Эрдэнэс Тавантолгой” компани 2019 онд нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс ногдол ашиг тараах шийдвэрт хүрч, өнөөдрөөс нэрийн дансаараа дамжуулан хувьцаагаа баталгаажуулсан иргэд ногдол ашгаа авахаар болж байна.

Нэгж хувьцаанд 90 төгрөг ногдож буй бөгөөд 1072 хувьцаа иргэн 96,480 төгрөг авахаар байгаа. 1072 хувьцааны өгөөжийг иргэдэд хүртээх, ногдол ашиг тараах, хэмжээг нь нэмэгдүүлэх, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, компанийн төсвийг үр ашигтай байлгахад “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо” жилийн өмнөөс тодорхой шаардлага тавьж, тэмцэл хөдөлгөөн өрнүүлж, олон нийтийг зөв мэдээллээр хангахад анхаарч ирсэн. Тэгвэл үүний үр дүн гарч, хөрөнгийн зах зээлд шинэ соёл бий болж байна. Үүнтэй холбогдуулан хөрөнгийн зах зээлд оролцогчдын байр суурийг сонирхлоо. 

Ойрын хугацаанд арилжаа нээгдэнэ гэсэн хүлээлттэй байна

Х.Алтай (Монголын хөрөнгийн биржийн гйүцэтгэх захирал)

-“Эрдэнэс Тавантолгой” сонгодог утгаараа хувьцаат компани болох алхам үүгээр нээгдэж байна. Хэрэв ногдол ашиг тараахаас өмнө 1072 ширхэг хувьцааг дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах эрхийг нь нээсэн бол илүү эдийн засагт бодитой мэдрэгдэх байлаа. Тэр тусмаа хөрөнгийн зах зээлд энэхүү нөлөө харагдах байсан. Гэхдээ ойрын хугацаанд энэ арилжаа нээгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Эдийн засгийн өсөлт саарсан, аж ахуйн нэгж, хувь хүний орлого багассан, бараа бүтээгдэхүүний борлуулалт тааруу байгаа энэ үед ногдол ашиг тарааж байгаа нь ажлын байраа хадгалах, худалдаа, үйлчилгээний салбараа дэмжихэд тодорхой хэмжээний эерэг нөлөө үзүүлнэ. Өрхийн орлогод ч тус нэмэртэй. 

Хөрөнгийн зах зээлийн түүхэнд чухал үйл явдал 

Б.Өлзийбаяр (Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга)

-Хөрөнгийн зах зээлийн түүхэнд чухал үйл явдлын нэг энэ удаагийнх болж байна. 2012 онд эзэмшүүлсэн 1072 ширхэг хувьцааны үр өгөөж, ногдол ашгийг иргэд олон жил харж, хүлээж байсан. Тэгвэл өнөөдөр ногдол ашиг гэж авснаар иргэдийн хөрөнгийн зах зээлд итгэх итгэл нэмэгдэнэ. Үүнээс гадна олон нийтийн санхүүгийн мэдлэг боловсрол дагаад сайжирна. Ногдол ашгаараа өөр компанийн хувьцаа худалдан авч, хувьцаагаар ашиг олж сураасай гэж хүсдэг. Сүүлийн үед эдийн засгийн идэвхжил суларснаас болоод хөрөнгийн бирж дээр хувьцаа уналттай байна. Энэ үед хувьцаа аваад “дарж” болно. Иргэдэд сонголт нь байна. 

Төр ногдол ашгаа юунд хэрхэн зарцуулах нь тодорхойгүй байна

Г.Мөнх-Эрдэнэ (Хөрөнгийн зах зээлийн шинжээч)

-Олон жил ашиггүй ажилласан компани 2018, 2019 онд ашигтай ажиллаж, цэвэр ашгаасаа ногдол ашиг тараахаар болсон нь ахиц дэвшил. Иргэдийн хувьд хувьцааны нэрийн данс, ногдол ашиг, хөрөнгийн зах зээл гээд тодорхой ойлголтууд эндээс авч байна. Нийт ногдол ашгийн 80 гаруй хувийг төр давамгай хувьцаа эзэмшигчийн үүднээс авахаар байгаа. Үүнийг юунд хэрхэн зарцуулах нь анхаарал татаж байна. Жижиг дунд үйлдвэрийн зээлд зарцуулах уу эсвэл байшин барилгын төсөл эхлүүлээд царцаах уу. Валютын ханш яах вэ гээд нөлөөлөл бий. 1072 хувьцааг дотоодын биржээр арилжаалах эрхийг нь нээх учиртай. Ингэснээр бүрэн дүүрэн ойлголт иргэдэд бий болно. 

Ногдол ашиг эдийн засгийн ийм уналттай үед өрхийн хэрэглээг дэмжинэ

Б.Мөнхдөл (Cover Mongolia компанийн үүсгэн байгуулагч)

-Дотоодын хөрөнгийн зах зээлд шууд нөлөө үзүүлэхгүй. Бирж дээр хувьцаа нь одоогоор арилжаалдаггүй болохоор нөлөө нь бага байна гэсэн үг. Харин иргэдийн дунд хувьцааны талаарх ойлголт бол сэргэсэн. Тухайлбал, хувьцаа, ногдол ашиг, хувьцаа эзэмшигчдийн хурал гээд энэ талаар багагүй мэдээлэл авсан байх аа. Ногдол ашиг эдийн засгийн ийм уналттай үед өрхийн хэрэглээг дэмжих хөшүүрэг. “Эрдэнэс Тавантолгой” компанийн түүхэнд төдийгүй дотоодын хөрөнгийн зах зээлд хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй компани ногдол ашиг тарааж байгаагаараа анхдагч юм.

Засгийн газрын мэдээ сонин