Өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдлын тоймыг хүргэе.

Улс төр: Үндэсний аудитын газарт хүргүүлсэн намуудын мөрийн хөтөлбөр бүдэрлээ

УИХ-ын сонгуулийн тухай хуулиар сонгуульд оролцох нам, эвсэл сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө Үндэсний аудитын газарт хүргүүлэх хуулийн заалттай. Энэ дагуу Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 намаас 27 нь мөрийн хөтөлбөрөө хуулийн хугацаанд нь хүргүүлсэн.

2020 оны УИХ-ын сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөртөө аудитын дүгнэлт хийлгэсэн нам, эсвлүүдийн дийлэнх нь хуулийн шаардлагад нийцээгүй мөрийн хөтөлбөр боловсруулжээ.

Тодруулбал, МАН, АН, МАХН, ШИНЭ намын эвсэл зэрэг 4 эвсэл, 8 намын нийт 12 мөрийн хөтөлбөрт 5 хоногийн дотор зөрчлийг арилгах дүгнэлтийг Үндэсний аудитын газраас хүргүүлсэн байна. Энэ удаагийн сонгуульд 15 нам, 4 эвсэл оролцохоор мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн бөгөөд тэдний 63 хувь нь хуульд нийцээгүй мөрийн хөтөлбөртэй байжээ. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Нийгэм: -Сангийн яам, ГЕГ-ын удирдлагууд харийнхны өмнө бөхийв үү-

Алтанбулагийн хилийн боомтын тендерт гадны компани шалгаруулахыг санаархаж байна. Алтанбулаг хилийн боомтын барилга байгууламжийн өргөтгөл, засвар шинэчлэлийн барилга угсралтын тендерийг өнгөрсөн 2019 оны аравдугаар сарын 18-нд зарлаж, сарын дараа буюу арваннэгдүгээр сарын 19-нд нээсэн байдаг.

Энэ тендерийн захиалагч нь Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл. Хилийн үйлчилгээг сайжруулах замаар гадаад худалдааг илүү шуурхай, боловсронгуй болгох, бараа эргэлтийг нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, худалдаа эрхлэхэд зарцуулж буй зардлыг бууруулах, цаг хугацаа хэмнэх зорилго бүхий тус төслийн хэрэгжүүлэгч байгууллага нь Сангийн яам, гүйцэтгэгч нь харин Гаалийн ерөнхий газар. Илүүг эндээс уншина.

Эдийн засаг: АХБ: Монголын эдийн засгийн өсөлт хоёр дахин буурч болзошгүй

  • Төсвийн оновчтой бодлого хэрэгжүүлэхгүй бол өрийн хямралд орох эрсдэлтэйг сануулав

Азийн эдийн засгийн эрч саарч байна. Хувьцааны үнэ үргэлжлэн унаж, таваарын зах зээлд таагүй үзүүлэлт хөвөрсөөр. Дэлхийн худалдааны эргэлт удааширч, хямралын үеийн эдийн засгийн бодлогыг улс орнууд хэрэгжүүлж байна. 2020 оны эдийн засгийн төлөв өөрчлөгдөж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт буурч эхэллээ. Ажилгүйдэл, ядуурал томоохон сорилт дагуулахаар байна. Өндөр өсөлт, эерэг үзүүлэлт биднээс улам холдож, бизнесүүд доголдсоор. Үргэлж буцалж байдаг Азийн эдийн засагт нам гүм ноёлж, өөдрөг төсөөллүүд мөрөөдөл төдий сонсогдох болов. Цар тахлын аюул эдийн засгийн төлөвийг дахин шинээр зурахад хүргэж байна. 

Азийн эдийн засгийн өсөлт 2020 онд хоёр дахин агших таамгийг Азийн хөгжлийн банк танилцууллаа. 2019 онд 5.2 хувиар өссөн бол энэ онд дөнгөж 2.2 хувьд хүрэхээр байна. АНУ, БНХАУ-ын хооронд өрнөсөн худалдааны маргаан намжаагүй, уршиг нь мэдрэгдсээр байгаа энэ үед цар тахлын нөлөө Азийн эдийн засгийг бүхэлд нь нөмөрлөө.

 Шинэчлэн боловсруулсан “Азийн хөгжлийн төлөв” тайлангаас үзэхэд, БНХАУ-ын эдийн засаг оны эцэст 2.3 хувиар өсөхөөр байгаа аж. Эрчтэй тэлж байсан өмнөд хөршийн эдийн засаг уналттай золгосноор хөгжиж буй Азийн орнуудын эдийн засаг ташраараа хэвтэрт орж байна. Жилд 5-6 хувиар өсөж байсантай нь харьцуулахад Хятадын аварга том эдийн засаг энэ онд хүнд цохилт амсах нь. Хэрэв COVID-19 вирусийн тархалт цаашид үргэлжилсээр байвал дээрх таамаглал доош буурна гэдгийг АХБ анхааруулжээ. Монгол Улсын эдийн засаг агших үзэгдэл үргэлжлэх нь. 2020 онд 2.1 хувиар өсөх таамгийг АХБ дэвшүүллээ.

Цаг хүндэрч байгаа тул төсвийн оновчтой бодлого хэрэгжүүлж, ач холбогдол багатай зардлаас татгалзаж, өрийн хямралд унахаас сэргийлэх зөвлөмж өглөө. Эрдсийн экспортоос орж ирэх төсвийн орлогын өөрчлөлтийг сайтар тооцоолж, хэт өөдрөг төсөөлөлд автахгүй байхыг санууллаа. Санхүүгийн хүндрэл, хямрал улам газар авч магадгүй тул үл ойшоож болохгүй гэдгийг ч онцолсон юм. Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн орлогч Деклан Магий “Монгол Улсад коронавирустай холбоотойгоор аялал жуулчлал, үйлчилгээ, аж үйлдвэр, жижиглэн худалдааны салбаруудад нөлөөлөх нөлөө их. Төсөв болон дотоодын хөрөнгө оруулалт мөн энэ нөлөөний гадна үлдэхгүй” хэмээн тодотгосон. Эдийн засгийн уналт улс орнуудыг улам хариуцлагатай байхыг шаардаад эхэлчихлээ.

эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН

Спорт:Олимп хойшилсон шийдвэрийн тусгал

Хүн төрөлхтөн тэр чигээрээ тэсч ядан хүлээдэг зуны олимпийн наадам болохоосоо 122 хоногийн өмнө бүтэн жилээр хойшилчихлоо. МҮОХ ч уг шийдвэрийг дэмжин хүлээн авав. Тэгэхээс аргагүй юм.

Дэлхий нийтээр “COVID-19”-ийн эсрэг тэмцэлд ялах уу, “Токио-2020” олимпод медалийн ялалт байгуулах уу гэсэн сонголт бий болоод байгаа цаг үе л дээ. Олимпод ирэх байсан 206 орны 11 мянган тамирчин сэтгэл гонсгор байгаа тухай дэлхийн хэвлэлүүд бичиж байна. Монголчууд ч гэсэн бусдын адил олимп хойшиллоо гэсэн үгэнд үл итгэх хандлагатай байсан. Манай тамирчид анх олимпод оролцсоноос хойш 56 дахь жилтэйгээ золгож байна. Сүүлийн жилүүдэд олимп бүхнээс л нэг шинэ мэдээ сонсдог болсон. Тэгвэл энэ жил үгүй нь ээ. Үргэлжлэлийг эндээс уншина уу.