Ийм нэгэн асуултыг илгээхтэй давхацуулан тэр яаж тэргүүн зэргийн баячуудын эгнээнд багтаж чадав аа, гэх асуултыг асуумаар болоод болдоггүй ээ. Учир нь төрийн хар хүн гэгдэж явсан түүний бодол ухаанд түмнийхээ сэтгэлд сэв суулгах сэтгэлийн жудаг баймааргүйсэн.

Гэтэл энэ цагийн эрхэм баячуудад мөнгөнөөс өөр мөрөөдөл үгүй болжээ. Хүнийг хайрлахаасаа илүү хөрөнгөө арвижуулахыг чухалчилдаг болж. Үүний тод жишээ нь Нарантуул, Сандэй, Да хүрээ зэрэг зах, худалдааны төвүүд байна. Гахай үүрч наймаа хийхээсээ илүү газар авч, хашаа тойруулчихвал насаараа идэх хөрөнгөтэй болчихдог гэх бизнесийн энгийн зарчмыг тэд аль эрт ойлгочихсон нь сэргэлэн, сүйхээтэй, овжинг нь батлах шиг. Тэдний тэргүүн магнайд Ш.Сайхансамбуу бичигдэнэ.

Төрийн зөөлөн сэнтий сандайлж байх үедээ ангийн нөхөд рүүгээ “хос салаавч” гарган “тоглосон” түүнийг хувьсгалын гэхээсээ хувийн эрх ашгаа дээгүүр тавьдгийг Нарантуул захынхан хэлдэг юм билээ. Аргагүй шүү дээ. Энэ зах бий болохоос нь эхлээд өдийг хүртэл түрээс мөнгөө төлөөд 5-6 мянган наймаачин халуунд халж, хүйтэнд нь хөрч зогсоо юм. Ихэнх нь голцуу бүсгүйчүүд өвөл зунгүй төмөр лангуу бараадан амьдрахын эрхэнд эрүүл мэндээ золиосолж түүнийг ч мөн давхар тэжээж байна. Наймаачдын хөлс хүчээр олддог энэ сул мөнгө Сайхансамбуугийн зузаан хэтэвч рүү урсахдаа бүтээн байгуулалт, нүд сэтгэл хужирлах нэг ч зүйлд зарцуулагдсангүй ээ. Худлаа гэвэл Нийслэлийн хамгийн бохир заваан орчин энэ захын ойр тойронд бүрдэж хулгай дээрэм, түгжрэл саатал мөн л энэ хэсэгт өрнөдөг. Бие засах орчноосоо эхлээд нийтэд зориулагдсан үйлчилгээ үзүүлж чаддаггүй Нарантуулд ариун цэвэр сахиулагчид хэрэгтэй байна. Бодоод үзье. Тус захын 00-д бие засахын тулд 200 төгрөг төлөх хэрэгтэй. Өдөрт энэ захаар 7-8 мянган хүн үйлчлүүлдэг гэсэн мэдээ бий. Үүн дээр хөдөлмөр эрхлэдэг 30 мянган наймаачин нэмэгдэнэ. Тэгвэл энд хүний байнгийн хэрэглээ бие засах өрөө нь ариун цэвэр, эрүүл аюулгүй орчин байж чаддаг уу. Хэн ч бодчихоор жишээ аваад багахан тооцоо гаргая. Бие засах газраар нь өдөрт 30 мянган хүнээс 3000 нь үйлчлүүлдэг гээд бодвол 600 мянган төгрөг Сайхансамбуу гэгч бизнесмений халаас руу орж байна. Тэгвэл дээрх 30 мянган хүн бие засвал зургаан сая төгрөгийг ганцхан өдөр түүнд зүгээр л май гээд өгчихдөг гэсэн үг. Тэгвэл тус захын бохирын хоолой хэнийх вэ. Сайхансамбуугийнх уу, улсынх уу. Улсын бохирын хоолой ашиглаж өдөрт энэ хэмжээний мөнгө саадаг Сайхансамбуугийн хувийн өмч Нарантуул захын бие засах өрөөг сайжруулаад өгөөч, Мэргэжлийн хяналтынхаан. Захын бие засах өрөөг манаж мөнгийг нь хураах ёстой ганц, хоёр хүнийг цалинжуулах хэмжээний л ажил энд явагддаг. Өөрөөр хэлбэл, ариун цэврийн үйлчилгээг дээрх хэмжээний мөнгө авч байгаа шигээ үзүүлж чадахгүй байна. Тиймээс ядаж ариун цэврийн цаас өгч, гар угаалгаагүйнхээ төлөө 50 төгрөг авдаг болгоё. Ганц хоёрхон хүнийг энэ хэмжээний мөнгөөр хангалттай цалинжуулахаас гадна сэтгэл байвал орчин нөхцөлөө ч сайжруулах боломжтой. Улсын бохирын хоолойг үнэ төлбөргүй ашиглаж байгаагийнхаа төлөө, олны мөнгөөр олон зүйлээ өөрчлөөд аваач, Сайхансамбуу.

 М.ХАТАНБҮҮВЭЙ