Монгол Улсын гавьяат жүжигчин, СУИС-ийн багш Лувсангомбын Чаминчулуунтай ярилцлаа.


-Инээдмийн баярын өдөр тохиож байна. Дөрөвдүгээр сарын тоглолт, ярилцлагууд тань хуучны олон сайхан дурсамжийг сэргээдэг байх?

-Дөрөвдүгээр сарын нэгэн гэдэг хүмүүсийг инээлгэж баясгаж, сайн сайхныг бэлэглэхийн тулд ажиллах хариуцлагатай өдөр минь. Харин хүмүүс энэ өдөр инээх гэж ирдэг учраас миний хувьд шалгуурын өдөр. Өөрөөр хэлбэл, чи өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын 1-нд ямар байсан, өдгөө ямар байна гэж өөрийгөө шалгадаг. Инээх үү, уйлах уу гэж хүнээс асуувал мэдээж инээе л гэнэ. Жишээ нь, туйлдаа хүрээд ядаргаанд орсон хүн эмч дээр орсон байгаа юм. Эмчид үзүүлтэл та үнэхээр ядаргааны туйлд хүрч. Та инээх хэрэгтэй, инээдмийн хөтөлбөрүүд үзэх хэрэгтэй. Та ерөөсөө инээдэггүй юм байна гэтэл нөгөөх нь “үгүй ээ тэр инээлгэх гээд явж байдаг хүн чинь би байхгүй юу” гэж хэлсэн гэдэг. Тэр хүн хүмүүсийг инээлгэхийн тулд тийм их энерги зарцуулаад ядаргаанд ортлоо явсан байгаа байхгүй юу. Бид нарын хувьд ч гэсэн яавал тэр агуулга, хэлбэрийн зөрчилдөөн, шүүмжлэл, хүмүүжлийн хувьд бүх юмыг илэрхийлэх гэдэг талаар тархи үргэлж гашилж явдаг даа.

Инээдэм гэдэг агуулга, хэлбэр хоёрын зөрчилдөөн. Үр нөлөөнд нь хүн эрүүл болдог, ухаардаг, хүмүүждэг. Энэ гурван үр нөлөөн дундаас инээдэм өөрөө үүсч, хүмүүс үлгэр жишээ авч байдаг. Хошин үзүүлбэр нийгмийн болж бүтэхгүй тэр идээ бээрийг дэлгэдэг. Дэлгэхдээ үйлдлээрээ, сэтгэлээрээ, үгээрээ хүргэнэ. Ер нь хүнийг уйлуулахад амархан. Яагаад гэхээр хүний сэтгэл дотор амьдралын бэрхшээлээс болж уянга уйтгар байнга явж байдаг.

-Хошин урлагийн театр 1991 онд байгуулагдсан. Энэхүү театрыг байгуулалцсан хүмүүсийн нэг нь яах аргагүй та. “Монголын нэг өдөр” гэх сайхан хөтөлбөрийг анх бэлтгэж байсан санагдаж байна?

-Манай Б.Батзаяа, Б.Туяа, Д.Жагдаг, Д.Сосорбарам бид хэд хошин урлагийн театр байгуулагдахад гол үүргийг гүйцэтгэж байлаа. Ардчилал дөнгөж гарч ирж, нийгмийн оргоо бусгаа янз бүрийн асуудлыг дэлгэж тавихад чөлөөтэй болсон үе байсан. Бид тэр бүгдийг үзүүлж байсан ч нэг том алдсан алдаа бий. 1991 оноос хойш Монголын ард түмэн эрх чөлөөгөө эдэлсэн боловч үүргээ биелүүлж чадаагүй. Чөлөөтэй байх ёстой гээд хариуцлагаа мартчихсан. Эндээс л гучин жил үргэлжилсэн алдаа гарч түүх болон үлджээ. Өнөөдөр бид ийм байдалд байгаад би жаахан харамсдаг юм.

-Та “Азтай бадарчин” тэмцээнээс олон ч шагнал хүртсэн. Энэ тэмцээн нэлээн өрсөлдөөнтэй болдог байсан даа?

-Тэгэлгүй яахав. Ганцаарчилсан үзүүлбэрт нь жил алгасалгүй орж байлаа. Анхны “Азтай бадарчин” шагналыг Б.Батзаяа, дараагийнхыг би авч байв. Ганцаарчилсан үзүүлбэрийнхээ зохиолыг дандаа өөрөө бичиж орно. Бичиж байсан бүх өгүүллэгүүдээ цуглуулаад энэ жил “Инээдмийн ертөнц” гээд ном болгосон. Манай нэг нэртэй зохиолч тухайн үед намайг “Чаминчулуун цоорчээ” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би уур хүрээд “цоороод байхдаа яадаг юм” гэсэн “цоороод л бичсэн байгаа биз дээ чи” гээд инээж билээ. Тэр зохиолч намайг хошигнож шоолж биш, дүгнэж хэлснийг одоо л ойлгож байна даа. Бичиж байсан арга барил маань уран бүтээлийг минь өсч хөгжихөд ихээхэн түлхэц болж байсан байгаа юм. Хүний уйлж байгааг хүртэл инээдэм болгож, илэрхийлнэ гэдэг ухаан шүү. Ер нь бидний ажил бол ухааны ажил.

-Та хошин урлагийн өмнөх жүжигчдийн талаар дурсахгүй юу. “Элдэв зураг”-ийн Л.Жанчивдорж, Г.Дашхүү, алиалагч Д.Батсүх гээд олон сайхан аваргууд байлаа шүү дээ?

-Намайг дөнгөж гарч ирээд нахиалаад зулзагалж байх үед Г.Дашхүү, Л.Жанчивдорж гээд луугарууд од болж байлаа. Агуу авьяастай, гүйлгээ хурдтай тийм жүжигчид байсан. “Бэрсүүт жүрж” кинонд бид нар хамтдаа тоглож байсан. Жанчив бид хоёр бүр эхнэр нөхөр болж тоглосон. Одоо шавь нар маань сайхан кинонууд хийж байна. Намайг ир, үз л гэдэг. Заримд нь очоод жаахан сэтгэл эмзэглээд байдаг. Их өнгөцхөн яваад байхаар их сонин санагддаг. Аливаа бүтээлд ерөөс хүний сэтгэл үлдэх ёстой байдаг юм. Алмааз шиг гэрэлтэх хэрэгтэй.

-Та улс төрийн хошин шог сонирхдог. Энэ жилийн сонгуулийн пи-ар саяхнаас эхэллээ?

-Худлаа ярихад нь итгэж байгаа бид тэнэг, инээдэмтэй болж таарч байна л даа. Тэгэхээр нөгөө агуулга, хэлбэр зөрчилдөөд эхэлж байгаа биз. Дээр үед надаас нэг сэтгүүлч “Чаминчулуун гуай хойд нас гэж байдаг уу, та итгэдэг үү” гэхэд нь “Мэдэхгүй, тийшээ явсан хүмүүсээс энд хачин сайхан байна хүрээд ир гэж дуудаагүй. Өөрөө очиж байж л мэднэ дээ” гэсэн. Энэ удаагийн сонгууль яг үүнтэй ижил.

-Аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хийж чаддаггүй хүн зорьсондоо хүрч чаддаггүй шүү дээ. Ер нь дээхнэ үеийн хошин урлагийнхан одоо үеийн залуусын дунд их ялгаа бий байх?

-Хошин урлагийн жүжигчид маань маш авьяастай. Хүн бүр хошин жүжигчин хийж чадахгүй. Дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ, уйлуулна, инээлгэнэ гээд бүгдийг хийнэ. Зарим нэртэй мөртэй жүжигчид “би чадахгүй” гэж хошин урлагаас эмээдэг. Хошин урлаг их эмзэглэлтэй хүнд төрөл. Одоо бол хэн дуртай нь л хийгээд байна л даа. Үгүй шүү, энэ чинь өөр юм. Хошин урлагийг утсан дээр тогтвороо олж явдаг циркийн жүжигчинтэй зүйрлэдэг. Нэг тал руу далбийчихвал уянгын драм болчихдог. Нөгөө тал руу хэлбийчихвэл алиа салбадай болно. Тийм учраас тэрний алтан дунджийг барьж явдаг ухаантай, уртай байх хэрэгтэй. Хошин урлагийн жүжигчид маань илүү хөгжөөсэй гэж боддог. Энд хэлний асуудал байгаа. Манай жүжигчдэд дэлхийн түвшинд гарах чадал бий.

-Станд ап комеди хөгжөөд хошин урлаг жийгдэж байна уу гэж харагдах юм?

-Хошин урлаг өөрийн байр суурийг алдаж болохгүй. Хошин урлаг бол үйлдлийн, үгийн, хөдлөлийн инээд. Харин станд ап комеди бол хүний зүрх сэтгэл рүү нэг их гүн ордоггүй. Бид энэ сууриа л бат авч үлдэх хэрэгтэй. Бидний өдий зэрэгтэй сайн сайхан яваад байгаагийн учир нь, бид Зөвлөлтийн сонгодог сургалтаар олон жил суралцсан. Хэрвээ бид дорно дахины юмуу Азийн тал руу байсан бол өнөөдөр ийм боловсролтой байх уу гэдэг асуулт болж үлдэж байна. Сониноос би шавь нартайгаа нийлээд дөрөвдүгээр сарын 1-нд Монголын уран уншигчдын холбоог байгуулж байна. Бид сургалт, тоглолт, эрдэм шинжилгээ судалгааны үйл ажиллагаа явуулна.

-Таны хань нэг ойтой хүүгээ авч үлдээд таныг сургуульд явуулсан гэдэг. Сайхан түүх шүү?

-Би ханийгаа маш их хүндэлж явдаг даа. Миний том хүүг нэг настай байхад нь авч үлдээд намайг Зөвлөлтөд таван жил сургасан. Нэг настай хүүхдээ авч үлдээд эхнэрээ сургадаг хүн ховор байх. Хэрвээ хань минь байгаагүй бол Чаминчулуун өдий зэрэгтэй явж байх уу үгүй юү. Ханийнхаа ачаар боловсрол эзэмшиж ард түмнийхээ хайртай жүжигчин болсон учраас ханиараа их бахархаж явдаг. Өнгөрсөн жил хань минь өвдөөд сэтгэлээр их унасан. Амьдралд хэцүү бэрхийг туулах гэж мэрийж л явна. Ханийнхаа эмчилгээний зардалд нь зориулж хандивын тоглолт зохион байгуулсан. Тухайн үед маш олон хүн утасдсан даа. Тэр битгий хэл бид хоёрыг өөрийнхөө ах эгч шиг, найз нөхөд шиг боддог үзэгчид зөндөө байдаг юм байна лээ шүү. Тэр үед л мэдэрсэн. Нэг эмэгтэй над руу утасдаад “За нөхөр нь яаж байна. Найз нь бүх насаараа хэвтэрт байгаа хүн. Чам руу гучин мянган төгрөг шилжүүлэх гэсэн юм. Хорин мянгыг нь чи очоод тоглолт үзсэн гэж бодоорой. Арван мянгыг нь хоёулаа нийлээд жаргал, зовлонгоо яриад хоол идсэн гэж бодоорой” гэж байна.(уйлав) Чи сүү аваад сүүтэй цай чанаад уучих гэж байна. За баярлалаа мөнгө ороод ирлээ гэсэн. Тэгээд удалгүй нөгөө бүсгүй над руу эргэж утасдаад “Би байна аа. Эд нар мөнгө хийчихсэн л гээд байна. Худлаа яриад байдаг байхгүй юу” гэж байна шүү. Тэгэхээр нь би “орчихсон байна аа баярлалаа гэсэн”. Тийм сайхан сэтгэлтэй хүмүүс олон. Би Монголын ард түмний зүгээр нэг хүндэлдэг уран бүтээлч биш, жинхэнэ сэтгэлд нь хоногшиж чадсан хайртай хүн нь юм байна гэдгээ мэдэрсэн. Одоо ханийгаа бүрэн эдгэнэ гэсэн бат итгэлтэй байгаа. Энэ бол Монголын ард түмний буян. Монголын ард түмэндээ чин сэтгэлээсээ манай гэр бүл талархаж байна. Бидэнд тусалсан хүн тоймгүй. Монголын ард түмний сэтгэл, итгэл агуу, Монголыг ард түмний алгаа тоссон буян агуу.

Нөхөр Л.Баярмагнай: Намайг хүнд өвчин тусаад Японд эмчлүүлэхээр явсан хойгуур хандивын тоглолт хийж, маш олон хүн үзсэн байсан. Олон олон уран бүтээлчид оролцсон. Одоогоор гамаа маш сайн барьж байгаа. Тавдугаар сард дахин эмнэлэгт үзүүлнэ. Энэ үед эхнэр, хүүхдүүд, ах дүү, найз нар, Монголын ард түмэн сэтгэл санаа болон эд хөрөнгийн дэмжлэг үзүүлсэн. Манай эхнэр лүү Увсын Малчин сумаас нэг малчин ярьсан гэж байгаа юм. Байна уу гэж байна. Байна хэн бэ гэсэн манай хүнийг “Эгч мөн үү” гэнэ тэгээд “Би зурагтаар харлаа. Аймаар юм болжээ. Эгч ээ, дүү нь арван мянган төгрөг явууллаа. Ахад өгөөрэй” гэсэн байгаа юм. Тийм сайхан сэтгэлтэй. Энэ бүхний хариуд би үгээ хэлж амжаагүй. Энэ завшааныг ашиглаад Монголын ард түмэндээ чин сэтгэлээсээ баярлалаа гэдгээ хэлье.

С.ЛХАМСҮРЭН