Долоо хоног бүрийн пүрэв гариг болдог сэтгүүлчидтэй уулзаж, тэдний асуултад хариулдаг “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт өнөөдөр түүний өрөөнд болж өндөрлөлөө.

Тэрбээр "Өнгөрөгч хоёр, гуравдугаар сард экспортыг дэмжих, импортыг орлох төслүүд дээр долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт ажилласан. Ирэх долоо хоногоос эдгээр төслүүдтэй салбар салбараар нь тусгайлан танилцана. 888 төслөө арилжааны банкуудад санал болгосон, төслөө өгсөн аж ахуйн нэгж компаниуд харилцдаг банкууддаа хандаарай. Арилжааны банк зөвшөөрвөл Хөгжлийн банкинд хандаж хөрөнгө гаргана. Монголын эдийн засгийн форум 5 дахь жилдээ болсон. Өнгөрсөн жил Монгол брэнд гэж чухам юу байж болох талаар голчлон ярьсан бол энэ чуулганаар яг юуг бүтээх вэ гэдэгт илүү төвлөрч хэлэлцлээ.

Чингис бондоос зээл авсан олон компаниуд үйлдвэрлэлээ өргөтгөсөн, оёдол нэхмэлийн компаниуд зээл авч үйлдвэрээ нэмэгдүүлсэн гэхчлэн өнгөрсөн жилийн форумын эхний үр дүнгүүд гарч эхэлсэн. Эдийн засгийн форумаар хэлэлцсэн сэдэв болгон зорилготой, дэмжлэгтэй ажлууд юм. “Монголын эдийн засгийн форум” төрийн бус байгууллагынхан энэ жилээс шинэ жишиг тогтоож, шинэлэг хэлбэрээр чуулганаа зохион байгуулсан. Манайх барилгын материалынхаа ихэнх хувийг гаднаас авч байна. Ойрын хугацаанд, тухайлбал, 2015 онд гурван том үйлдвэр ашиглалтад орно. Хөтөлийн цементийн үйлдвэрт ч Чингис бондоос дэмжлэг үзүүлсэн. 300 гаруй мянган тн цемент үйлдвэрлэдэг байсан бол энэ жилээс бүрэн хүчин чадлаараа ажиллаж 1 сая тн цемент үйлдвэрлэх боломжтой болох юм. Дорноговь аймагт гурван үйлдвэр ашиглалтад орно, 2015 онд манай улс дотоодынхоо цементийн хэрэгцээг бүрэн хангадаг болно.  Үндэсний мэргэжилтэй ажилчин бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд дөрөвдүгээр сард олон ажил зохион байгуулна" гэлээ.

Мөн утааны асуудлаарх хурал манай өрөөнд долоо хоногт хоёр удаа болж байгаа. Урин дулааны цаг ирж буй ч шийдэл хайж, туршилт хийж байгаа. Баянхонгор аймгийн 2 жишиг сумыг энэ амралтын өдрүүдэд хүлээж авна. Засгийн газрын хоёр сайд оролцоно. Энэ бол Шинэчлэлийн Засгийн газрын хөдөө орон нутаг руу чиглэсэн хөрөнгө оруулалт юм.  2013 оны төсвийн багцын 50 тэрбум төгрөгийн 25 тэрбум нь 11 аймагт оношилгооны төв байгуулахад зарцуулагдсан. Ирэх даваа гаригт оношилгооны төвүүдээ нээж, ашиглалтад оруулна. Энэ нь Улаанбаатар руу ирэх иргэдийн урсгалыг багасгана.

Өнгөрсөн жил дөрвөн аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбоход Чингис бондоос санхүүжүүлсэн. Энэ жил 6 аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох бөгөөд Чингис бондоос хөрөнгө гаргана. “Буянт-Ухаа” хорооллыг барихад Чингис бондоос зарцуулсан, аймгийн төвүүдэд барих 1000 айлын орон сууцанд тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулна. Нүүрсний экспортоо нэмэгдүүлэх талаар байнга ярьж байгаа. Өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад 100 мянган тн-оор илүү нүүрс гаргасан" хэмээсэн юм.

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулалаа.

-“Эрдэнэс таван толгой” компанийн олборлолтын явц ямар байгаа вэ?

 

-Бид хоёр дахь өдрийн өглөө нүүрсээ ярьж байгаа. Нүүрсээ ярихдаа зөвхөн “Таван толгой”-г ярихгүй. Дандаа хувийн компаниуд гаргаж байгаа шүү дээ. Тэд нарт тулгарч байгаа асуудал юу байна, Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ яагаад буугаад байна, бид яаж зардлаа хэмнэж болох вэ гэдгийг ярьж байгаа. Нүүрсний үнэ буурсантай холбоотой бэрхшээл гарч байгаа нь үнэн. Гэхдээ “Таван толгой”-н хувьд нүүрсний олборлолт хэвийн явж байгаа.

-Монгол Улсын “Чалко”-д төлөх өр хэр хэмжээтэй үлдсэн байгаа вэ?

-“Чалко”-д төлөх өрнөөс хоёр сая тонн нүүрс үлдсэн. Хоёр сая тонн нүүрсийг гаргаад тавьчихсан. Зөөж л байгаа. Энэ эрчээрээ зөөгөөд байвал 5,6 дугаар сар гээд “Чалко”-гийн өрийг төлөөд дуусна.

-“Баруун цанх”-д олборлолт хийж байгаа туслан гүйцэтгэгч 10 гаруй компанийн төлбөрийг “Эрдэнэс таван толгой” компани өгөөгүй гэсэн. Үүнийг Засгийн газар мэднэ гэсэн тайлбарыг өгөөд байгаа гэх мэдээлэл байна?

-“Эрдэнэс таван толгой” ямар компаниудад өртэй юм гэдгийг би мэдэхгүй байна. Тиймэрхүү аж ахуйн хоорондын тооцоо байгаа байх. Дээр нь нүүрсээ гаргаад аж ахуйдаа мөнгө өгөх ёстой. Гэтэл нүүрсний үнийн уналттай холбоотой төлбөр тооцоо саатаж байгаа юм ч байгаа байх.

-“Эрдэнэс MGL” корпораци болно гэсэн мэдээлэл байна?

-“Эрдэнэс Оюутолгой”, “Эрдэнэс таван толгой”, “Багануур”, “Шивээ-Овоо”, “Эрдэнэт компаниуд бүгд нийлээд “Эрдэнэс MGL” компанийг бүрдүүлж байгаа юм. Түүнээс биш корпораци болох асуудал байхгүй.

-Эдийн Засгийн хөгжлийн сайд “Монголын эдийн засгийн форум”-д яагаад оролцсонгүй вэ?

-Энэ чинь Засгийн газрын арга хэмжээ биш. Манай төрийн бус байгууллагын зохион байгуулж байгаа арга хэмжээ. Тэд нар хэнийг, яаж оролцуулахаа шийддэг ажил. Ер нь эдийн засгийн форумд Засгийн газар очиж баахан ажил ярьдаг газар биш. Өөрсдийгөө сурталчилдаг үйл ажиллагаа биш юм. Манай бизнесийнхэн ирж хөгжил, хөгжлийн гарцаа хэлдэг талбар.

-“Оюутолгой”-н далд уурхайн санхүүжилт яагаад хойшлогдоод байна. Далд уурхай хэзээ ашиглагдаж эхлэх вэ?

-Нэгдүгээрт манай Засгийн газар байгуулагдсан цагаас эхлээд “Оюутолгой”-н бүтээн байгуулалтыг үргэлжлүүлье гэдэг байр суурьтай байгаа. Дэлхийн эдийн засгийн байдал сайн биш байгаатай холбогдуулаад магадгүй манай хамтрагч түнш хөрөнгө оруулахад төдийлөн яарахгүй байгаа. Түүнээс биш Монгол Улсын Засгийн газраас болоод саатаж байгаа зүйл байхгүй.

Х.Даваа