Өнөөдөр Монголын Хүүхдийн Ордонд  Сүхбаатар дүүргийнЗасаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсээс дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран шинээр батлагдсан “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн талаар сургалт зохион байгууллаа.

Арга хэмжээнд дүүргийн нутаг дэвсгэрийн 800 гаруй үйлчилгээ эрхлэгч, аж ахуй нэгж байгууллага оролцжээ. Тус сургалтыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа нээж ,МХЕГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Я.Ариунзул “Аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам“-ын талаар, МХЕГ-ын Хүнсний чанар аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Л.Гэрэлмаа “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийг танилцуулж, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч ААНБ, иргэний мэдээллийн сангийн бүртгэлийн талаар илтгэл тавьж мэдээлэл өгсөн юм. Мөн Леди төвийн захирал докторант Р.Лхагвадуламын “Үйлчилгээний соёл, гоо зүй“, “Харилцааны ур чадвар бүтээмжид хэрхэн нөлөөлөх” сэдэвт сургалтыг аж ахуйн нэгж, байгууллагууд маш өндрөөр хүлээн авлаа.

Түүнчлэн дүүргийн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс зах зээлд борлуулагдаж байгаа чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүнийг нийтэд танилцуулж, сэрэмжлүүлэв. Арга хэмжээний үеэр олон үндэстний хоолны үзэсгэлэн худалдаа болж, аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцож үйл ажиллагаа амжилттай боллоо.