Бараг л дан ганц МАН-аас бүрдсэн УИХ, дээрээс нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна.

Хэд хэдэн УИХ-ын ийм санаархлаас бултуулж, Үндсэн хуульд гар хүргэлгүй ирсэн Д.Лүндээжанцан гишүүн ч энэ удаад дагахаас аргагүйд хүрсэн байгаа юм. Нам л бол нам аж.

Харин энэ УИХ-ын гишүүдэд Үндсэн хуулийг өөрчлөх чадамж бий эсэх нь тун эргэлзээтэй байгаа. Ёс зүйн чадамж бол байхгүй гэдэг нь тодорхой юм. ЖДҮ, 60 тэрбум, өөр бусад ноцтой хэргүүдэд олон гишүүн холбогдсон. Авлигын хэрэгт холбоотой гишүүд ч өдөр тутам нэмэгдээд байх төлөвтэй.

Гэхдээ энэ байдлыг хаана хаанаа үл тоон Үндсэн хууль руу дайрлаа.

 

Гэвч УИХ өөрөө ямар ч бэлтгэлгүй байгаа нь хэлэлцүүлэг нарийсах тусам ил болж байна. “…Ерөнхийлөгчийн төсөлтэй холилдчихсон учир бид юу ч ойлгохоо болилоо” гэж хэд хэдэн гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр ярьсан. Гэтэл “…Ерөнхийлөгчийн төслийн 80 орчим хувь нь орсонгүй” гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдэгдээд байна. Уг нь өдийд миний чиний төсөл, ойлгох ойлгохгүйн тухай яриа байх учиргүй.

 

Энэ бүхэнд учир мэдэх хүмүүс, мэргэжлийн хуульчдын хийж байгаа тайлбар харин үнэний ортой бололтой. Тэд “…УИХ-ын гишүүдэд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах мэргэжил, туршлагын нөөц байхгүй. Нэгэнт мэдэхгүй болохоор иймэрхүү самуун явдал үүсэх нь лавтай” гэж буй юм. Чаддаг, мэддэг бол Үндсэн хуулийг өөрчилнө гэдэг төрийн түшээ болсон хүний хувьд нэр төрийн хэрэг.

Ядахад яр гэгчээр УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы ирцээ бүрдүүлэх гэж үйлээ үзэж байна. Хэдэн гишүүн нь айл айлаас цуглуулсан мал шиг тарж гүйгээд Г.Занданшатар даргад олдохгүй хэд хонолоо. Үндсэн хуулийг хэлэлцэж байгаа УИХ шүү дээ.

2019 оны наймдугаар сарын 30-ны баасан гаригийн хуралдаанд хэд хэдэн гишүүн ирсэнгүй.

 

Аргаа барсан УИХ-ын дарга Г.Занданшатарт ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нэмэр болж, хэдэн үг хэлэв. Ц.Нямдорж сайд сурсан зангаараа ирээгүй гишүүдийг элдвээр нь дуудаж өгөв. Дараа нь таарч, нүүрийг нь хараад юу гэхийг мэдэхгүй ч эзгүйд нь бол Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, О.Содбилэг нарыг болгож тавилаа.

Асуудлын гол нь энэ биш юм. Баасан гаригийн хурал таслаад хэд хэдэн гишүүн алга болсон нь үнэн юм байна.

Чингэлтэйн Засаг дарга байсан, эрхэм гишүүн Д.Ганболд онгоцонд суугаад гадагшаа ниссэн байна.

 

Харин УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нар өмнөх өдөр нь буюу 2019 оны наймдугаар сарын 29-нд нисдэг тэрэг хөлөглөөд Хөвсгөлийг зорьсон байна. Тэд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутагт байдаг МАК-ийн жуулчны баазад очжээ. Тийшээ явахаар нисдэг тэрэгний захиалгаа ч нэлээд өмнө нь өгчихсөн байжээ. Тэрхүү захиалгын дагуу бол Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нар өнөөдөр Улаанбаатарт ирэх юм байна.

 

Ийн МАН давамгайлсан УИХ-ын Үндсэн хуулийг өөрчлөх ажил адал явдал ихтэй өрнөж байна. Эцсийн бүлэгт гишүүд нь кнопоо юун дээр дарж, УИХ-ын дарга нь алхаа юуны төлөө тогшихыг тэнгэр мэдэх биз ээ.

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин