Сонгуулийн дуу ойртох тусам улс төрчдийн амлалт, шоу янз бүрээр эхэлж байна. Тухайлбал, Ерөнхиийлөгч шинэ оны босгон дээр ард түмэндээ хэлсэн үгэндээ "Тэтгэврийн зээлийг тэглэнэ" хэмээсэн нь энэ сарын ярианы "бай" болж байна. Тэгвэл зээлийг олгох нь буруу, зөв гэж сүүлийн хэд хоног улс төрчид төдийгүй эдийн засагчид хүртэл талцан хэлэлцэж байна. 

Харин ҮАБЗ-ийнхэн Ерөнхийлөгчийнхөө шийдвэрийг сонсоогүй байсан нь эл сэдвийн хаашаа эргэх вэ гэдэг хамгийн их эргэлзээ төрүүлээд байгаа юм. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Энэ өр тэглэх талаар та бид хоёр бараг адилхан мэдээлэлтэй байна" гэсэн. Түүнээс гадна Монгол Улсын 2020 оны төсөвт тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотой нэг ч төгрөг тусгаагүй. Цаашид төсөвт тодотгол ч хийхгүй гэдгийг Сангийн сайд өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн удаатай.

Тиймээс Сангийн яам энэ талаар ямар нэгэн зүйл төсөвлөж, төлөвлөөгүй гэсэн үг. Монголбанк ч мөн энэ шийдвэрийн талаар мэдээлэлгүй байсан бөгөөд зөвлөлдөөгүй гэдгийг мэдэгдсэн. Харин Ерөнхийлөгч Салхитын мөнгөний  ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэнэ гэсэн юм.

Уг нь хөөрхий муу хөгшид ар гэр, үр хүүхдийнхээ амьдралд өнгө татах гэж л тэтгэврийн зээл авдаг. Гэвч арилжааны банкууд нь хүү нэрээр шулчихдаг гэдгийг хүн бүр мэддэг. Үүнээс гадна тэтгэврийн зээлийн хүү ч жил ирэх тусам өссөн үзүүлэлттэй гарсан байдаг юм.

Өмнө оны өдийд хийсэн судалгаагаар,  манай улсын нийт хүн амын 6.5 хувь буюу 209 мянга нь ахмадууд. Тэдний 41 хувь нь эрэгтэй, 59 хувь нь эмэгтэй. Нийт ахмадуудын 67 хувь нь хот болон аймгийн төвд амьдардаг бол үлдсэн 33 хувь нь сумын төв болон хөдөө амьдардаг. Мөн нийт ахмадуудын 75 хувь нь тэтгэврийн зээлтэй гарч байжээ.

Харин тэтгэврийн зээл нэрээр гарсан мөнгөний хэмжээ 2019 оны арваннэгдүгээр сарын байдлаар 776 тэрбум төгрөг байна. 309 мянган өндөр настан тэтгэвэр авч байгаагаас 75.4 хувь нь буюу 233 мянган ахмад банканд зээлтэй байна. Энэ нь банкуудын зээлийн багцын 4.3 хувийг эзэлж байгаа аж. 

Байж боломгүй зүйлийг Ерөнхийлөгч нэг л өдөр хэлчихнэ гэж үгүй биз. Улс төрчид минь шоудах сэдвээ олж ам нээгээ байлгүй. Хэдэн хөгшид өвгөдөө ганц удаа ч болов баярлуулаад авбал аштай юу. 230 мянган ахмадуудын ихэнх нь тэтгэврийн зээлээр хүүхэддээ машин авч эрхлээгүй гэдэгт би итгэж байна. Тэдний амьдралын бор, нарыг унтраачихгүйн төлөө тэтгэврээрээ дэнчин тавьсан нь гарцаагүй. Тэрнээс зээл авахаар талаас илүү хувийг нь хүүнд нь тавиад туучихдаг юм байна лээ.