60 тэрбумын  бичлэгээсээ болж өнгөрсөн сонгуулиас хойш өнөөдрийг хүртэл цагдаа шүүхийн байгууллагаар явж байгаа хүмүүсийн нэг бол НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй юм. Түүнийг 2019.09.26-ны өдрийн 09:00 цагт А.Ганбаатарын хамт шүүх бөгөөд уг шүүх хурал нь гэм буруугийн биш урьдчилсан хэлэлцүүлэг юм.

Ц.Сандуй, А.Ганбаатар нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  82.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа.

Тус зүйл ангид   82 дугаар зүйл.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах

82.1.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан бол арван зургаагаас хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Харин төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулахад оролцсон боловч гэмт үйлдэл эхлэхээс өмнө энэ тухай төрийн зохих байгууллага, албан тушаалтанд сайн дураараа мэдэгдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж тус зүйлийн тайлбарт заасан байна.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод буй уг урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах, эсвэл гэм буруугийн шүүх хурлыг товлох юм.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.