Эх хэл сөнөлөө мөхлөө гэдэгтээ тулаад одооны энэ хүүхдүүдийг ээ гээд чичлээд суух нь оновчтой бус юм. Үндэсний эх хэлний торгон манаанд зогсох дараагийн хилчид бол бидний ирээдүй үе мөн гэж бодож байгаа бол тэднийг сурган хүмүүжүүлэх их үүрэг нь биднийх гэж бас ойлгох хэрэгтэй байна.

Энд хувь хүн айл өрхийн хариуцлагаас гадна бас л нөгөө төрийн бодлого гээч нь дутаад байгаа юм.

Үнэхээр монгол хэлээрээ ярьж сэтгэж чадахгүй хүүхдүүд олноороо өсөж байна. Зөвхөн монгол төрхтэй гэхдээ бас яалт ч үгүй монгол хүнээс гарсан гадаад хүн гадаадад болоод монголд олширч байна.

Гадаадад байгаа нь өнгөрсөн хэрэг. Дотооддоо ийм хүмүүсийг нэмээд байх хэрэг байна уу. Өөрсдөө бид зохиомлоор тийм хүмүүсийг сурган өсгөөд дараа нь бид хэндээ гомдож суух юм бэ.

Баярхаж чамирхахын өвчин тусаж зарим нь тэднээс дутахгүйг хичээн байдгаа барж нялх хүүхдээ гадаад хэлтэй сургуульд өндөр үнэ төлөн явуулж байна.

Хүүхдээ монгол сэтгэхүй хэл соёлоос нь хөндийрүүлэхэд хэтэвчээ нимгэлэн хүүхдээ зовоох нь хаанахын ёс хэний зарлиг юм. Эх хэлээ бүрэн сураагүй хүүхэд шууд л гадаад хэл сураад түүгээрээ сэтгээд эхлэхээр яах болж байна.

Гадаад хэл хичнээн сайн эзэмшээд монгол хэлээ мэдэхгүй болохоор орчуулга ч хийж чадахгүй байна. Орчуулга хийж чадахгүй гадаад хэлтэй хүнийг хэлний боловсролтой хүн гэж хэлэх нь учир дутагдалтай.

Нэгдүгээр ангиасаа гадаад хэлтэй сургуульд орсон хүүхдүүдийн хөгтэй ярианы түүх зөндөө байх юм. Энэ нь инээдэм биш эмгэнэл гэдгийг ойлгоосой.

Манай нэг танил айлын охин орос сургуульд сурдаг юм. Тэр охин эмээгээ гэртээ ганцаар байхад нь орж очоод “эмээ таны ард зогсож байгаа хоёр аягыг би авчих уу” гэж хэлээд эмээгээ айлгасан удаатай. Гэртээ ганцаар байсан эмээ нь ихэд сандран “Цөг чи миний ард юу зогсож байна” гэж уулгаласан гэдэг.

Ээрч муурч үгээ эрж хайж ядсан тэд ээж ааваасаа үүнийг монголоор яг юу гэж хэлэх вэ, би ойлгоод байгаа ч хэлж чадахгүй нь гэж тусламж хүсэх нь энүүхэнд. Ийм монгол хүнийг бий болгосон ээж, аавууд өөрсдөө буруутай.

Ер нь манайхан гадаадаар гангалан гайхуулах өвчнөөсөө салах цаг аль хэдийн болсон баймаар юм. Дээхэн үед гадаад хүн гэхээр соёлтой мундаг бидэнтэй харьцуулшгүй бурхан мэтээр ойлгодог байв. Дараа нь гадаадад гарч чадвал гайхамшигтай болж хувирсан. Мөн гадаад хэлгүй л бол хүн биш гэхээ шахсан.

Мэдээж хэлтэй бол хөлтэй гэдэг үнэн хэдий ч хэзээ, хэдэн настайдаа, ямар үе шатаар бас хэн нь сурах хэм хэмжээг бодох нь бас л асуудал юм. Өөрийн орондоо байгаа хэн боловч ихэмсэг, эрхэмсгээр өөрийн хэл соёлоороо гайхуулан суух учиртай.

Англи хэлтэй Франц хүнтэй нутагт нь англиар ярих гэвэл ойлгосон ч үл тоон францаар ярихыг шаардана. Гэтэл манайхан долдой гэдэг нь. Өөр өөрийнх нь хэлээр л ярихгүй бол болохгүй мэт гүйнэ. Тэр дундаа төр засгийнхан гадны ямар ч хүнтэй ярьсан хэлийг нь мэддэг ч зөвхөн эх хэлээрээ ярьж, орчуулагчаар дамжуулах ёстой.

Зарим нь хэл мэддэгээ гайхуулах гэж далдагнахаа болисон нь дээр. Монгол цэцэрлэгт явдаг эрлийз хүүхэдтэй багш нь ойлголцох гэж тухайн хэлээр нь ярьж байх юм гэнэ. Гадаадын өчнөөн оронд монгол хүүхэд цэцэрлэг сургуульд явж байгаа гэтэл багш нь хөөрхий энэ хэл ойлгохгүй нь гээд монголоор ярина гэж төсөөлөөд ч хэрэггүй.

Доголдож сэтгэсэн алдааг авхаалжтайгаар ашиглан гадаад хэлний бага сургууль байгуулан манай зарим нэгэн хөлжөөд авсан. Баяжихааар үл барам хүүхэд нь ихдээд гэдийж суугаад үнээ нэмдэг болсон. Өгөөд байхад хүн авалгүй ч яахав дээ. Сургууль байгуулсан хүний, сургуульд суусан хүүхдийн буруу гэхээсээ сургуульд хүүхдээ хар нялхаас нь хэлийг нь эвдэх гэж өгч байгаа эцэг эхийн болчимгүй алдаа мөнөөсөө мөн.

Сургуулийн хүүхдийг нэгээс гуравдугаар анги хүртэл заавал монгол сургуульдаа суулгах албан ёсны шийдвэрийг засаг төрийн зүгээс гаргаж өгөх хэрэгтэй байна. Бүр хуулиндаа хатуу зааж хууль эс зөрчих тухай ярих хэрэгтэй.

Гадаадын зарим улс орон ийм зарчимтай байна. Зургаан настнуудад ул суурь муутай хуулбарлан дууриаж уршиг тарьж суухын оронд энэ мэт зөв бодлогыг нь хуулбал яадаг байна.

Хүүхдийн хэл нь жигдэрсэн гацаа нь гарсан үед ямар хэлээ сонгон ямар сургуульд суулгах нь дурын хэрэг.

Ганган явах гэж ... явна гэдгийн үлгэрээр хүүхдээ хэлтэй мундаг болгох гэж эх хэлийг нь эвдээд хэрэггүй л болов уу.

Бидний үед орос хэлийг дөрөвдүгээр ангиас нь эхлэн заадаг байсан. Үүнийг бодохоор манай боловсролын бодлого дээшлээд байна уу, доошлоод байна уу гэж бодогдож байна.

Дуртай бүхэн нь дургиж наадлаа ч боловсрол хэл соёл эрүүл мэндийн дархан хилийг зөрчинө гэдэг эх орноо эмтлэн идэж байгаагаас ялгаа юу билээ.

А.Байгалмаа