Замын цагдааг “өдөрт 20 торгууль олж ир” гэж шахдаг байсан нь гурав дахин нэмэгдэж, 60 торгууль бичих үүрэг өгсөн аж.
 

Цагдаа нар нормоо биелүүлэхийн тулд зам дээр 24 цагаар чардайж, халдварын эрсдэлд өртөх нөхцөл тэр хэрээр нэмэгдэж байгаа ч гомдоллох зүрхтэн алга. Ингээд хөдөлсөн бүхнийг зогсоож, зогсоосон болгоноо торгож байна. Өнгөрсөн оны сүүлээр 2020 оны төсөв хэлэлцэх үед Нийслэлийн засаг даргын санаачилгаар автозам ашигласны татварыг тав дахин нэмэгдүүлж, 50 гаруй тэрбум төгрөг босгох саналыг НИТХ-аар хэлэлцэж эхэлсэн. Гэхдээ жолооч нар хүчтэй эсэргүүцсээр энэ саналыг цуцлуулж чадсан юм. Харамсалтай нь төлөх байсан татвараа торгууль хэлбэрээр хураалгана гэдгээ мэдсэнгүй. 

Тухайн үед НИТХ дахь АН-ын бүлгээс “өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, иргэдийн бодит орлого буурсан” шалтгаанаар эсэргүүцэж байв. Тэгвэл өнөөдөр COVID-19-ийн нөлөөгөөр байдал бүр дордсон. Цалингаа авч чадахгүй, ажлаасаа халагдсан иргэд “халтуур” хийж амь зуулгаа залгах болов. Гэвч тэд уулвар бүрийн цаана “отолтод” орж, өдөржин яваад ч олж чадаагүй их хэмжээний мөнгөөр тас хийтэл торгуулж байна. “Халтуурчид” өдөржин явж 20-30 мянган төгрөг хийвэл азтайд тооцож атга чихэр хүүхдэдээ барьж ордог бол нэг удаагийн торгуульд 20-50 мянган төгрөг шууд бичигддэг. Засгийн газраас иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр ярьж буй. Нэг гараа өгөөмөр дэлгэн, нийгмийн даатгалын шимтгэл, татвараас чөлөөлж, зээлийг хүү алданги тооцолгүйгээр хойшлуулах зэргээр дэмжинэ гэж байгаа ч нөгөө гараараа торгуулийн хэмжээг нэмэгдүүлж, иргэдийн хэмнэсэн, арай гэж олсон хэдэн төгрөгийг хурааж буй төрийн хоёр нүүрийг яалтай. Улс орнууд татварын хөнгөлөлт, нийгмийн халамжийн бодлогоор иргэдээ бөөцийлж байхад Улаанбаатарын захирагчид нимгэрсэн халаасыг нь хайр найргүй хоосолж байна. 

 

Дүрмээ ягштал баримталвал торгуулах шалтаг олдохгүй гэж хариуцлагатай иргэн үзэх ч энхэл донхолтой замын бартааг тойрох, хөдөлгөөнд дураараа оролцох нэгнээс бултах зэргээр нэгдүгээр эгнээнд шахагдах төдийд торгуулийн хуудас тас хийтэл бууна. Мөн орон нутгийн зам, хурдны гэж болох замуудад алсаас “буудах” хурд хэмжигчийн хязгаарыг нэмэгдүүлж, тасралтгүй ажиллуулан төсвийн хэтэвчийг түнтийлгэсээр байна. 500 метр зайд хурд хэмжиж анхааруулдаг байсныг гурав дахин нэмэгдүүлж км хагасын алсаас бүртгэж, торгуульд оруулдаг буянтан болсон гэх. Хурдны хязгаар тавьж ослоос хамгаалах зорилгыг нь орлого нэмэгдүүлэх хэрэгсэл болгон хувиргалаа. Торгуулиар төвлөрсөн мөнгийг хэрхэн зарцуулдаг вэ. Энэ талаар тайлан мэдээлэл хаана ч гардаггүй. Нууц учраас ямар ч таамаг хэлж болно. Жишээ нь, “Өдрийн цагт аваарын гэрлээ асааж халдвараас сэргийлье. Тээврийн цагдаагийн газар” гэж өдөрт хоёр удаа явуулдаг мессэжийн төлбөрт “талийж” байж ч магад. Харин автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлж чадаагүйдээ “шаралхсан” нийслэлийн нэгэн дарга “Ирэх жил тэгвэл зам засварын нэг ч ажил хийж чадахгүй, дугуйн зам ч барихгүй” гэж билээ. Үнэхээр тэд хэлсэндээ хүрч, нийслэлийн зам дээр нэг ч нөхөөс тавиагүй. Татвараа тав дахин өсгөж төлсөн бол жолооч нар хагархай замаар хайвагнан мөлхөхгүй байж. Харин торгуулиар төвлөрүүлсэн мөнгөөр замаа засахыг шаардвал “даварсандаа ордог” болов уу. Нийслэлийн төсөв 50 хувиар буурч, бүтээн байгуулалт зогсож байгаа ч 15 тэрбумаар үнэлэгдэх төв талбайн урд талын цэцэрлэгийн моддыг хяргаж, зуны гурван сард л ажиллах усан оргилуур барихад 3.2 тэрбумыг цацах зоригтойгоо батлан харуулсан удирдлагуудаас торгуулийн мөнгөөр ямар бүтээн байгуулалт хийх гэж байгааг нь үүгээр уламжлан асууя. Дараагийн дугаарт бид замын цагдаа нарын хамгийн ашигтай уулзваруудын талаар нийтлэл хүргэх болно.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН