаврын бараан, хөх шөнийн сэвшээ салхин өрөөгөөр нэг цутгалаа.

Эзэн нь түүнийг яагаад дуудах болсон шалтгааныг эмч үйлчлэгчээс лавлан асуув. Учир нь, түүний л санахын энэ гэрт эмчээр уригдсанаас хойш олон жил өнгөрчээ. Үйлчлэгч энэхүү асуултыг хүлээж байсан нь тодорхой байлаа. Тэрбээр халааснаасаа хуудас цаас гаргаж ирээд, түүний эзэн долоон жилийн өмнө үхэх үед нь байлцах найз нарынхаа нэрсийг бичиж өгсөн гэв. Эзэнтэн нь өнгөрсөн ч тэр үүргийнхээ дагуу ноёдыг авчиржээ.

Эмч үйлчлэгчийн гараас цаасыг авуут түүн дээр таван нэр бичээстэй байхыг хараад, нөгөө хоёр хүний нэг нь хоёр жилийн өмнө өнгөрсөн бол нэгийг нь таньсангүй. Үйлчлэгч түүнийг үйлдвэрийн эзэн байсан хүн, эзэнтэн нь ес, эсвэл арван жилийн өмнө тэднийд зочилдог байсан гэлээ. Тэрбээр түүний гэрийн хаягийг мартаад, гээчихсэн гэв. Тэд бие биенээ сонирхсон харцаар харав. “Энэ юу гэсэн үг вэ? Тэрбээр сүүлчийн удаа юм хэлэхийг хүссэн гэж үү?” хэмээн худалдаачин асуулаа.

- Оршуулгын талаар хүсэлт байсан нь гарцаагүй гэж зохиолч үргэлжлүүлэн хэллээ.

Эмч ажлын ширээний хагас онгорхой шургуулга руу эргэхдээ ром үсгээр томоор бичсэн үгсийг санаандгүй харчихжээ. “Найзууддаа” гэсэн бичигтэй дугтуй өмнө нь хэвтэж байв.

- Хүүе ээ! хэмээн тэрбээр хашхирч дугтуйг авч дээш өргөн бусдадаа харуулаад “Үүнийг бидэнд хаяглажээ” гэлээ. Тэрбээр үйлчлэгч рүү хараад толгойгоо зангаад, өөр зүйлгүй гэдгээ илэрхийлэв.

Үйлчлэгч өрөөнөөс гарав.

- Бидэнд үү? хэмээн зохиолч нүдээ бүлтийлгэн асуужээ.

- Асуудалгүй. Үүнийг нээхэд бүх зүйл тодорхой болно хэмээн эмч хэлэв.

- Энэ бол бидний үүрэг гээд худалдаачин цуваа товчлов. Эмч шилэн савнаас цаасны хутга авч дугтуйг онгойлгоод, захиаг гаргаж тавиад нүдний шилээ зүүлээ.

Зохиолч түрхэн зуурын завшааныг тааруулан захиаг авч дэлгэв. “Бид бүгдэд бичжээ” хэмээн тэр тайвнаар өгүүлээд, ажлын ширээ рүү дөхөхөд, ширээний чийдэнгийн гэрэл цаасан дээр тусав. Түүнтэй ойрхон худалдаачин зогсож байлаа. Зохиолч суусаар байвай.

- Чи чанга уншихгүй юу хэмээн худалдаачныг хэлэхэд зохиолч сая л уншиж эхлэв.

- Найзууддаа гэж эхлээд инээмсэглэснээ, “Тийм ээ, энд яг ингэж бичиж” гээд хоолойнхоо гайхалтай өнгөөр үргэлжлүүлэн уншлаа. “Гучаад хормын өмнө би хамгийн сүүлийн удаа амьсгаа авлаа. Та бүхэн миний цогцсын өмнө цугларч энэхүү захидлыг уншихад бэлэн болжээ. Үхсэн хойно минь энэ захиа байсаар байгаа бол гэж хэлэх нь зүйтэй болов уу. Сэтгэл санаа минь дээрсэн бол...”

- Юу гэнэ вэ? хэмээн эмч асуулаа.

- Сэтгэл санаа дээрсэн хэмээн зохиолч давтан өгүүлэв, “Энэ захиа надад ч, та бүгдэд ч, сайн зүйл болохгүйгээс гадна бусдын чинь амьдралыг хорлохгүй ч таатай байхгүй л болов уу, тиймээс би үүнийг устгая гэж шийдсэн”.

- Бидний амьдралыг хорлох гэнэ ээ? хэмээн эмч шилээ арчингаа гайхсан өнгөөр давтан өгүүлэв.

- Түргэл! хэмээн худалдаачин сөөнгө хоолойгоор яаруулав.

- Та бүхний царайнаас үүний үр дүнг харж чадахгүй байж ямар чөтгөр нь намайг ширээнд суулгаад үүнийг бичүүлээд байна вэ гэж би өөрөөсөө асуусан. Одоо хийх гэж буй зүйл маань маш их сэтгэлийн ханамжтай бөгөөд хэнд ч хэрэггүй гайхалтай үйл юм гэж зохиолч цааш үргэлжлүүлэн уншиж гарав.

- Ха! хэмээн эмч өөрийнхөө ч хоолойг танихааргүй өнгөөр орилов. Энэ үйлдэлдээ зовж хяламхийснээ өмнөхөөсөө түргэн, мөн илүү бага сэтгэлийн хөдлөлтэйгээр цааш уншив. “Тийм ээ, энэ бол чөтгөрийн хошигнолоос өөр юу ч биш. Та бүхнийг зовоох шалтгаан ч надад үгүй. Миний байдал та бүгдэд таалагддаг шиг та бүгд ч надад таалагддаг. Та бүхнийг би голж байгаагүй, заримдаа шоглон хөхөрч байсан ч доромжилж байсан удаагүй билээ. Үнэхээр үгүй шүү. Та бүгд удахгүй тэдгээр зовлонтой дүр зургийг нэхэн санах болно. Гэвч яагаад энэ чөтгөрийн тоглоом юм бэ? Энэ ертөнцөд маш олон худал хуурмаг ардаа үлдээхгүй гэсэн хорьж боломгүй хүслээс минь үүдэн гарсан биз ээ. Хэрэвзээ би хүмүүний зовлон шаналлаас багаханыг ч болтугай мэддэгсэн бол энэ бүгдийг төсөөлж чадах байсан буй за.”

- Хурдхан төгсгөөд аль! хэмээн эмч зандрав. Худалдаачин хуруунууд нь чичрэн байсан зохиолчоос захидлыг авч уншиж эхлэв. “Энэ бол тавилан. Хүндэт найзууд минь, би үүнийг өөрчилж чадсангүй. Би та бүгдийн эхнэртэй болздог байлаа. Тийм ээ, бүгдийн чинь.”

Худалдаачин энэ хүртэл уншаад эхний хуудсыг эргүүлэн хараад “Захиаг есөн жилийн өмнө бичжээ” гэв.

“Цааш нь” хэмээн зохиолч хурдан хэлэв.

Худалдаачин үргэлжлүүллээ. “Мэдээж нөхцөл байдлаас хамаараад янз янз л даа. Тэдний нэгтэй хуримлан олон сар хамт амьдарсан. Хоёр дахийг маань маш галзуу аялал гэж хэлж болох юм. Харин гурав дахь маань хамтдаа үхэхийг хүссэн мансуурам амраглал байлаа. Дөрөв дэх маань намайг араар тавьсан учраас би түүнийг шатнаас түлхчихсэн. Сүүлчийн бүсгүйтэйгээ нэг л удаа учирсан даа. Найзууд минь, амьсгалаа авч чадсан уу? Тэгэхгүй байсан ч дээр дээ. Энэ л миний амьдралын хамгийн сайхан мөч байлаа...мөн түүнийх. Тэгэхээр найзууд минь, надад өөр хэлэх зүйл алга. Одоо би энэ захиагаа нугалаад шургуулгандаа хийлээ. Хошигнол маань өөрчлөгдөж устгах бодол орж иртэл, эсвэл бие минь цогцос болж, та бүгдийн гарт очих хүртэл захиа маань эндээ хэвтсээр байх болно. Баяртай.”

Эмч худалдаачны гараас захидлыг аваад эхнээс нь төгсгөл хүртэл анхааралтай уншаад, хоёр гараа элгэндээ авч зогсох худалдаачин өөд харвал, хариуд нь тэр тохуурхсан шинжтэй доош харлаа.

“Өнгөрсөн жил эхнэр чинь өнгөрсөн шүү дээ” хэмээн эмч тайван хэлээд, “Гэлээ ч энэ чинь худал гэсэн үг биш.” гэв.

Зохиолч өрөөгөөр нааш цааш холхин толгойгоо хаялж хэд хэдэн удаа хоёр тал руугаа татганан харж байснаа, зуусан шүдээ исгэрэн бодож байснаа ил гаргав.

“Ичгүүргүй амьтан” гээд тэрбээр урдаа байгаа зүйлээс агаарт таран замхарсан ямар нэг зүйлийг эрэх шиг ширтэв. Тэр нэгэн цагт гар дээрээ бөөцийлөн байсан эхнэр гэх залуухан амьтны дүр төрхийг ахин нэг санах гэж оролдов. Мартчихсан гэж бодож байсан, уулзаж учирдаг байсан өөр эмэгтэйчүүдийн дүр харагдахаас биш харахыг хүссэн нөгөө хүнээ нүднийхээ өмнө авчирч чадсангүй. Эхнэрийнх нь бие цогцос гандаж, сэтгэлийг нь татахаа больж, хайрт нь байхаа болиод уджээ. Гэвч тэр түүнээс өөр хэн нэгэн, илүү нэгний, амжилтаар дүүрэн, бахдалтай, хэрсүү найзынх нь хүн болсон байжээ. Талийгаач, нөхөртөө нууцаар атаархан эхнэрийг нь түүнээс холдуулах гэсэн өшөө өвөрлөж байсан ч байж болох юм гэж түүнд санагдав.

Гэвч бусад нь түүний хувьд юу байсан болж таарах вэ? Тэрбээр эртний болон саяхан болсон үйл явдлуудыг эргэцүүлэн санаж эхэллээ. Түүний утга зохиолын амьдралд иймэрхүү адал явдал хангалттай олон бөгөөд энэ үеэр эхнэр нь инээмсгэлэж, эсвэл уйлдаг байжээ.

Байсан бүхэн одоо хаа байна вэ? Өрөвдмөөр шалчийсан дэрэн дээр толгойгоо тавин хэвтэх үхдэлд эдгээр цаг бараг үгүй болсон шиг түүний эхнэр юу ч эргэцүүлэн бодолгүй, нэр төргүй эрийн гарт очсон шиг бүх зүйл цагийн аясаар урсан оджээ. Магадгүй энэхүү эцсийн гэрээслэл, гэрчлэл худлаар дүүрэн үхэл түүнийг юу ч биш болгох учир өөрийн мөнх бусын амьдралаа ашиглах гэсэн золгүй, сонирхолгүй эрийн сүүлчийн өшөө авалт биз ээ. Үгүй гэх газаргүй юм. Үнэн байсан ч сайн өшөө авалт байлаа гээд зүгээр л бүтэлтэй биш.

Эмч өмнөө байгаа цаас руу гөлрөн одоо гэртээ унтаж буй, нас ахиж яваа сэтгэл сайтай, зөөлөн эхнэрээ санав. Мөн гурван хүүхдээ ч бодов. Тэдний том нь цэргийн алба хаагаад нэг жил болж байна, өндөр биетэй охин нь хуульчтай сүй тавьсан, хамгийн бага нь намбалаг, дур булаам бөгөөд ойрын үед нэгэн алдартай уран бүтээлчтэй үдэшлэг дээр уулзаж, өнөөх нь түүнийг зурахыг хүсчээ. Тэр тухлаг гэрээ, бас талийгаачийн захидалдаа өгүүлсэн бүх зүйлсийг бодоход тийм ч худал санагдахгүй агаад хачин нь энэ бүгд түүнд тийм ч чухал байсангүй. Энэ мөчид тэр ямар нэг шинэ зүйл мэдэж авсан мэт санагдсангүй. Түүний оршихуйн сонин үе толгойд нь орж ирэв. Арвандөрөв эсвэл арвантаван жилийн өмнө тэр ажил дээрээ асуудалтай тулгарч, галзуурахаа шахан гэр бүлийн хамт хотоос зугтахаар зэхэж байв. Яг энэ үед хожим нь нэгэн эрээс болж амиа хорлосон сүртэй эмэгтэйн ухаан, жолоогүй амьдралд орж билээ. Гэвч түүний амьдрал хэрхэн голдиролдоо эргэн орсныг тэр өчүүхэн ч санахгүй байв. Магадгүй өвчин шигээ ирээд буцсан тэр л таагүй үед эхнэр нь түүнийг хуурсан биз ээ. Тийм ээ, ийм л зүйл болсондог оо. Тэр үүнийг үргэлж мэдэж байсан лугаа тодорхой байв. Нэг ч удаа тэр үүнийгээ хүлээх гэж оролдоогүй гэж үү? Тэр түүнд сэжим ч цухуйлгаагүй гэж үү? Арвангурав эсвэл арвандөрвөн жилийн турш....

Ийм зүйл хэзээ болж орхив...? Нэгэн амралтын аяллын сүүлчээр зочид буудлын дэнж дээр үдшийг өнгөрүүлж байхад уу? Тэрбээр зөвхөн үгүй болсон бүгдийг ахин санахыг хичээжээ.

Худалдаачин цонхны дэргэд зогсоод зөөлөн, дүнсгэр шөнийг ажив. Тэрбээр нас барсан эхнэрээ санахыг оролдож байлаа. Ухаан бодлынхоо гүнээс хайж, хамгийн эхлээд саарал өглөөний гэрэлд үүдний дэргэд хар хувцастай өөрийгөө зогсохыг харав. Тэрхүү цэцэгс болон карболын хүчил үнэртүүлсэн, өрөвдөм гар барилтыг хүлээн авч, мөн эргүүлж өгч байлаа. Аажимдаа түүний хорвоог орхисон эхнэрийн төрх түүнд ирлээ. Эхлээд түүний төсөөлөлд гэрийнх нь зургийн өрөөн дахь төгөлдөр хуур дээр өлгөсөн алтан шар жаазтай том хөрөг үзэгдэв. Энэ нь үдэшлэгийн даашинзтай гучаад насны ихэмсэг төрхтэй эмэгтэйнх аж. Дараа нь эмэгтэй хориод жилээр залуужин, цонхигор айдастай охин болон үзэгдээд түүний гэрлэх саналыг зөвшөөрч байна. Тэгснээ нүд нь театрын тааз руу ширтэх авч сэтгэл дотор руугаа өнгийсөн сүр жавхлантай эмэгтэй хажууд нь суух дүр зураг өмнө нь бий боллоо. Тэрбээр урт аяллаас ирнэ хэмээн найдаж хүлээгээгүй ч дулаанаар угтсан эмэгтэйг санав. Бодол нь ахин дахин ганхан эргэлдэж, чөтгөрийн гэмээр ёжлол, ааштай өдрүүдэд нь шаналсан дүнсгэр ногоовтор нүдтэй, байдгаараа сандарсан, нулимстай нэгнийг харав. Дараагийн үзэгдэл түгшсэн, халамжтай эх хүн байлаа. Тэрбээр үхэхээс наагуур байгаа өвчтэй хүүхдээ орных нь дэргэд сахиж суусаар үүр цайлгана. Хамгийн сүүлд нь өрөөнд хэвтэх цонхийн гулдайсан эмэгтэйг олж харав. Уруул нь эрмэгтээ унжиж, духнаас нь хүйтэн хөлс чийхрах бөгөөд дотроосоо чичигнэнэ. Энэ бүх дүр зураг мөн өөр бусад хэдэн зураглал бодолд нь гайхалтай хурдтай жирэлзэн өнгөрөхүйд, энэ бүгд хоёр жилийн өмнө гашуудаж, дараа нь эрх чөлөөтэй болсноо мэдрэн оршуулсан тэр л ганцхан хүн болохыг мэдэж байв. Эдгээр зургаас тэрбээр нэгийг сонгох хэрэгтэй мэт санагдавч энэ л үед уур хилэн, ичгүүрээр дүүрсэн байсан тул нэгийг олоход хэцүү байлаа. Тэрбээр сарны мяралзсан, бүдэгхэн улбар шар гэрэлд цэцэрлэгийн доторхийг ажин эргэлзсэн янзтай гөлрөн зогсох нь цайвар өнгийн хана шиг харагдана.

- Сайхан амраарай хэмээн эмч хэлээд босов.

Худалдаачин түүн рүү эргэн хараад, “Надад ч мөн энд хийгээд байх өөр зүйл алга даа” гэв.

Зохиолч захидлыг авч хүрэмнийхээ халаас руу чихээд, хаалга онгойлгон залгаа өрөө рүү орлоо. Тэрбээр талийгаачийн ор руу удаан алхан очоод цогцос руу чимээгүй өнгийхөд бусад нь түүнийг ажиглаж байв. Тэрбээр гараа ардаа авчээ. Түүнээс тэд нүд салгав.

Үүдний өрөөнд худалдаачин үйлчлэгчид хандан, “Оршуулгатай холбоотой заавар хуульчид байгаа, гэрээслэлд багтсан байж магадгүй” гэхэд эмч, “Лондон руу эзнийхээ эгчид цахилгаан явуулахаа битгий мартаарай” гэв.

- Мартахгүй ээ, ноёнтоон! хэмээн үйлчлэгч хариулаад хаалга нээлээ.

Зохиолч үүдэн дээр бусдыгаа гүйцэж очоод “Би хоёуланг чинь хүргээд өгч болно шүү” гэжээ. Түүний тэрэг гадаа хүлээж байв.

- Үгүй ээ, баярлалаа. Би алхана хэмээн худалдаачин хариулав.

Тэр хоёулантай нь гар бариад хот руу чиглэсэн зам руу алхахдаа шөнийн зөөлөн агаарыг нүүрээрээ мэдэрсэнд баярлаж байв.

Зохиолч эмчтэй хамт тэргэнд суув. Цэцэрлэгт шувууд жиргэх авай. Тэрэг худалдаачныг өнгөрч явтал, гурван эр нүүрэндээ яг ижил төрх гаргаж, ихэд егөөтэй ёсорхог маягтай малгайгаа аван ёслов. “Бид таны дараагийн жүжгийг удахгүй үзэх үү?” хэмээн эмч аядуу тайван өнгөөр зохиолчоос асуулаа.

Зохиолч сүүлчийн жүжгийнхээ найруулгад учирсан бэрхшээлийнхээ тухай, айдсынхаа тухай ярьж гарав. Эмч сонсолгүй зүгээр л толгой дохино. Эсвэл зохиолч амандаа орсон хэдэн үгсээ ч хэлж байсан байж мэднэ.

Хоёр эр эмчийн гэрт ирээд тэрэгнээс буужээ.

Эмч хонх дуугаргав. Тэд чимээгүй зогссоор. Үйлчлэгчийн хөлийн чимээ гарахад зохиолч, “Сайхан амраарай, эмч минь” хэмээгээд, “Үүнийг би эхнэртээ цухуйлгахгүй ээ” гэжээ.

Эмч түүн рүү хяламхийн хараад, сэтгэл татам инээмсэглэлд нь хариу инээмсэглэжээ.

Хаалга онгойв. Тэд гар гараа барилцсаны дараа эмч үүдээр орон алга болов. Зохиолч буцав.

Тэрбээр цээжнийхээ энгэрт нэг л зүйл мэдрэв. Тийм ээ, захидал тэнд байсан. Эхнэр нь түүний бичиг цаасан дундаас захидлыг олох болно. Эхнэрээ өөрийнхөө оршуулган дээр “Өө, чи ямар ихэмсэг...ямар гайхалтай гээч!” хэмээн шивнэж буйг төсөөллийн хүчээр мэдрэх шиг болжээ.

АРТУР ШНИЦЛЕР (1862-1931)

Эх сурвалж www.wikimon.mn

Орчуулсан Д.Золбоо