Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргалтай ярилцлаа.


-Амралт зугаалгын үе үргэлжилж байна. Орон нутгийн замын нөхцөл байдал ямар байна вэ?

-Зуны улиралд амралт зугаалга, хөдөө орон нутгийг чиглэсэн хөдөлгөөнтэй холбогдуулаад орон нутгийн замд гарах осол хэргийн тоо өсдөг. Энэ жил өмнөх жилүүдийг бодвол осол хэргийн тоо буурсан үзүүлэлттэй байгаа ч хүний амь нас хохирсон ноцтой хэрэг гарсаар байна. Өчигдөр л гэхэд Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Тоёото Рав 4” маркийн авто машин осолдож найман сартай охин нас барсан хэрэг бүртгэгдлээ. Бид орон нутгийн замд гарч байгаа осол хэргийг өнгөөр нь авч үзвэл онхолдох хэлбэр зонхилж байна. Онхолдохын цаад талд хурд хэтрүүлэх, аюул саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зогсоох арга хэмжээ авч чадахгүй, шөнө оройн цагаар гэрлийн гялбаанд орох, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцох зөрчлүүд байгаа юм. Мөн хэт удаан жолоо барьж ядарсан үедээ замын хөдөлгөөнд оролцох нь зүүрмэглэж зам тээврийн ноцтой осол хийх эрсдэл дагуулдаг. Ядарсан, нойр хүрсэн тохиолдолд зам чөлөөлж амарч байгаад явах шаардлагатай.

-Жолооч нар аюул саад тулгарсан үед хурдаа хасч зогсоох арга хэмжээ авч чадахгүй байгаа нь ослын нэг шалтгаан болж байгаа талаар яриандаа дурдлаа. Жолооч нарын ур чадварт асуудал байна уу?

-Жолооч замын хөдөлгөөнд оролцож явахад гэнэтийн саад тулгарсан тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг л хасах ёстой.

Ингэснээр өөрт болон бусдад аюул учрах эрсдлээс хамгаалах боломжтой. Манайхан морь мал урдуур гүйх, гэрлийн гялбаанд орох зэрэгт тойрч гарахаар жолооны хүрдээ эргүүлж байгаа нь замын хажуу руу унах зэрэг ноцтой осол хэргүүд рүү оруулж байгаа юм. Гэнэтийн саад тулгарахад жолооны хүрд мушгихаас өмнө таны хөл тоормосон дээр очих ёстой. Хурд тодорхой хэмжээгээр саарсны дараа хажуу тийш нь дарах гэх зэрэг үйлдлээ хийж болно шүү дээ.

-Зам тээврийн айхавтар осол хэргийн мэдээ, мэдээлэл өдөр бүр л дуулдах юм. ТЦа-наас аян хүртэл өрнүүлж байна. Манайхан анхааруулаад байхад л осолдоод байна. Хэнэггүй байна уу?

-Ноцтой хэргүүд ар араасаа гарч байна. Онцлоод хэлэхэд мотоциклтой осолдож нас барж байгаа хэргүүд хөдөө сумын төвд бараг өдөр бүр л шахуу гарч байна. Манайхан чинь малаа мотоциклоор хариулдаг болсон шүү дээ. Батлагдаагүй зам тээвэр буюу шороон зам дээр бүрэн бус мотоциклтой хурд хэтрүүлж яваад осолдож амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа юм. Орон нутгийн замд л гэхэд мотоциклоос унаж хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэд олон бий. Тэр бүр цагдаагийн байгууллагад бүртгүүлдэггүй. Хөл гараа хугалах бол энүүхэнд. Өнгөрсөн онд л гэхэд 138 хүн мотоциклтой зорчиж яваад амь насаа алдсан тоон судалгаа бий. Үүний 97 нь орон нутгийн замд ямар нэгэн бүртгэл судалгаагүй мотоциклтой зорчиж яваад амь насаа алдсан байгаа юм. Монголчлоод зассан бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй уул, хадаар хүртэл явж малаа хариулна. Ингэж яваад л осолдож амь насаа алдана. Энэ асуудал дээр бодлогоор анхаарч цэгцлэхгүй бол малчдын амь насанд мотоцикл тодорхой хэмжээгээр заналхийлж байна. Малчид морио унаад малаа хариулах нь эрсдэлээс өөрийгөө хамгаалж байгаа хэрэг.

-Ар араасаа ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдэж байгаа нь жолооч нарын сэтгэхүйтэй холбоотой юу. Нэгнийхээ дор орохгүй гэх сэтгэхүйгээр замын хөдөлгөөнд орж байгаа харагддаг?

-Хөдөлгөөний эрчимтэй үед уралдах хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байна. Хурд ямар эрсдэл дагуулдгийг ухамсарлахаа больчихсон байгаа юм. Орон нутгийн замд гүйцэж түрүүлж сүлжиж давхиж байгаагаас л осол хэргийн олонх нь үйлдэгдэж байгаа шүү дээ. Ялангуяа гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэж байгаа их эрсдэл дагуулдаг. Нэг машин гүйцээд ирэхээр нь “Энэ яахаараа миний урд гардаг юм” гээд дагаад хурдаа нэмдэг муухай сэтгэхгүй манайхны тархинаас арилахгүй байна. Зам тээврийн осол хэрэг гэдэг бол санамсар болгоомжгүйгээс үйлдэгддэгээрээ бусад хэргээс ялгаатай. Жилдээ 500-600 хүн нас бараад, 1200-1300 нь насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болж үлдэж байгаа чинь ерөөсөө анхаарал болгоомжгүй үйлдэгдэж байгаа хэргүүдтэй шууд холбоотой.

-Ханбогдод машин осолдож найман сартай охин амь насаа алдсан талаар та яриандаа дурдсан. Манайхан хүүхэд тээвэрлэх тал дээр ойлголт дутмаг байна уу. Бага насны хүүхдүүд орон нутгийн замд цонхоороо толгойгоо гаргаад л зорчих юм?

-Тийм. Хүүхэд тээвэрлэх тал дээр ямар ч ойлголтгүй байна. Өнгөрсөн жил 47 хүүхэд зам тээврийн ослоор нас барсан. Үүний 90 орчим хувьд нь орон нутгийн замд эцэг эхтэйгээ зорчиж яваад осолдсон байгаа юм. Орон нутгийн замд зорчихдоо эцэг эхчүүд бага насны хүүхдийг өвөр дээрээ авч явдаг. Хөдөлгөөнд оролцож явахад гэнэтийн аюул саад тулгарахад таны өвөр дээрх жаахан хүүхэд тань жийргэвч болж байгаа юм. Хөнгөхөн ослын үед л урд салхины шил очоод мөргөнө шүү дээ. Та хамгийн хайртай хүмүүсээ өвөр дээрээ асарч хамгаалаад явж байна гэж ойлгодог. Энэ бол эсрэгээрээ. Хамгийн хайртай хүмүүсээрээ жийргэвч хийж амь насыг хохироож байна гэсэн үг. Бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэх ёстой. 10 хүртэлх насны хүүхдийг зориулалтын суудалд бүс тохируулагчтайгаар тээвэрлэх хэрэгтэй. Зориулалтын суудалд тээвэрлээгүй тохиолдолд Тээврийн цагдаагийн албанаас арга хэмжээг цаг тухай бүрт нь авч байгаа. Бүх постон дээр энэ төрлийн хяналтыг тавьж ажиллаж байна.

-ТЦа-наас 21 аймагт хурд хэмжигч байршуулсан гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-ТЦА-наас 21 аймгийг нэг км-ийн зайнаас тээврийн хэрэгслийн хурдыг бүрэн тодорхойлох чадамжтай хурд хэмжигчээр хангасан. Орон нутгийн замд 88-120 км хүртэл хурд хийхэд таны гэрийн хаягаар торгуулийн хуудас очих болно. 120-иос дээш км цаг хурдалбал тухайн газар цагдаа зогсоож эрх хасах арга хэмжээ авч ажиллаж байна. Иргэд орон нутгийн замд зорчихдоо энд цагдаа алга гэсэн сэтгэхүйгээр ханддаг цаг ард хоцорсон. Цагдаа байхгүй ч хурд хэмжигч ажиллаж таны гэрийн хаягаар торгуулийн хуудас очно шүү гэдгийг дахин анхааруулъя.

-Хөдөө гарч байгаа жолооч бүхэн л авто машинаа өндөрлүүлнэ гэж ярих болж. Энэ нь осол хэрэг гарах шалтгаан болж байна гэх юм. Энэ талаар жолооч нарт зөвлөхгүй юу?

-Үйлдвэрийн стандартыг нь эвдэж өндөрлөх нь осол хэрэг гарахад нөлөөлж байгаа. Өндөрлөсөн тээврийн хэрэгслээр орон нутгийн замд зорчиж явахдаа хурдаа зөв тохируулах нь чухал. Эргэлтэн дээр өндөрлөсөн, болон үйлдвэрийн стандартаараа яваа тээврийн хэрэгслийн ялгаа гардаг. Үүнийг ухамсарлаж орон нутгийн замд хурдаа зөв тохируулах хэрэгтэй байна. Ер нь тэгээд 80 км цагийн хурдтай явахад осол хэрэгт өртөх магадлал эрс буурна гэж ойлгож болно.

-Гол төлөв ямар насны жолооч нар зам тээврийн осол хэрэгт өртөж байна вэ?

-Сүүлийн нэг сарын хугацаанд үйлдэгдсэн осол хэргээс шүүхэд 20-30 насны залуус өртөж байна. Амралт зугаалгаар явахдаа анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.