DNN-Тодруулга” буланд хувиараа биенес эрхлэгчид жижиг, дунд үйлдвэрлэгчид өөрсдөдөө тулгараад буй асуудлаа ярилаа.

Төв аймгийн Жаргалант суманд хувиараа хөдөлмөр эрхлэгч Б.Батцэцэг: Миний хувьд Төв аймгийн Жаргалант суманд жижиг махны лангуу ажиллуулдаг. Улс орон даяар хөл хориотой байгаа хүнд үед өндөр хүүтэй зээлтэй, хувиараа жижиг бизнес эрхэлдэг бидэн шиг хүмүүст хамгийн хүндтусч байна. Ажил зогссон орлогогүй үед зээлээ төлөхийн тулд өөрт байгаа бүхнээ шавхаж, хүүхдийнхээ хадгаламжийг хүртэлхоосолж байна. Дээр нь таван хүүхдээ тэжээх гээд амьдралд асуудлууд мундахгүй. Гэтэл үүний хажуугаар миний бие сард зээл, түрээсийн зардлуудтайгаа нийлээд 3 сая гаруй төгрөг ганцаараа төлж байна. Батлан даалтын зээл банкаар дамжуулан өгдөг нэртэй ч тэр зээлийг хэн ч авч чаддаггүй, хүрэх ёстой эздэдээ очдоггүй. Нэг талаасаа хатуу хөл хорио тогтоох шийдвэр зөв байж болох ч хувиараа хөдөлмөр эрхлэгчид, жижиг бизнесүүдэд маш хүндээр тусч байгаа. Зээлийн хүүг царцаахгүй зөвхөн зээлийн хугацааг хойшлууллаа гээд ямар ч нэмэргүй. Миний зүгээс Засгийн газартаа л маш их гомдож байна даа. Дээрээс биш дэргэдээс хараасай гэж их залбирч байна.

 

Цэцэг хүргэлт, цахим худалдаа эрхлэгч Д.Дагвасүрэн: Манай компаний хувьд цэцэг хүргэлт, цахим худалдаа болон вебсайт хийх чиглэлээр ажилладаг. Барилгын материалын дэлгүүрүүдийг хаасан учраас барилгын материал худалдааны сайтын үйл ажиллагаа зогссон байгаа. Энэ үеэр ажилчдынхаа цалинг яаж тавина аа гэсэн олон хүмүүс байна.Хил, гааль хаалттай болохоор урдаас бараа, материал оруулж ирж, худалдаалах бүх төрлийн худалдаа ч мөн түр зогсчихлоо. Хөл хорионы дэглэм цахим бизнесүүдийг ялгаагүй хязгаарласан гэж болно. Хэдийгээр өчигдөр бараа материалын цахим худалдааг нээсэн боловч цахимаарQR код авахыг шаардаж байгаа. Гэтэлманай машинууд бүгд хувь хүний нэр дээр байдаг болохоор QR код авах боломжгүй. Машинаа компанийн нэр дээр шилжүүлье гэхээр Улсын бүртгэл ажиллахгүй учир хүргэлтээ хийж чадахгүй байна. Бизнесүүдээ дэмжсэн зохион байгуулалттай бодлого явуулаасай гэж хүсч байна.

Сонгинохайрхан дүүргийн иргэн, лангуу түрээслэгч Л.Мандахсүлд: Манайх гар утасны худалдаа болон гар утасны дагалдах хэрэгслийн лангуу ажиллуулаад 10-аад жил болж байна. “КОВИД 19” цар тахлын улмаас ажил бүрэн зогсож, ямар нэгэн худалдаа бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжгүй болсон. Үүнтэй холбоотой лангуунуудынхаа түрээс болон ажилчдын цалин мөнгөний асуудал маш хүнд боллоо. Манай улсад зээлгүй хүн гэж бараг байдаггүй, зээлээ төлөхөд хүртэл маш хүнд байна. Манай төрийн түшээд дорвитойхон шийдвэр гаргаж зээлээ хүүтэй нь хэсэг хугацаанд ч болов түр хойшлуулж чадахгүй байна. Өнөөдөр бидний авсан зээл, зээлийн хүү нь үндсэн зээлнээсээ давдаг. Зээлээ хойшлуулах хүсэлт гаргахад банк болон ББСБ-ууд зээлийн хүүгээ төлөхийг шаардаж байна. Иргэд рүү чиглэсэн зөв шийдвэр гаргаж чадахгүй байгаа нь үнэхээр таалагдахгүй байна. Цаашид энэ өвчин ихсэж хол хориог дахин сунгавал байдал бүр хэцүү болно. Магадгүй энэ өвчин нэг хэсэгтээ л үргэлжлэх байх. Тийм болохоор иргэд өөрсдөө ариун цэврээ маш сайн сахиж, Эрүүл мэндийн яамнаас гаргаж байгаа заавар зөвлөмжийг маш сайн сахин биелүүлж бага цагаар ч хамаагүй ажлаа хийвэл энэ олон хүний өрхийн амьжиргаанд маш их өөрчлөлт орно. Манай улс шиг ингэж иргэдээ хохироож, хямрааж хөл хорио хийж байгаа улс нэг ч алга. Хэзээ сайхан болно гэж гэртээ хэр удаан хүлээж суухаа мэдэхгүй л байна.

 

Жижиг дунд бизнес эрхлэгч Г.Батболд: Манайх охид бүсгүйчүүдэд зориулсан даашинз, ажил хэрэгч өмд цамцны хослол хийдэг. “Ковид-19” цар тахлыг дотооддоо алдсан хэцүү цаг үед хөл хорио тогтоох нь зөв. Гэхдээ хөл хориог уртасгах тусам хүмүүсийн амьдрал амьжиргаанд сөргөөр нөлөөлж, хүнд байдалд орно. Тэр тусмаа жижиг, дунд үйлдвэрүүд санхүүгийн хямралд илүү өртөнө. Манай брэндийн хувьд дэлгүүр болон үйлдвэрийн байрны түрээс, ажилчдын цалин, банкны зээл төлөлтийн асуудал тулгарч байна. Хөл хориог цаашид сунгавал бидний ажил хэвийн үргэлжлэх нь бүү хэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж чадахгүйд хүрнэ.

Үсчин, гоо сайханч Б.Нараа: Ажлын байрны түрээстэй иргэд эхнээсээ ажилгүй болж байна. Улсаас хорио цээрийн дэглэм зарласан байхад сарын түрээс 2.500.000 мянган төгрөг нэхээд өгч чадахгүйн улмаас ажлын байраа ганцхан сарын дараа буцааж өгөх дээрээ туллаа. Мөнгө шүтсэн хүмүүс байх юм аа. Түрээсний мөнгө битгий хэл өдрийн хоолны махаа залгуулах мөнгөгүй байна. Яг үнэндээ жижиг дунд бизнес эрхлэгчид чинь энэ улсын татварыг бүрдүүлдэг юм шүү.

Талх, нарийн боовны бизнес эрхлэгч М. Энхцэцэг: Манайх талх, торт, нарийн боовны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 ажилтантай. Хөл хорионд ороод бараг сар болох нь. Энэ хугацаанд Улсын онцгой комиссын гаргаж байгаа шийдвэрүүд гэж үнэн жанхууг нь хутгаж байна. Ядуу зүдүү ард иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчид л хохирч байна, зарим нь дампуурч байна. Нэг ажилтны маань ард гэр бүлийн 3-4 хүн байдаг гэж үзвэл 40 хүний амьдралын баталгаа болж байгаа юм. Мөн цалин орлогогүй байгаа ажилтнууд болон тэдний гэр бүлийг цаашид яаж өдрийн хоолоо залгуулах эсэхэд үнэн сэтгэлээсээ санаа минь зовж байна. Хэзээ нэг өдөр сайхан цаг ирэх нь тодорхой. Гэвч тэр үед Монгол Улсынхаа хөгжилд чадах чинээгээрээ нэмэр болдог жижиг, дунд бизнесүүдийн хэдэн хувь нь дампуурах бол гэхээс эмээж байна.

Авто сургууль ажиллуулдаг В.Болдмөнх: Авто сургуулиуд дүрмийн хичээлийг онлайн хэлбэрээр, жолооны дадлагыг ганцаарчилсан хэлбэрээр явуулах бүрэн боломжтой байдаг юм билээ. 2020 он гарсаар эхний хоёр, гурав, дөрөв, тавдугаар саруудад тэг зогсолт хийж маш их алдагдалд орсон. Одоо дахин тэг зогсолт үргэлжилвэл хүнд байдалд орох нь.

Лааны баримал, үнэртэй ус хийж борлуулдаг иргэн Б.Цэцэгдэлгэр Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Ажлын байрны түрээс төлдөг. Банк болон банк бус санхүүгийн байгууллагд зээлтэй. Он гарснаас хойшхи хорио миний ажил, амьдралд сөрөг нөлөө үзүүлсэн. Гэхдээ энэ хугацаанд бэлтгэл ажил хийж, төлөвлөгөө, нэгдсэн бодлогыг маш сайн суурь судалгаагаар базааж, өвчин гарсан тохиолдолд бидэнд ийм төлөвлөгөө байна гээд бат зогсох байх даа гэж Засгийн газарт найдаж байлаа. Гэтэл хаа хаанаа бэлтгэлгүй, төлөвлөгөө юу ч байхгүй, салбар салбарт нь зүгээр л шахааны хүмүүс байдаг гэдэг нь харагдаад эхэллээ. Гол нь энд хамаарагдсан иргэн, аж ахуй нэгжийнхэн бүгд өөрсдийн хөдөлмөрөөр өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн. Гэтэл одоо гаргаж буй шийдвэр, авч буй арга хэмжээ нь бидэн нөлөөлөхөөргүй буруу гэж хэлэхээр байна.

Оёдолчин, нүүр будалт хийж орлого олдог Б.Цэндмаа: Хувиараа бизнес эрхлэгчид бид үнэхээр хэцүү байна. Би сардаа 300 гаруй мянган төгрөгийн лангуу түрээслэдэг. Өдийд уг нь орлого сайтай байдаг. Гоёлын болон энгийн, биеийн тамирын хослол, цамц гээд төрөл бүрийн хувцас хийж орлогоо олж түрээсээ төлдөг. Мөн онлайнаароёсон хувцсаа борлуулдаг байсан. Одоо хөл хорио сунгачихлаа. Төр ард иргэдээ дэмжих зөв менежмент явуулмаар байгаа юм.Жижиг, дунд бизнесүүдээ жаахан дэмжмээр байгаа юм. Зарим иргэдэд амралтын байдалтай байгаа ч заримд нь хэцүүхэн л байна шүү.

Тодруулга авсан: Ч.Биндэръяа

Д.Баттогтох

Д.Отгонтуяа