Ус бол амьдралын эх булаг. Дэлхийн эрсдлийн үнэлгээ (Global Risk Report)-нд дурдсанаар усны асуудал нь дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй таван онцлох асуудлын нэгэнд зүй ёсоор багтдаг. Тиймээс амьдралыг тэтгэгч ариун цэнгэг усаа хайрлаж, хамгаалах нь иргэн хүний ухамсар, хариуцлага юм. Нийслэлчүүд бид усандаа хайр найргүй хандвал цэвэр усны эхгүй, цэвэр усны нөөцгүй болох  аюул хаяанд ирснийг анхааруулсаар байдаг. Иймд бид “Онцлох ярилцлага”  буландаа  “Чадварлаг хүний нөөц, байгальд ээлтэй дэвшилтэт техник технологиор ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж, хөгжилд тэмүүлсэн манлайлагч байгууллага болох” уриатай УСУГ-ын Мэдээллийн технологи, автоматжуулалтын нэгжийн менежер Б.Амгаланг урьсан юм.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе.Таны бахархаж явдаг зүйлээс ярилцлагаа эхэлье?

-Маш олон зүйлээр бахархдаг. Би саяхан АНУ-д мэргэжил дээшлүүлээд ирсэн. Мэдээж сурч боловсрох орчин нөхцлөөс авахуулаад бүх зүйл сайхан байсан хэрнээ цаанаа л нэг зүйл үгүйлэгдээд байх шиг санагдсан. Гадаадын улс оронд олон жил ажиллаж амьдарч байгаа, багахан хугацаанд зорчоод ирсэн хэнбугай ч хамгийн түрүүнд “Эх орноо саналаа” гэдэг шүү дээ.Үнэхээр санахгүй, санагдахгүй байхын аргагүй тийм л элэг зүрхнээс уяатай нутаг. Тиймээс  сайхан эх оронд төрж өссөнөөрөө бахархдаг. Гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэж, амьдралын минь хамгийн том түшиг тулгуур  болж, одоо ч гэсэн алтан сургаалиа зааж сургаж зөвлөж байдаг амин хайртай ээжээрээ бахархдаг. Анхны багш, мэргэжлийн багш нар, зөвлөхүүд,ахан дүүс, ажлын хамт олон гээд олон сайхан хүмүүсийн дунд ажиллаж байгаагаараа бахархдаг даа.

-“ХҮН ЧАНАР” гэдгийг хэрхэн тодорхойлох вэ?

-“ХҮН ЧАНАР” гэдэг үг сонсоход богинохон хэрнээ  ард нь асар том гүн ухаан  оршдог гэж  боддог. Сошиалд хэрэгтэй хэрэггүй мэдээлэл дүүрэн байна л гэдэг. Гэхдээ энэ сүлжээг ашиглаад өгөөмөр сэтгэлтэй залуус нэгдэж, өөрт байгаа боломж дээрээ тулгуурлан бусдад буян хийж байгааг хараад баярладаг. Хүн ер нь ямар нэгэн зүйлийг тодорхойлохоосоо өмнө өөрөө тийм түвшинд хүрсэн эсэхээ мэдэх хэрэгтэй байх. Миний хувьд өөрийгөө нэгт тавихгүй, бусдыг гэх сэтгэлтэй байхад л хүн чанар  илүүтэй ундран гардаг болов уу гэж би боддог.

-Таны сонирхол буюу хобби?

-Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл гэдэг дээ. Яг л өсөж торниход хамгийн ойр дотно байсан зүйл эргээд хүний хобби болдог юм болов уу. Мэдээ орохын л техниктэй, бүүр ойртуулбал компьютерийн технологитой ойр байж, шинээр гарч ирж байгаа дэвшил бүрийг анхааран судалдаг байлаа. Тэр зан маань одоо ч хэвээрээ. Бид мэдээлэл технологийн эрин зуунд амьдарч байна. Цаг минут секундтэй уралдан технологи хөгжсөөр л байна. Мэдээж шинэ технологи тэнгэрээс нисээд ирдэггүй, тэр бүгдийг хүмүүс бүтээж байдаг болохоор гайхамшиг. Миний хувьд хамгийн үзүүштэй сонирхол татсан үзэсгэлэн бол жил бүрийн нэгдүгээр  сард АНУ-ын Лас Вегас хотод болдог CES / Consumer Electronic Show/ юм. Дэлхийн өнцөг булан бурээс 180 мянга  гаруй инженер техникийн мэргэжилтнүүд нэг дор цуглаж, өөрсдийн мэддэг салбарын тухай хөөрөлдөж, шинэ гарсан техник технологийг үзэж сонирхоно шүү дээ.

-Таны хэлэх дуртай үг…

-Бүх  зүйлийг төлөвлөж бай. Байшин барихад төлөвлөгөө хэрэгтэй шиг амьдралыг бүтээхэд ч төлөвлөгөө хэрэгтэй. Хэрэв та хийх ажлаа төлөвлөж календарь ашигладаг бол түүнийгээ эргээд нэг хараарай. Таны төлөвлөгөөнд тусгагдсан ажил, огт төлөвлөөгүй гэнэт гарч ирээд хийгдсэн ажил хоёрын гүйцэтгэл тэнгэр газар шиг ялгаатай харагдах байх. Тиймээс миний хувьд хэлэх дуртай үг бол “Төлөвлө..төлөвлө..төлөвлө..”

-Таны хамгийн жаргалтай мөч?

-“Амьдрал тэр чигтээ жаргалаар дүүрэн байдаг” гэвэл өрөөсгөл болох байх. Жаргал зовлон хосолж байж амьдралыг бүрдүүлдэг. Тиймээс зовлонтой өдрүүд бага, жаргалтай өдрүүд их байгаасай гэж хүсдэг дээ. Хорвоод мэндэлж, хэлд орж шулганаж, “А” үсгийн шанг анх татаж, их сургуулиа амжилттай төгсөж, сайхан ханьтай болж, үр хүүхдээ энгэртээ тэвэрч, сайхан хамт олны дунд хөдөлмөрлөж, анхны цалингаа авч…гээд амьдралын торгон агшин бүр миний ч, миний гэр бүлийн ч хамгийн аз жаргалтай мөчүүд юм даа.

-Таны бусдыг өөртөө татдаг чанар?

-Хүн бүрийг өөртөө татахын тулд тогос шиг гоёж, тогоруу шиг алхахыг эрхэм болгодоггүй. Ерөөс хүн гэдэг хүмүүний орчлонд ганц л удаа төрж, ганц л удаа амьдардаг болохоор бусадтай аль болох эелдэг зөөлөн харьцахыг боддог. Үг гэдэг хамгийн “аюултай” зэвсэг гэж ярьдаг. Тиймээс үг хэлэхдээ ч гэсэн зөвийг сонгож байвал эргээд бусдыг өөртөө татах нэгэн хэмжүүр болох болов уу гэж боддог.

-Хайр таны бодлоор?

-Хайр олон янз. Ээжийн, ханийн, үр хүүхдийн, магадгүй ажил мэргэжлийн ч хайр байж болох. “Хайр хайрын дотроос эхийн хайрыг бүү март” гэдэг дээ. Энэ бол үнэхээр сайхан үг. Үеийн үедээ уламжлагдан байдаг агуу их хайр. Ээжийгээ хайрлаж чадсан хүн эргээд бусдыг энэрэн хайрлах сэтгэлтэй болдог. Ээжийгээ хайрладаг хүн хань ижлээ төдийчинээ хайрлана…халамжилна…Манайх хүү охин хоёртой. Миний ханийг Төгөлдөр гэдэг. Эдийн засагч-санхүүч мэргэжилтэй. Одоо “Арвиндэм” ХЗХ-нд ажилладаг. Охин маань АНУ-д коллежид, хүү маань ЕБС-д суралцаж байна даа. Энэ бүгд миний хайрын тойрог.

-Ус сувгийн Удирдах газрын сүүлийн үеийн сонин хачнаас сонирхуулбал?

-Ус сувгийн удирдах газрын түүхт 60 жилийн ой энэ жил тохиож, түүнийхээ хүрээнд олон ажлуудыг санаачилж хийсний нэг нь “Хяналт удирдлагын төв”-тэй болсон явдал юм. Энэ төв ашиглалтад орсноор Улаанбаатар хотын ус хангамжийн насос станц, усан сангууд, шугам сүлжээний даралт, түвшин, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, цахилгаан хангамжийн дотоод схем, ундны усны халдваргүйжүүлэлт, ус зөөврийн автомашинуудын ус тээвэрлэлт, ухаалаг ус түгээх нэг цэгийн үйл ажиллагаа, алсын зайны хяналтын систем, нэвтрэх систем, шугам сүлжээний гэмтэл зэргийг хянаж, горимын оновчлолыг хэрэгжүүлэн алсаас удирдах боломжтой болж байгаа гэсэн үг. Олон жил байгуулахыг зорьсон энэ төсөл биелэлээ олсноор ус хангамжийн ариутгах татуургын систем тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай, тасралтгүй, аюулгүй байдлыг хангах үйлчилгээг нэг цэгээс түргэн шуурхай үзүүлэх боломжтой болж байгаа юм. Бид цаашид энэ төвийг улам өргөжүүлж, телеметр хяналтын скада системийг бүрэн хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд ингэснээр Улаанбаатар хотын усан хангамжийн системийн эх үүсвэрээс хэрэглэгч хүртлэх бүх үйл ажиллагааг хянан удирдаж, ус хангамжийн системийн аюулгүй байдал бүрэн хангагдаж, хамгийн гол нь усны алдагдал буурч нөөцийг үр ашигтайгаар зарцуулах боломж бүрдүүлэхийг зорин ажиллаж байна. Мөн “Хяналт удирдлагын төв” маань  24 цагийн турш хэрэглэгчдийн санал хүсэлтийг хүлээн авч түргэн шуурхай шийдвэрлэж байгааг дуулгахад таатай байна.

-Залууст хандаж  таны хэлэх үг юу бол?

-Техник технологийн зуунд та бид амьдарч байна. Цаг хугацаатай уралдан хөгжих боломж бидэнд байна. Түрүүлж алхдаггүй юмаа гэхэд хоцролгүй алхдаг байцгаая! Эргэж одсон цаг хором бүр эргэж олдохгүй тул цагийг нарийн баримтлах хэрэгтэй. Өмнө хэлсэнчлэн бүх зүйлийг төлөвлөж ажиллаарай. Өөрөө залуу хүн болхоор бусдад сургамж айлдахад арай эртдэх болов уу? Гэхдээ өөрийн мөрддөг, дагахыг хичээдэг зарим зүйлээ л зөвлөе дөө. /инээв/

-Шинэ оноо хэрхэн гаргадаг вэ.  Хэн нэгэнд мэндчилгээ дамжуулна уу?

-Шинэ он айл бүхэнд аз жаргал, хайрыг дагуулж ирдэг, баяр баярын дотроос хамгийн сайхан баяр гэж боддог. Хамгийн түрүүнд хүүхэд нас бодогддог. Энэ үдэш халуун дулаан ам бүлээрээ цуглаад ширээ дүүрэн амттанаа өрж байгаад л…Ерөнхийлөгчийнхөө үгийг шимтэн сонсоод л.. хором тоолон шинэ оноо угтдаг даа..Ирж байгаа шинэ он яг л өөрийн 2020 гэсэн тоо шигээ тэгш дүүрэн сайхан он байх болтугай..Цонх бүрийн цаана инээд хөөр баяр баясал цалгиж, улс төр нь шинэчлэгдэж, шинэ шинэлэг санаа бүхнээр баяжигдсан сайхан жил байх болтугай! Бүх Монголчууд бүтэн жаргах болтугай!  гэж мэндчилье дээ…

-Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган ярилцсанд баярлалаа.