МУГЖ, дуучин Усны-Эхийн Далантай “Дуусашгүй дуу минь” нэртэй тайлан тоглолтоо тавих гэж байна. Сонгодог урлагт Монгол улсын нүүрийг тахалдаг цөөхөн дуучдын нэг нь МУГЖ У.Далантайтай манай сэтгүүлч уулзаж, уран бүтээлийн тухай халуун яриа өрнүүлсэн юм.  Олон улсын дуурийн дуу дуулаачдын гран при шагналт, Монголын дуурийн цөөхөн мэргэжлийн дуучдын нэг У.Далантайн яриа эрхэм таныг уйдаахгүй гэдэгт эргэлзэхгүй байна.

-Бүхэл бүтэн 11 жилийн дараа бие даасан тоглолтоо хийж байна. Яагаад ийм удаан хугацаагаар уран бүтээлийн завсарлага авах болов гэдгээс ярилцлагаа эхлэх үү?
-2003 онд Италид сурч ирснийхээ дараа “Зүйрлэн санах нутаг” нэртэй тоглолт хийсэн. Үүнээс хойш 11 жил өнгөрсөн байна. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд дуурийн театрт ажиллаж байсан. Жаахан маргаантай байсан. Дуурийн театраас гарсан. Бие даасан, чөлөөт уран бүтээл хийсэн гээд ярих юм бол их юм бий л дээ. Энэ жил морь жил. Морь гэдэг хийморлиг сайхан амьтан. Тиймээс энэ жил уран бүтээлийнхээ ажилд шаргуу орье. Өнгөрсөн хугацаанд хийсэн шинэ уран бүтээлүүдээ үзэгчиддээ хүргэе гэж бодож “Дуусашгүй дуу минь 22” тоглолтоо хийхээр шийдсэн. Тоглолтын бэлтгэл хангагдсан. “Дуусашгүй дуу минь” гэдэг дуугаар тоглолтоо нэрлэх болсон нь учиртай.  Энэ дууг Бадраа гуайн 70 насны ойд зориулсан хүндэтгэлийн тоглолтонд зориулж зохиосон юм. Манай Цэдэв багшийн үг, Жанцанноров гуай аялгуу хийсэн энэ дууг би анх энэхүү хүндэтгэлийн тоглолтон дээр дуулж байлаа. Дуу дутдаг юм билээ.Сэтгэл нэхдэг юм билээ. Дутууг эсгээх дуу минь. Дуусашгүй дуу минь гээд их сайхан дуу. Их сайхан аялгуутай, дуучнаасаа ч их ур чадвар хүч шаардсан дуу. Энэ дуугаар тоглолтоо нэрлэсэн. Залуу дуучин Түмэн-Өлзийтэй хамтарч хоёр дуугаа дуулсан байгаа. МУГЖ, дуучин Баясгалан “Дуусашгүй дуу минь” тоглолтонд оролцоно.
-22 гэдэг ямар учиртай тоо байна?
-Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Соёлын ордонд уран сайханч хүүхэд байхаас эхлээд Улсын ардын дуу бүжгийн чуулгат дагалдан дуучнаар ирж, урлагтаа амьдралынхаа зам мөрийг холбосноос хойш 22 жил өнгөрч байна. Үндсэндээ 22 жил юу сурч мэдэж, ямар уран бүтээл хийснээ үзэгч түмэндээ тайлагнаж байгаа тайлан юм даа. Энэ тоглолтонд миний төрсөн дүү бас оролцож байгаа.
-Танай дүүг дуучин болохоор сурч байгаа гэж сонссон?
-Сансар гэж залуу бий. Багадаа их дуулдаг, Хүүхдийн ордны дууны дугуйланд сурч, их ч олон уралдаан тэмцээнээс медаль авсан хүү. Сургууль төгсөөд дуучин болох гэхээр нь би хориглоод дуулуулаагүй. Хуулийн чиглэлээр сургасан. Сургуулиа төгссөнийх нь дараа Солонгос руу явуулсан. Солонгост ажиллаж, хөдөлмөрийн, мөнгөний үнэ цэнийг мэдэрч, амьдрал ахуйгаа төвхнүүлсэн. Хань ижил, үр хүүхэдтэй болсон. Одоо бол дуулах гэж байгаа. Дүү маань СУИС-ийн дуулаачийн ангид сурч байгаа.
-Та дуулна. Танай дүү дуулна. Удам дамжсан авьяас байна даа?
-Манай аав, ээж, эмээ дуулна. Ер нь манай удамд бүгд сайхан дуулдаг хүмүүс байсан. Манай ээж залуудаа урлагын тэмцээн уралдаанд оролцож шагнуулж байсан үнэмлэх нь хүртэл надад бий.  Ер нь урлаг спортын авьяастай хүмүүс олон бий шүү. Өнгөрсөн жилийн наадамд үзүүрлэсэн Гончигдамба манай эмээгийн дүүгийнх нь хүүхэд. Уулын спортын Олон улсын хэмжээний мастер, гавьяат уулчин Гангаамаа ээжийн эгчийн хүүхэд гээд нэрлээд байвал нилээд урт жагсаалт гарах байх.
-Миний хувьд уран бүтээлчдийн их шуналтай байх ёстой гэж боддог юм. Энэ шунал бол эд хөрөнгө, мөнгө төгрөгийн шунал биш харин өөрөө өөрийгөө таниулах, шинэ уран бүтээл хийх хүсэл шунал гэх юм уу даа. Харин таныг бол энэ тал дээр хэтэрхий хойрго хүн юм болов уу гэж бодож байгаа? Манай залуучууд нэг дуу дуулаад л тайлан тоглолт хийдэг болоод байна шүү дээ?
-Бидний үед өөрсдийнхөө хүчийг сорих гэдэг том зүйл байлаа. Жишээлбэл дагалдан дуучин байж байгаад гоцлол дуучин болно. Гоцлол дуучин хүн тодорхой хугацааны дараа тайлан тоглолт хийдэг. Энэ тайлангаа ямар ч хугацаатай хийж болно. Ямар хугацаанд юу хийснээ тайлагнадаг байлаа. Гэтэл өнөөгийн залуучууд нэг дуу хийгээд тэр дуугаа зогсоо зайгүй телевиз радио fm-ээр бөмбөгдөөд дараа нь тоглолт хийдэг болж. Гэхдээ үүнийг тайлан тоглолт гэж хэлэх хэцүү л дээ. Уран бүтээлдээ анхаарахаасаа илүү амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилготой арилжааны тоглолт л хийгээд байгаа. Ганц, хоёрхон дуу дуулаад тайлан хийнэ гэж ярьдаг. Үнэндээ тайлан тоглолт, уран бүтээлийн цэнгүүн, хүндэтгэлийн тоглолт гэж юуг хэлэх вэ гэдгийг сайн ялгаж салгаж мэдэхгүй залуучууд ч зөндөө л байна.
-Та Дуурийн театраас гараад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд юу хийв гэж хүмүүс сонирхож байж магадгүй юм?
-Гэр бүлтэй, үр хүүхэдтэй болсон. Аавын үүргээ сайн биелүүлж байгаа. Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд багагүй юм хийлээ. Хүмүүсийн мөн чанарыг ч сайн мэдлээ. Миний хувьд уран бүтээлээсээ  тэгтлээ их хөндийрөөгүй. Өөрийнхөө хэр чадлаар багагүй зүйл хийсэн. Гэхдээ ярилцлага өгөхгүй, тоглолтонд орохгүй, цомог гаргахгүй болохоор юм хийхгүй байна, энэ нөхөр таг алга болчихлоо гэж боддог юм шиг байгаа юм.
-Таныг үзэгчид санасан болол­той. “Дуусашгүй дуу минь” тоглолтын зар гарсны дараахан билет дуусчихсан гэж сонсогдож байсан?
-Өнгөрсөн 11 жилийн хугацаанд багагүй хүлээлт үүссэн байна. Энэ хүн юу хийж байна, ямар уран бүтээл хийж байна гэдгийг үзэгчид сонирхож байна. 
-Тоглолт хийгээгүй удаж. Өнгөрсөн хугацаанд олон зүйл өөрчлөгдсөн байна уу?
-Ер нь тоглолт хийнэ гэдэг стресс ихтэй ажил л даа. Нэг хүн ганцаараа зүтгээд тоглолт хийнэ гэж бүтэшгүй зүйл. “Төр ази майнинг”, “Алтай констракшн”, “Баганат өргөө” "Жем интернешнль" гээд олон компаниуд дэмжиж тэтгэж байгаа. Уран бүтээлчид маань ч гэсэн тус дэм болж байна.
-Морины тухай олон сайхан дуу дуулсан байсан?
-Найман дуу бий. “Аварга зээрд”, “Гоё халиун” гээд хүмүүст хүрсэн дуунууд бий.
-Таны дуулсан Аварга зээрд дууг Жаргалсайхан гавьяат дуулсан. Гэхдээ сэтгэлд нэг л бууж өгөхгүй, хол сонсогдож байсан. Та энэ дууг сонссон уу?
-Сонссон. Энэ дууны үг аяыг өөрчлөөд “Чингэс хаан” хамтлагын дуучин Жаргалсайхан ах Хү ха, хү ха үгтэй болгоод дуулсан байна билээ. Аяыг нь зохиосон Балхжав ахаас “Энэ дууны үг ая яагаад өөрчлөгдчихөв” гэж асуусан. Захиалагч талын хүсэлт гэсэн тайлбар өгч байна билээ. Ч.Улаан сайдад л нэр олох гэсэн нөхдүүд ингэж өөрчилсөн юм байна гэж бодоод л өнгөрсөн.
-Таны хувьд хөрвөх чадвар их сайтай дуучин. Анх Ардын дуу бүжгийн чуулгат дуулж байсан. Дараа нь дуурь дуулсан. Ардын дуу бүжгийн чуулгат дуулж байсан тэр талаараа дурсаач?
-Үнэхээр сэтгэлд хоногшсон сайхан хамт олон. Тэнд их олон тоглолтонд орсон, дуулалт жүжигт дуулж байсан, уран бүтээлийн их олз омогтой, эрэл хайгуултай, халуун дулаан хамт олны дунд ажиллаж байсандаа би өнөөдөр ч бахархаж явдаг.
-Та ардын дуу дуулж байсан. Харин сүүлийн үед ардын дуу дуулдаг эрэгтэйчүүд их ховор болж гэж бодогддог юм?
-Нийгмийн сэтгэл зүйтэй холбоотой байдаг юм болов уу даа. Үсэрсэн, хашгирсан, хурдан ритмтэй дуунууд руу л хүмүүс хошуураад, ардын дуугаа хоцрогдсон гэж үзээд байгаа юм. Уг нь бол хамгийн гоё үгтэй, ая дантай дуу бол манай ардын дуунууд шүү дээ. Дуулж байсан ардын дуунуудаа эмхлээд цомог гаргах юм бол гурван ч цомог гаргачих хэмжээний бүтээл надад бий шүү.
-Уртын дуу дуулна биз?
-Тайзан дээр бол дуулж үзээгүй. Найр наадам дээр бол уртын дуу дуулна дуулна.
-Би бол таныг мэргэжлийн өндөр түвшинд үнэлэгдэх дуурийн дуучин гэж боддог. Буцаад дуурийн урлагтаа зүтгэх бодол бий юу?
-Дуурь гэдэг мэргэжлийн урлаг. Харамсалтай нь төрөөс бүрэн дүүрэн дэмжиж  харж үздэггүй. Хэдэн хүний цалинг л өгөөд суулгаад байж байгаа. Үнэндээ дуурийн театрийн ягаан байшинд цөөн хэдхэн хүн хувийнхаа амбиц хөөгөөд тэндээсээ гарч ч, орж ч чадахгүй бүхэл насаараа зууралддаг. Эцэст нь амьдрал ахуй, үр хүүхэд гэр бүлийнхээ асуудлыг ч олигтой зохицуулж чадаагүй хүмүүс тэтгэвэртээ л гарч байгаа. Өнөөдөр урлаг гэдэг зүйл асар өргөн хүрээтэй хөгжиж байна, үзэгчдийн хүлээлт ч өөрчлөгдөж, урлагын менежмент хүчтэй хөгжиж, залуучууд маш шаргуу ажиллаж байна гэдгийг тэр Дуурийн театрын ягаан байшинд сууж байгаа хүмүүс сайн ойлгодоггүй. Ний нуугүй үнэнийг хэлэхэд би ч тэнд байхдаа сайн мэддэггүй байж. Гарч ирсэн хойноо бүх зүйл өөрчлөгдөж, би тэнд хоцрогдож байсан юм байна гэдгээ илүүтэй мэдэрч чадсан.
-Гэхдээ Та бол Олон улсын түвшинд үнэлэгдэж байсан дуурийн дуучин. Сонгодог урлагаас бие хөндийрөвч, сэтгэл холдоно гэдэг таны хувьд амаргүй байсан байхаа гэж бодож байна?
-Үнэн л дээ. Өнөөдөр Монголын урлагын дотроос  өөрчлөгдөж, шинэчлэгдэж чадаагүй ганц газар  бол Дуурийн театр. Энэ Дуурийн театрт хуучны хэдэн хүн бий. Амбиц гаргаж, хов ярьж, хор найруулж, өөрсдийгөө магтаад сууж байдаг хүйтэн сэтгэлтэй хүмүүс бий. СУИС-ийг төгсөөд ирсэн сайхан хоолойтой, шижигнэсэн авьяастай хийж бүтээх дүүрэн хүсэл тэмүүлэлтэй залуучууд энэ айлын босгыг алхаж ордог. Харамсалтай нь тэд өнөөх хор, хов хоёртоо хутгаад, хоолойнд нь таарахгүй дуу дуулуулаад эцэст нь хоолойг нь эвдэж хаячихаад хөөчихдөг. Өнөөдөр ч гэсэн тэнд ийм хүмүүсийн тоглоом болчихсон, хоолой нь эвдэрчихсэн сайхан залуучууд байж л байна. Надад энэ л их харамсалтай санагддаг.
-Дуурийн театртай холбоотой иймэрхүү шүүмж их байдаг. Гэхдээ сургуулийг нь төгссөн, номыг нь сонссон та нар шиг хүмүүс л өөрчлөх ёстой юм биш үү?
-Зөндөө үзсэн шүү дээ. Өөрчлөх гэж өчнөөн тэмцээд эцэст нь ад үзэгдэж, Сэлэнгийн Баттөр бид хоёр үнэнийг нь хэлснийхээ төлөө хөөгдөөд л дууссан шүү дээ.
-Та харамсдаг уу?
-Үгүй. Харин ч их баярладаг. Би Дуурийн театрт 10 жил дуулсан. Энд их зүйл сурсан, их зүйлд хүрч чадсан. Үүнийгээ үгүйсгэхгүй. Гэхдээ Дуурийн урлагыг энэ чигээр нь байлгаж болохгүй, өөрчлөх ёстой, шинэ юм хийх хэрэгтэй гэж л шүүмжилсэн. Үүнээсээ л болж ад үзэгдсэн хүн.  Дуурийн театрийн жижигхэн ягаан байшин дотор өөрсдийгөө дэлхийн хэмжээний том хүн гэж ярьж, үнэлдэг, тэгсэн хэрнээ шавьжнаас жижиг  асуудал ярьж хов жив хөөцөлддөг тэр хүмүүстэй хэрэлдэж, цаг хугацаа алдаж суугаагүй дээ баярладаг.
-Би арав гаруй жилийн өмнө Монголын анхны дуурийн театрийн дуучдын нэг Батсүх гэж хүнтэй уулзаж байсан юм байна. Тэр хүн социализмын үед Дуурийн театр яаж нэг хүнийг тахин шүтэж, дуучид нь яаж нэг нэгнийгээ хорлож, хөөж, татаж унагаж байсан бэ гэдгийг ярьж байсан. Аль социализмын үеэс эхтэй энэ хэрүүл маргаан яагаад өнөөдрийг хүртэл үргэлжлээд байдаг юм бол?
-Энэ бүхэн  одоо хүртэл өөрчлөгддөггүй юм. Энд дээр үеэс эхтэй өш хонзонгийн юм явагдаад байдаг юм. Сүүлдээ энэ хэрүүл шавь нарын дунд өрнөж эхэлсэн. Хайдавын, Бандийн, Пүрэвдорж, Уртнасангийн шавь гээд үргэлжлээд нэг хэсэг нь хамгаалж, нөгөө хэсэг нь ад үзэж, уран бүтээлээрээ биш хэний шавь бэ гэдгээсээ эхлээд л хэрэлдэж эхэлнэ шүү дээ.
-Саяхан Хайдав гуайн зургийг Дуурийн театр буулгаж байна гэсэн. Миний хувьд их л хачин санагдсан.
-Миний муу багш Монголын Дуурийн театрт хамгийн их гол нөлөө үзүүлсэн хүн шүү дээ. Монголд анх удаа дуурийн дуулаачийн мэргэжлээр төгсөж ирсэн хүн. Гэтэл энэ хүнийг ярьдаггүй юм. Миний багшаас хорь, гучин жилийн дараа төгсөж ирсэн хэрнээ өөрийгөө л анхдагч гэж ярина шүү дээ. Урлаг  гэдэг масктай байж болдог. Гэтэл энэ ягаан байшинд амьдрал дээрээ маск зүүсэн хүн цөөнгүй бий. Матаас бичнэ, хов ярина, худлаа гүтгэж гүжирдэнэ. Дуурийн театр улсаас цөөн хэдэн төгрөгийн татаас авдаг. Жилд хоёр гурван уран бүтээл хийхээр төлөвлөгөө гаргадаг. Тэр уран бүтээл дээрээ өөрсдөө тоглох гэж, уран бүтээлийн хэдэн төгрөгийг нь өөрсдөө авах гэж зүтгэцгээдэг л улс шүү дээ. Үнэндээ Дуурийн театрт өрсөлдөөн байхгүй, ганцхан дуурийн театртай учраас л ийм зүйл гарч байгаа юм.
-Дуурийн театрийн ганц эсэргүү нь та байсан байх. Харин сүүлийн үед МУГЖ Энхтайван ч бас бослого гаргаж эхлээд байгаа юм биш үү?
-Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Уг нь дуугарах ёстой хүн нь Энхтайван ах шүү дээ. Гэхдээ хожимдож л дуугарч байна даа. Анх болж бүтэхгүй байна гэж Сэлэнгийн Баттөр бид хоёрыг хэлж байхад чимээгүй л байсан. Хэрвээ тэр үед болж бүтэхгүй байгаа зүйлүүдийг бидэнтэй нийлээд хэлж ярьж байсан бол Дуурийн театр өнөөдрийнхөөс арай ч өөр байдалд байх байсан юм билүү, хэн мэдлээ. Сэлэнгийн Баттөр  гэж дуучин бий. Сайхан хоолойтой, бие хаа сайтай, дүрд хувирч чаддаг, сайн жүжиглэдэг дуучин. “Ламбугайн нулимс” дуурийн Лодонгийн ари дуулсан. Өнөөдөр ч Баттөр шиг Лодонгийн ариг сайн дуулсан хүн алга. Гэхдээ ил тод шударга үгтэйгийнхээ төлөө л ягаан байшингаас хөөгдсөн шүү дээ.Ер нь юм хэлсэн хүмүүс эндээс шахагдаж гардаг номтой. "Жинжиймаа"-г дуулдаг Баттөр бас л ийм шалтгаанаар ажлаасаа гарсан.
-Та олон улсын тэмцээнээс анхны гран при шагналыг авчирч байсан. Өнөөх хэл амтай шагналын мөнгөө авсан уу?
-Авч чадаагүй. Хайдав багш маань баахан хөөцөлдөөд эцэст нь  даралт нь өгсөөд “Намайг юм хийсэн гэж ад үзэж байсан. Эцэст нь миний шавийг ад үзэж байна” гэж бухимдаад л өнгөрсөн. Одооны залуучууд бол азтай. Олон улсын тэмцээнээс шагнал авбал 30-50 сая төгрөг авч байгаа байх шүү.
-Олон улсын уралдаан тэмцээнд оролцсны дараахан таныг гадныхан урьж байсан. Тэр үед яагаад яваагүй юм бэ?
-Буриадууд, Оросууд янз бүрийн санал тавьж байсан.Явах бодол байсан. Гэхдээ тухайн үед “Орос дэмий. Амьдрал ахуй хэцүү” гэх мэтээр хүмүүс ятгасан. Энэ ятгалаганд орох хэрэггүй байж гэж бодож байсан үе бий.
Ярилцсанд баярлалаа.