Л.АЛТАНХИШИГ

Цар тахлаас үүдсэн эдийн засгийн сөрөг нөлөө манай улсад хамгийн анх хатуу хөл хорионы дараа илэрсэн. Гэвч үүнийг шууд эдийн засгийн хямрал гэж ойлгох нь өрөөсгөл гэж зарим судлаач үзэж байна. Харин үүсээд буй асуудлаас гарч болох хохирлыг бууруулахын тулд Засгийн газар яаралтай арга хэмжээ авах хэрэгтэйг сануулсаар байгаа юм. Тодруулбал, Төр хөл хорио тогтоох, худалдаа, үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хаах шийдвэр удаа дараа гаргасан. Бас цаашид хэрхэхийг бид хэлж мэдэхгүй байна. Коронавирус тархахаас сэргийлсэн энэ алхам зөв ч эдийн засагтаа хор хохиролтой. Үүнээс үүдэн гарах эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулахын тулд олон өөрчлөлт хэрэгтэй болж байна. Тухайлбал, өрх буюу иргэд рүү чиглэсэн оновчтой бодлого буюу ажлын байрыг хадгалж, баялаг бүтээгчдийг дэмжих шаардлага үүслээ. Монгол Улсын хувьд айл өрх, иргэд рүү чиглэсэн арга хэмжээг үе шаттай авч буй. Тухайлбал, хүүхдийн мөнгө, хүнсний талон, сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувь бууруулах, цахилгаан, ус дулааны төлбөрийг тэглэх шийдвэр зэргийг нэрлэж болно.

Өнөөдөр эдийн засагчид Засгийн газраас нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргахыг хүлээж байна. Шинээр бүрэлдсэн Засгийн газар “Хөл хориог урт хугацаагаар тогтоох нь эдийн засгийг улам дордуулна” гэсэн байр суурьтай байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэлд хөл хориог удаан хугацаанд үргэлжлүүлбэл дөрөвдүгээр сарын 1 гэхэд 500 мянган ажлын байр эрсдэлд орох тооцоо гаргажээ. “Ковид-19” вирусийн хурдацтай тархалтын улмаас дэлхийн улс орнууд ээлж дараалан дотооддоо хөл хорио тогтоож, хилээ хааж, тэг зогсолт хийж байгаа. Хүн амын эрүүл мэндийн төлөө хийж буй энэ алхмууд нэг талаас үндэстний аюулгүй байдлыг хангасан чухал арга хэмжээ боловч нөгөөтэйгүүр эдийн засгийн томоохон эрсдэл үүсгэж байна. Тухайлбал, Үндэсний статистикийн хорооны улирал, сар, долоо хоногийн давтамжаар цуглуулдаг албан ёсны статистикийн мэдээллээс үзэхэд, өнгөрсөн оны сүүлээр манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 7.3 хувь нь уул уурхайн салбарын 20.7 хувь, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 13.5 хувь буурсан үзүүлэлттэй гарсан байна. Иймд цар тахлын үед төрөөс хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нөгөө талдаа эдийн засгаа унагахгүй байх оновчтой шийдвэрийг иргэд хүлээж байна. Харин зарим эдийн засагчид энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ.

 

Д.АНГАР: КОВИДООР ӨВДСӨН НЭГ ХҮНИЙ АРД 5000 ИРГЭН ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛД ОРЖ БАЙНА

Хөл хорио тогтоохдоо нөгөө талд нь эдийн засгаа давхар харах ёстой. Учир нь, нэг хүн коронавирусээр өвдлөө гэхэд нөгөө талд нь таван мянган иргэн эдийн засгийн хямралд орж байна гэсэн үг. Бид коронавирусийг эдийн засаг талаас нь харах ёстой. Эхлээд бүх л улс орон эрүүл мэнд талаас нь харсан. Гэтэл коронавирус эдийн засгийг маш их сүйтгэж байгааг олж харсан. Сүүлийн хагас жилийн хугацаанд улс орнууд коронавирустэй хамт эдийн засгаа анхаарч эхэлсэн. Харин Монгол Улс ЭМЯ-наас юу гэж зөвлөж байна. Түүнийг нь биелүүлж ирсэн. Гэтэл монголын эдийн засагт коронавирус маш хүндээр тусаж байна. Тиймээс Сангийн яам энэ асуудалд онцгой анхаарах ёстой. Ойрын үед Засгийн газар, УОК, ЭМЯ-наас “Ковид19”-ийн халдвараас сэргийлэх зорилгоор 21 хоног улсын хэмжээнд тэг зогсолт хийх тухай ярьж байгаа. Миний хувьд энэ шийдвэрийг дэмжихгүй. Цагаан сарын үеэр 1-5 хоног иргэдийн хөдөлгөөнийг бүрэн зогсоож болно. Харин олон хоног энэ хөл хорио үргэлжилбэл иргэд коронавирусийн халвараар бус өлсөж үхэхэд хүрнэ. Цаашид хатуу хөл хориог сунгавал маш том эдийн засгийн хямрал эхэлнэ. Зогсоож дийлэхгүй. Жижиг, дунд ААН-үүдийн 50-70 хувь нь дампуурна. Нэг жижиг, дунд ААН-ийг босгохын тулд таван жил зарцуулдаг. Зах зээлдээ танигдана, өөрийн гэсэн харилцагчтай болно гээд хугацаа орно. Цар тахлын үеэр төр засаг ААН-үүдээ дампууруулчих юм бол ойрын 10 жилдээ эдийн засаг сэргэхгүй.

 

Б.МӨНХСОЁЛ: АЖИЛ ХИЙСЭН БОЛЖ ХАРАГДАХ ГЭЖ ОЛОН ХОНОГ ХӨЛ ХОРИО ТОГТООЖ БАЙНА

Хөл хорионы цаана эдийн засаг унаж улс орноороо дампуурах эрсдэл үүсээд байна. Тиймээс эрүүл мэндийн эрсдэлээс давсан эдийн засгийн эрсдэл болж байгааг олж харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бид эрүүл мэндийн эрсдэлдээ анхаараад эдийн засгийн эрсдэлээ зөнд нь орхиж байна. “Ковид-19” эрүүл мэндийн эрсдэл бол маш аюултай бөгөөд бид үүний эсрэг авч болох бүх арга хэмжээг авах ёстой. Харамсалтай нь “Ковид-19” вирус эдийн засгийн эрсдэлийг яаж хязгаарлах, түүнийг хэрхэн удирдах тал дээр одоо болтол Сангийн Яам, Монголбанк хоёр цогц төлөвлөгөө танилцуулсангүй. Айл өрхүүд ядуурлын шугамаас амархан доош орох магадлалтай эмзэг бүлэг рүү орсоор байна. Тиймээс ч ажилгүйдлийн тэтгэмж буюу түүнтэй адилтгах санхүүгийн дэмжлэгийг хувиараа хөдөлмөр эрхэлдэг болон албан бус хөдөлмөр эрхэлж буй иргэдэд олгох ёстой. Өөрөөр хэлбэл, бүртгэлгүйгээр хувиараа хөдөлмөр эрхэлж буй хүмүүс байдаг. Өнөөдөр дотоодын эдийн засгийн эргэлт гэж байхгүй болчихлоо. Ерөнхийлөгчийн бэлэн мөнгө өгөх санал буруу биш. Ихэнх улс үүнийг хийсэн. Гэхдээ үүнээс илүү ашигтай зохицуулалт хэрэгтэй байна.

 

Ө.ГАНЗОРИГ: БИЗНЕСИЙН САЛБАРАА УНАГААХГҮЙ БАЙХ ЧИГЛЭЛД АНХААРАХ ЁСТОЙ

Коронавирусийн халдвараас сэргийлэх шийдвэр бүрд бизнес эрхлэгчдийн асуудлыг орхигдуулж байсан. Уг нь төр засаг эрүүл мэндийн эрсдэл, эдийн засгийн эрсдэлийн аль алийг нь тэнцвэртэй анхаарч байх ёстой. Хатуу хөл хориог олон хоног үргэлжлүүлэх нь эдийн засгийн эрсдэлийн цаана ядуурлын түвшин нэмэгдэнэ гэсэн үг. Манайд ядуурлын төвшин 35 хувиас доош бууж байгаагүй. 35 хувь гэдэг бол манайх ядуу улсад тооцогдоно. Ядуурлын энэ түвшин өнөөдөр хэд дахин нэмэгдэх нөхцөл байдал бий болчихлоо. Түүнчлэн бизнес эрхлэгчдээ эдийн засгийн эрсдэлд оруулахгүйн тулд тэдний үйл ажиллагааг тасалдуулахгүй байх тал дээр төрийн бүх шатанд анхаармаар байна. Энэ чиглэлд нэг ч бодлого, тодорхой төлөвлөгөө өнөөдрийг хүртэл гараагүй. Дэлхийн улс орнууд бизнесийн салбараа унагаахгүй байх чиглэлд парламентын төвшиндээ маш олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Зорилтот бүлгийн зарим иргэдийн амьдрал бүр ч хэцүү байгаа. Ийм иргэдийн судалгааг нарийн гаргаж төрийн зүгээс нэг удаа буцалтгүй тусламж үзүүлж болно. 

Гэхдээ бэлэн мөнгө тараана гэдэг бол бодит дэмжлэг биш. Гол нь ажлын байрыг хадгалж үлдэхэд анхаарах ёстой. Тухайлбал, “Нарантуул” худалдааны төвд ажиллаж байгаа хүнийг нэг компани гэж бодох ёстой. 

Манай улсын хувийн хэвшлийн салбарт нэг сая гаруй хүн ажилладаг. Тэгвэл хатуу хөл хорио тогтоосон өдрүүдэд нийт ААН-ийн 66 хувь нь бүрэн зогсолт хийж, 22 хувь нь хязгаарлагдмал хүрээнд, 10 хувь нь зайнаас ажиллаж байгаа бол ердөө хоёр хувь нь хэвийн ажиллаж байгааг МҮХАҮТ-аас хийсэн ээлжит судалгаа харуулжээ. Энэ хугацаанд хамгийн их хохирол амссан нь аялал жуулчлалын салбар, түүний араас боловсрол, эрүүл мэнд, боловсруулах үйлдвэр, тээвэр, үйлчилгээ, худалдаа, барилгын салбарт бизнес эрхлэгчид жагсаж байна. Судалгаанд хамрагдсан бизнес эрхлэгчдийн нэг хувь нь цар тахлын нөлөөнд автаагүй хэмээн хариулсан бөгөөд тэд ихэвчлэн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа эрхэлж байжээ. Хэрэв хатуу хөл хорионы дэглэм энэ оны гуравдугаар сар хүртэл үргэлжилбэл 505 мянган хүн ажилгүй болно гэсэн тооцоо гарчээ. Ажилгүйдэл нэмэгдэнэ гэдэг ядуурал нэмэгдэнэ гэсэн үг. Энэ нь цар тахлын эдийн засагт үзүүлэх хамгийн том сөрөг нөлөө гэж шинжээчид үзэж байгаа юм.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН - npost.mn