Нийслэлийн иргэдийг орон сууцаар хангах асуудал үе үеийн удирдлагуудын “толгойн өвчин” болж, харин биелүүлбэл “том оноо” авдаг тоглолт байсаар ирсэн. Нэг ч гэсэн яндан буулгаж, нүхэн жорлонг цөөрүүлнэ гэдэг энэ болоод хойд насны буян гэх нь холгүй “чинхүү сэтгэлээр” ханддаг хотын дарга нарын түмэн зөв.

Харамсалтай нь дахин төлөвлөлтөөр газар чөлөөлөх үйл явц орон сууцанд оруулах хүртлээ түмэн зовлон, мянган бэрхшээлийг туулж, хохирч, завшигсдын хэл ам татрахгүй, шорон оронгийн хаалга татахын наахнуур хууль шүүхээр орж, гарч явна. Энгийн иргэдэд золтой, эцсийн зорилго нь бүтэлтэй л бол ямар замаар яаж зохицуулсан нь хамаагүй гэх хандлага нийгэмд хар аяндаа сууж байна. Ийм нэгэн тохиол яг одоо өрнөж, газраа чөлөөлөх, эс чөлөөлөхийн дэнсэнд хоёр хуваагдсан Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз орчмын иргэдийн нөхцөл байдлын талаар сурвалжиллаа. 

Цайз орчмын гэр хорооллынхон дэд бүтцээ хүлээж байна

Буянт Ухаа-2 хорооллын 972 айлын орон сууцны 60 хувийг түрээслээд өмчлөх болон энгийн түрээсийн журмаар иргэдэд олгох шийдвэр гаргасан. Энэ 582 айлын орон сууцанд 35,058 иргэн орох хүсэлтээ өгчээ. Тиймээс байрны урьдчилгаа төлөх боломжгүй зорилтот бүлгийнхэнд шалгуур тогтоож, шаардлага хангасныг нь сугалаагаар тодруулсан. Залуу гэр бүл гэхэд 15 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, ахмад настан нь 80-аас дээш настай байх зэргээр тогтоосон өндөр босгыг давж шигшигдэн үлдсэн цөөн иргэдээс аз нь шовойсон хэд нь байрныхаа түлхүүрийг гардаж байв. Харин газраа чөлөөлсөн иргэдэд зориулж тус байрны 40 хувийг хадгалан үлдсэн. Дахин төлөвлөлтөд хамрагдаж, хашаа байшингийн эзэмших гэрчилгээгээ байрны гэрчилгээгээр солих хүсэлтэй зуу зуун мянган өрх тэрхүү байрнаас хүртэх хүсэлтэй. Харин хүссэн бүхэн олдохгүй боломж НОСК-ийн дарга Б.Сүхбаатарын тойргийн сонгогчдод тохиов. Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз захын зүүн хойно орших хуучин орос цэргийн анги байсан газар нийслэлийн гэр хорооллуудаас хамгийн тохилог нь гэж болно. Сибирийн хуснаас эхлээд төрөл бүрийн мод ногоорсон тус газрын гудамж бүрийн дундуур хуучны цардмал зам татаастай. Бараг айл бүрийн хашаанд олон жил ургасан модтойгоос гадна иргэд өөрсдөө жимсний бут, цэцэг тарьж, зүлэгжүүлсэн нь бий. Энэ газарт дэд бүтэц татаж, хаус хорооолол болгоно гэх нийслэлийн ерөнхий төлөвлөгөө бий. Иргэд нь ч ирээдүйд хананаас усаа авдаг, боловсон жорлонтой болно гэж төсөөлөн хүлээдэг аж. Энэ ажлын эхлэл болгож 2018 онд НОСК, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, “Эрэл” ХХК-ийн Байшин үйлдвэрлэх комбинат, “Ариг” банкны хамтарсан олон талт гэрээ байгуулж, “Цайз эко хотхон”-ы ажлыг албан ёсоор нээж байлаа. Нэг блок нь дөрөвхөн айлтай, автомашины зогсоолтой, түүнчлэн унтлагын өрөө, ариун цэврийн өрөө тус бүр хоёр, гал тогоо, зочны өрөө бүхий бараг “тансаг” зэрэглэлд багтаж болох амины орон сууцны зураг төслийг Герман Монголын хамтарсан архитекторчид гаргажээ. Дулаан алдагдалгүй, есөн баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, агааржуулалтын системтэй гээд герман чанарыг мэдрүүлсэн энэхүү амины орон сууцаа таван айлын газар чөлөөлж барьж эхэлсэн ба төслийн гүйцэтгэл 712 айлын амины орон сууц бүхий хотхон босгосноор дуусах аж. Удахгүй ашиглалтад өгөх гэж буй 20 айлын амины сууцыг таван айлын газарт барьснаар нь тооцвол төсөлд дахин 170 хашааны газрыг чөлөөлөх шаардлагатай. Эхний сууцыг барьж дуусгаад одоо төвийн шугамд холбох шатанд явж байна.

(Нэг блок нь дөрөвхөн айлтай, автомашины зогсоолтой, түүнчлэн унтлагын өрөө, ариун цэврийн өрөө тус бүр хоёр, гал тогоо, зочны өрөө бүхий бараг “тансаг” зэрэглэлд багтаж болох амины орон сууцны зураг төслийг Герман Монголын хамтарсан архетикторчид гаргажээ)

Газраа чөлөөлсөн иргэд Буянт Ухаа-2 хороололд шууд байранд орно

Ийм ирээдүй хүлээж буй оршин суугчдын газрыг Буянт Ухаа-2 хороолол дахь 1054 дүгээр байрны 1-3 өрөөгөөр солих гэрээ хийж эхэллээ. Иргэдийн хашаан дахь байшин, амбаар, жорлон, мод, бутыг хүртэл үнэлээд орон сууцны ам метрийг 1,480,000-аар бодсон дүнгээс зөрвөл гэрээ байгуулж тохиролцож байгаа аж. Ингэхдээ хашаа байшингийн үнэлгээ орон сууцны үнээс 15 сая төгрөг дотор илүү гарвал зөрүү мөнгийг энэ жилдээ багтааж улсаас олгоно гэнэ. Харин дутвал найман хувийн зээлд шууд хамруулж өгөх аж. Газраа чөлөөлөөд хэдэн жил болсон ч айлаар хоноглож, түрээсийн байр хэсэн хохирч байгаа иргэдийн гомдол, цөхрөлийг мэддэг болсон хүмүүс хашаа байшингаа шууд бэлэн байраар “тулах” саналыг дуун дээр нь зөвшөөрч, байшин саваа буулгаж, гэр бараагаа нүүлгээд эхэлжээ. Тэднийг үлдсэн хогоо ачуулж, цэвэр тэгш газраа хүлээлгэж өгөөд, байрны түлхүүрээ авах нөхцөлтэй гэрээ хийж байна. Үнэлгээний компани, үйлчилгээний хөлс, татвар нийлсэн 500 орчим мянган төгрөг төлөөд хашаагаа орон сууцаар солих гэрээ байгуулах иргэд НОСК-ийн байранд дугаарласаар байна. Гэр хорооллын иргэд газраа шууд байраар сольж буй ийм тохиолдол өнгөрсөн түүхэнд бараг байхгүй. Нийслэлийн орон сууц хариуцсан том даргыг сонгосныхоо буянаар тэд ийнхүү байртай болж байна. Сонгуулийн сунгаа ийм сайхан... 

Үл хөдлөх хөрөнгөө үнэгүйдүүлэхийг хүсэхгүй байна 

Харин нөгөө талаас өөрийн гараар бүтээж босгосон, ургуулж тарьсан бүхнээ хамгаалж, удахгүй татах дэд бүтцээ хүлээж буй амьжиргаа сайтай айлууд нийслэлийн баруун захад давчуу байраар орон гэрээ солихыг хүсэхгүй байна. Тэд “50-60 жилийн настай моддыг эзэнгүй гэж үзнэ гэвэл, шинээр тарьж ургуулсан бүхнээ өмч гэж хамгаална” гэх аж. “60 мянган төгрөгөөр авч, арчилж ургуулсан гацуурыг минь үнэлгээний компани наймхан мянган төгрөгөөр үнэлээд газартай тэгшилнэ гэнэ, яавч зөвшөөрөхгүй” гэх нэгэн байхад, “Энэ дэлгүүрээ ажиллуулж орлого олдог болохоор бид газрын холд ганц хоёр өрөө байранд ороод яаж амь зуух билээ” гэх нь ч байна. Мөн олон жил дасал болсон газар, ажил, сургуулиа орхиод, Буянт Ухаад амьдарч чадахгүйгээ учирлах нь ч таарлаа. Үүнээс гадна хашаа байшингийн үнэлгээ нь орон сууцны үнэд хүрэхгүй, мөн жижиг хашаанд 2-3 айл хамт амьдардаг нэлээд олон өрх газраа чөлөөлөх боломжгүй байгаа аж. Тэдний газрыг 40 гаруй сая төгрөгөөр үнэлээд, 65 саяын үнэтэй байранд орохыг тулгахдаа 20 орчим сая төгрөгийн зөрүүг нь ипотекийн зээлд хамруулж шийднэ гэж ятгаж байна. Тухайн газрыг эзэмшигч удахгүй тэтгэвэрт гарах насны хүн байсан ч НОСК-ийн даргын хувьд ипотекийн зээлийн өндөр босго асуудал биш бололтой. Иргэдийн дургүйцлийг хүргэж байгаа өөр нэг зүйл бол газраа чөлөөлөхийг зөвшөөрсөн хэсгийг нь турхирч, бусад айлыг ятгуулж байгаа гэнэ. Хэсэг бүлгээрээ нийлээд оройн цагаар айлуудын амгалан тайван байдлыг алдагдуулж, хаалгыг нь балбаад, газраа чөлөөлөхийг шаарддаг болжээ. Тэр бүү хэл “шүүхэд өгнө”, “тогийг чинь тасална” гэж сүрдүүлж байгааг дуулгасан юм. Ийнхүү НОСК-ийн даргын тойргийнхон хорио цээрийн дэглэм сахихаа ч мартаж, “корона” манатай бужигнаж байна. Өнөөдөр гэр хороололд байснаа маргааш орон сууцанд орох нь олон өрхөд ашигтай тусах ч удахгүй татах төвийн шугам хүлээж, өөрийн эзэмшилдээ тав тухтай амьдрахыг эрхэмлэх хэсэг түүнээс багагүй байна. НИТХ-ын сонгуулиар ажлаа алдаж болзошгүй НОСК-ийн даргад ямар ч хамаагүй үнээр амжиж газар чөлөөлж аваад эхлүүлэх гэж зүтгэж буй төсөлд нь ашиг сонирхлын зөрчил бий гэж хардах нэгэн ч үгээ хэлж байлаа. Хачирхалтай нь иргэдийн чөлөөлсөн газарт ямар төсөл хэрэгжих гэж байгаа талаар огт мэдээлэл өгөөгүй ба төрийн албанаас нэг ч хүн ирж албан бичиг, тушаал шийдвэр танилцуулаагүй аж. Мөн төв зам дагуух авто үйлчилгээний газруудын яг арын нэгдүгээр гудамжаас хойш долдугаар гудамж хүртэлх газрыг чөлөөлнө гэж ирсэн ч эхний гурван эгнээний ихэнх айл зөвшөөрөөгүй тул хойш сунаж, 10 дугаар гудамж хүртэл “зөөсөн” аж. Хэрэв Засгийн газар, хотын захиргаанаас зураг төсөл гаргаад шийдвэрлэсэн кампанит ажил юм бол ингэж газар дээрээ хувирч болдог юм уу гэж гайхах иргэдтэйгээ өөрийн биеэр очиж уулзаад, мэдээллээр хангахыг хүсье, Б.Сүхбаатар дарга аа. 

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН