Иргэн Г.Цэрэнбатынх Сэлбэ голын эрэгт 0.5 га хэмжээтэй хашаатай, хашаандаа таван ханатай хоёр гэртэй. Уурхайд ажиллаж, ар гэрээ тэжээж, амьдралаа өөд татахаар хичээж яваа залуусын нэг. Өнгөрсөн намрын сүүлээр хашааных нь ёроолоор ус шүүрч эхэлсэн байгаа юм.

Төдөлгүй хашаа нь тэр чигтээ мэлийсэн ус болж, нэг өглөө сэрэхэд усан шалтай болсон байж. Суваг шуудуу татаж, хороондоо хандаж үзээд тусыг эс олсон тул арга буюу хашаа гэрээ мөсөн дунд орхиод түрээсийн байранд өвлийн саруудыг давжээ. Өөрийн гэсэн хашаатай, под хийсэн гэртэй атал түрээсийн байранд мөнгө төлж суух ямар л сайн байхав. Мөс гэсэж эхэлмэгц өдрийн цагаар хашаандаа ирж, гэрийнхээ усыг шавхах, нэмж ус оруулахгүйн тулд суваг шуудуу татах, шороо асгах ганц ажилтай болчихоод байгаа нь энэ.

Иргэн Цэрэнбатынхаас хойш долоон гудамж өгсөөд иргэн Л.Цэцэгбаярынх бий. Түүний хувьд хот газар бараадсанаас хойш нэг л хөлөө олохгүй яваа. Ингэж хэлэхийн учир нь тэрбээр таван буудлын ойролцоо уулын оройд хашаатай байсан. Өгсүүр газар учраас ус, түлээ нүүрсээ авах, автобусанд суух гээд бүх юмнаасаа хол. Тиймээс тэр хашаагаа заржээ. Ингээд Сэлбийн эрэгт айлын хашаанд буужээ. Гэтэл амьдрах орчин нь өмнөхөөсөө төдийлөн ялгарсангүй. Уулын оройгоос ус мөсний газарт ирсэн гэлтэй.

Мөс хайлж, шар ус урсаж эхэлмэгц түүнийг дагаад хог хаягдал, өтгөн шингэн хамт урсаж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, шар устай хамт эрүүл мэндэд асар хөнөөлтэй нян, вирусүүд тархаж эхэлдэг гэсэн үг. Сүүлийн үед коронавирусийн халдвараас сэргийлж, хотыг бүхэлд нь ариутгана гэж байгаа ч үнэндээ сэлбэ голын айлуудыг эхлээд хогноос нь салгаж, угаадас, өтгөн шингэний вирусийн халдвараас нь сэргийлэх хэрэгтэй байна.

Хотын төвөөс 2.5 километрт нөхцөл байдал ийм л байна. Улсын хүн амын тэн хагас нь оршин суугаа энэ нийслэл хотыг манай дарга нар амар тайван, аюулгүй, аз жаргалтай хот гэж тодорхойлох дуртай.

Хотын төвөөс 2.5 километрт нөхцөл байдал ийм л байна. Улсын хүн амын тэн хагас нь оршин суугаа энэ нийслэл хотыг манай дарга нар амар тайван, аюулгүй, аз жаргалтай хот гэж тодорхойлох дуртай. Гэвч гэр хороолол гэх энэ газар үнэндээ хогийн сав, цэвэрлэх байгууламжаас өөрцгүй аз жаргал, аюулгүй орчины тухай дурсалтгүй болж хувирсаныг бид одоо харж байна. Нүүдэлчин бид чинь угсаа гарал, удам судраа хөөвөл унаган хотын хүн гэж байхгүй гэлцдэг биздээ. Тиймээс одоо нэгэнт хөдөөнөөс ирсэн, хотод байсан гэж ялгах, гэр хорооллынх, хотын төвийнх гэж талцахгүйгээр ижил тэгш халамжилж, аз жаргалтай, аюулгүй орчинтой болговол яасан юм бэ эрхэм дарга нар аа.  

 

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН