Анх 1989 онд БНМАУ-ын “Хийн мандалын агаарыг хамгаалах” хуулийг батлах ажилд өөрийн биеэр оролцож байсныг сайшаан дэмжсэн бөгөөд тухайн үеийн “Үнэн”, орос хэл дээр гардаг “Новостий Монголиа” сонинуудад нийтлүүлж байлаа.

Тэр цагаас хойш 30 гаруй жил агаарын бохирдолтой холбоотой хууль, тогтоол, шийдвэр, бодлого төлөвлөлт, төсөл хөтөлбөрүүд болон бусад орнуудын туршлагуудыг судалж, өөрийн үзэл санаа санал зөвлөмжийг төрийн сонин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон түмэндээ хүргэсээр ирлээ.

Тухайлбал, 2000 онд Хятад улсын Ланжоу хот зорчиж байхад урд талын уулаа сэтэлж агаарын бохирдлоо бууруулсан бодит туршлага, улсынхаа агаарын бохирдлыг бууруулах бодлого, үзэл баримтлалыг шинэчлэх шаардлагатай болохыг, орон сууцжуулах хөтөлбөр агаарын бохирдлыг бууруулах хэрэгсэл төхөөрөмж биш харин ч ус, агаар, хөрсийг бохирдуулдаг, хоёр өрөө орон сууц жилд 8,5 тонноос илүү нүүрс хэрэглэдэг бол монгол гэр цахилгаан, дулааны хэрэглээнд 6 тонноос илүүгүй нүүрс шатаадаг тооцоо, шахмал түлшний үйлдвэр тоног төхөөрөмж болон барьцалдуулагч бодисын төрөл, орцын сонголтууд бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн шаардлага хангаагүй болох зэрэг цаг үеийн тулгамдсан, бэрхшээлтэй асуудлуудыг хөндөж байлаа. Эдгээр санал, шийдлүүдийг түүвэрлэн нэгтгэж УИХ-ын Тамгын Газар, өргөдлийн байнгын хорооноос 2019 онд агаарын бохирдлын талаар зохион байгуулсан Нийтийн сонсголын ажлын хэсэг, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, НМХГ-ын агаарын чанарын хэлтэст албан бичгээр хандаж байна.

Нийтийн сонсголд тухайн үеийн УИХ-ын БОХАА байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир бичгийг танилцуулж шаардлагатай зүйл дээр хамтарч ажиллах хэрэгтэй гэж үүрэг өгсөн байдаг. Нөгөө хоёр байгууллагаас хариу ирээгүй болно.

Өнгөрсөн үйл явдлыг түр орхиж Улаанбаатар хотын агаарын чанарын төлөв байдлын талаар өөрийнхөө байр суурийг илэрхийлье.

Манайхан нэг зүйлийг мэддэггүй, ойлгодоггүйг эхлээд дурдах хэрэгтэй байна.

Агаар бохирдуулагч бодисуудыг хортой, аюултай байдлаар нь:

Нэгдүгээр зэрэглэл буюу маш их хортой /аюултай/

Хоёрдугаар зэрэглэл буюу их хортой

Гуравдугаар зэрэглэл буюу хортой

Дөрөвдүгээр зэрэглэл буюу

багавтар хортой гэж дөрөв ангилдаг.

Агаар бохирдуулагч бодисуудын хортой, аюултай байдлын зэрэглэлийг улс бүр, Европын Холбооны улс, Дэлхийн эрүүл мэндийг хамгаалах байгууллагууд олон жилийн туршилт судалгаа, шинжлэх ухааны үндэслэл дээр тулгуурлаж тогтоодог.

Хортой байдлын 1,2,3,4 зэрэглэлд хамаарагдах бодисуудыг хэмжиж хяналт тавих, нормт хэмжээнд барих бодлого баримталдаг бөгөөд манай улс хэдхэн тооны бохирдуулагч бодисуудыг хэмжиж хянаж байгааг өөрчилж шинэчлэх шаардлагатай.

Одоо Улаанбатар хотын агаарын бохирдолтод хамгийн ихээр нөлөөлж байгаа угаарын хий, хүхэрлэг хий, тоосонцрыг үзүүлэлт бүрээр тайлбарлахыг хичээе.

 

1.Угаарын хий СО

 

2019-2020 оны өвөл угаарын хийн хордлогоос 10 гаруй хүн нас барж, хэдэн мянган хүн эрүүл мэндээр хохирсныг шахмал түлшнээс үүдэлтэй гэдэг. Дээр дурдсан ангиллаар угаарын хий СО 4 дүгээр зэрэглэлд багтдаг. Ногоон технологи нэвтрүүлж хөгжүүлсэн, нүүрс хэрэглэдэггүй, хуучин машин техник ашигладаггүй улс оронд угаарын хийг заавал агаарын чанарын үзүүлэлт болгох шаардлагагүй юм.

 

2.Тоосонцор РМ10, РМ2.5

 

РМ10, РМ2.5 -ийн хэмжээ 20-30 минутын турш дунджаар 0,3мг\ м3, хоногийн дундаж 0,06мг\м3-аас бага, РМ2,5-нийх мөн хугацаанд 0,16мг\м3, хоногийнх 0,035мг\м3-аас бага тохиолдолд хортой зэрэглэлд багтахгүй. Энэ нь хүн бүрт байгалиас заяагдсан хамрын нүхний үснүүд тоосонцруудыг шүүж нус, цэрээр гадагшлуулдагтай холбоотой.

 

3.Хүхэрлэг хий SO2

 

Улаанбаатар хотын агаарын хүхэрлэг хийн хэмжээ 2019 оноос ихэсч байна гэдэг. Хүхэрлэг хий хортой аюултай байдлаараа 3 дугаар зэрэглэлд багтдаг бөгөөд өмнөхөөс 2-4 дахин ихэснэ гэдэг нь агаарын хортой аюултай байдлын зэрэглэлийг нэмэгдүүлж байна. Шалтгааныг хуучин автомашин ашиглаж байгаа, шахмал түлштэй холбож тайлбарладаг. Цар тахлаас хотын автомашины хөдөлгөөн тэг зогсолт хийсэн үед хүхэрлэг хийн хэмжээ буурахгүй байна гэдгийг шахмал түлшнээс шалтгаалсан гэх хардлагыг төрүүлж байна. Гэх мэтчилэн бохирдуулагч бодис бүрээр тооцож шалтгааныг тодорхойлж маш их хортой аюултай байдлын зэрэглэлээс эхэлж багавтар хортой руу чиглэсэн бодлогоор агаарын бохирдлыг бууруулах ёстой

 

Ер нь агаар дахь хорт бодисын аюулын зэрэглэл нэмэгдэх, тоо хэмжээ ихэсч байгаа нь “COVID19”-өөс дутахааргүй хор, заналхийлэл учруулж байгаа гэж үзэж болох юм. Учир нь "СOVID-19” цар тахал маш хурдан тархацтай хор уршиг ихтэй боловч тухайн цэг нэгжийг хамардаг бол Улаанбаатар хотын агаарын хортой, аюултай байдлын зэрэглэл нэмэгдэхэд 1.3 сая хүний эрүүл мэндэд нэгэн зэрэг сөргөөр нөлөөлдөг.

Аюултай хортой байдлын зэрэглэл, бохирдуулагчийн хүлцэх хэмжээ, тоо төрөл ихсэх тутам эдийн засаг нийгэмд учруулах хор хөнөөл заналхийлэл улам нэмэгддэг учир чимээгүй тахал гэж нэрлэдэг. Агаарын хортой аюултай байдлын ээрэглэлийн тухай мэдээлэл агаарын бохирдолт ихэссэн багассан гэх маргаан талцлын асуудлыг нэг тийш нь болгоход бага боловч нэмэр болно гэдэгт найдаж байна.

Энэ дашрамд дурдахад Үндсэн хуулийн 16.2-д “Эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэмцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэсэн заалт нийслэл хотод төдийгүй аймаг, хөдөө орон нутагт олон жилийн турш зөрчигдөж байгаадаа УИХ, ҮАБЗ, ХЭҮК болон Яам, агентлагууд ард түмнээс уучлалт гуйж дараачийн арга хэмжээнүүдийг цаг алдалгүйгээр яаралтай хэрэгжүүлэхийг хүсч байна.

 

 

Зөвлөх инженер Л.ГЭНДЭНСҮРЭН