В.НЭРГҮЙ

Ерөнхий боловсролын сургуулийн багш нар толгой өндийх завгүй тайлан бичиж, цахим сургалт явуулж байгаа сурагтай. Үндсэндээ манай улс дунд сургуулийн 30 гаруй мянган багштай. Үүний хэдэн хувь нь теле хичээл заах хөтөлбөрт хамрагдаж, цэнхэр дэлгэцээр хичээл зааж байна вэ.

Үлдсэн хэсэг нь гэрээсээ ангийн групп, чатаар хүүхдүүдээсээ даалгавар нэхэх ажил хийж байгаа нь эцэг эхэд харагдаж буй. Энэ нь оргүй зүйл биш. Цар тахлын улмаас сурагчид жил гаруй хугацаанд цахимаар хичээллэж, зайнаас суралцаж байгаа. Улсын хэмжээнд хөл хорио тогтоож, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор 1435 цэцэрлэгийн 263,3 мянган хүүхэд, ерөнхий боловсролын 834 сургуулийн 640,4 мянган сурагч, 93 их, дээд сургууль, коллежийн 148,4 мянган оюутан зайны сургалтад хамрагдаж байна. Оюутнуудад цахим хичээлээс илүүтэйгээр төлбөрийн асуудалд ч эмзэг байгаа. Улсын болон хувийн их, дээд сургуулиуд хичээлийн чанараас илүүтэйгээр төлбөрийн нэхэмжлэлийг эцэг эх рүү нь илгээж буйг олон баримтаар илэрхийлж болно. Эдийн засаг элгээрээ хэвтсэн энэ цаг үед нэг оюутны ард нэг өрхийн амьдрал байгаа. Үүнийг ч гэсэн бодолцож, шийдвэр гаргаж болох талтай. Өнгөрсөн намрын шинэ хичээлийн жилд хүүхдээ улирааж сургасан эцэг, эх ч олон байна.

Үнэндээ цахим хичээл үр дүнгүй, хүүхдийн сургалт муу гэх яриа газар авсан. Үүнд эцэг эхийн оролцоо чухал. Бодит амьдрал дээр “Хичээлээ хий” гэсэн үг хэлчихээд л эцэг, эх нь ажилдаа явчихдаг. Гэрт үлдсэн хүүхдүүд бие дааж хичээл хийх боломж бололцоо ямар байгаа талаар боддоггүй. Нөхцөл боломж бололцоог нь хангаж чадахгүй болохоор хүүхдүүд хичээл хийхгүй гэсэн үг. Хийчихсэн ч тодорхой үр дүнд хүрэхгүй. Мөн аав, ээж нь утсаараа дамжуулж ангийн болон багшийн группт хүүхдийнхээ хичээлийн даалгаврыг оруулдаг. Өнгөрсөн жил Бүх нийтийн боловсролын төлөө Иргэний нийгмийн үндэсний эвслээс судалгаа гаргажээ. Энэхүү судалгаанд малчин өрхийн хүүхдүүдийн 67,2 хувь нь телевиз, станц, кабелгүйгээс үүдэн огт хичээл хийдэггүй гэсэн дүгнэлт гарчээ.

Мөн манай улсын нийт өрхийн 35,3 хувь нь л интернэттэй холбогдсон байдаг аж. Үүнээс харахад хэдэн хувь нь хичээл хийж байгаа нь тодорхой. Ингэхээр үнэндээ сургалтын чанар тэг зогсолт хийчихсэн гэж хэлж болно. Уг нь ерөнхий боловсролын сургуулийн дөрвөөс дээшхи ангийн хүүхдүүд бие дааж хичээл хийх боломжтой. Хийж ч байгаа байх. 

Үнэндээ тэд эцэг эхээс дэмжлэг хүссэн ч V ангийн тоог хүүхдэдээ заагаад өгчих эцэг эх ховор гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй байх. Харин бага ангийн хүүхдүүд бол яах аргагүй эцэг эхийн тусламжтайгаар хичээлийн даалгаврыг хийнэ. Нөгөөтэйгүүр теле хичээл телевизээр богино хугацаанд гараад өнгөрчихдөг. Хүүхдүүд цэнхэр дэлгэцийн хичээлийн цагийн хурдыг гүйцэхгүй байна.Үүнийг ч гэсэн бодож үзэх хэрэгтэй санагдаж байна. Цахим боловсрол ЕБС-ийн сурагчид, оюутнуудад хамгийн их чирэгдэл учруулж байна. Ядахдаа л тэд утасны нэгжнийхээ мөнгөнд “шатаж” байгаа. Мөн малчид арга ядахдаа хүүхдүүдээ хичээлийг нь хийлгэхийн тулд сумын төвд айл бараадуулж байна. Гэвч үнэндээ теле хичээлийн хурдыг гүйцэхгүй хүүхдүүд хагас дутуу хийсэн хичээлээ багш руугаа сүлжээгээр илгээхээс эмээдэг. Ингээд л тэр хүүхэд “муу” гэсэн дүнг зүүх болоод байна. Нийслэлийн СХД-ийн 80 дугаар сургуулийн Англи хэлний багш Б.Энхжаргалтай цахим сургалтын талаар ярилцахад “Англи хэлний хичээлийг телевизээр явуулахдаа монгол тайлбартай явуулахгүй бол хүүхдүүд хүлээж авч ойлгохдоо тааруу байна. Цахим хичээлд хүүхдүүдийн идэвх сайн биш ч тийм ч их суларчихсан юм байхгүй. Тухайлбал, тавдугаар ангид англи хэл анх ордог. Ийм болохоор тайлбаргүй шууд англиар заагаад эхлэхээр утгыг нь таамаглах хэрэг гарна. Хүүхэд бүр тийм чадвартай биш шүү дээ.

Англи хэл төрөлх хэл биш учраас тайлбаргүй бол хүүхдүүдэд хүрэхгүй. Нөгөө талаар хичээл зааж байгаа багш нар биеэ бариад байгаа юм шиг санагддаг. Хүүхдүүд энгийн л зүйлд хайртай. Багш хичээлээсээ илүү өөртөө анхаарал хандуулсан мэт дүр төрхтэй бол тухайн хичээл хүүхдүүдэд хүрэхгүй шүү дээ. Хүүхдүүдийг шүүмжлээд байх зүйл миний хувьд байхгүй. Тэд цаг тухайд нь хичээлээ хийх гэж чармайж байгаа” гэж ярьж байна. Үнэндээ бага ангийн сурагчдын дунд “Миний багш биш байна” гэсэн явган яриа тархаад удаж байна. Магадгүй энэ нь дээрх багшийн хэлсэнчлэн биеэ барьсан байдал, хичээл заах арга барил нь өөр болохоор хүүхдүүд өөрийн багшаа үгүйлэх, хичээл хийх сонирхолгүй болох талтай.

 

ДОГОЛОН УНШЛАГАТАЙ ДОЛООН НАСТНУУД

Саяхан дүүгийн маань долоон настай хүүхэд хичээлээ хийх үүрэгтэй манайд ирж хэд хонолоо. Амьхандаа эгчээрээ заалгах гэж ирж байгаа нь тэр. Аниа нь V анги. Эхний өдөр хоёулаа сүйд болоод л ном, дэвтэр үзэг цаас гээд гүйлдэж, гүйлдэж жижиг өрөөнд ороод чимээгүй болчихлоо. Хэсэг хугацааны дараа дүү нь уйлчихсан гараад ирлээ. Яасан, юу болов гээд очиход эгч нь загнасан гэнэ. Загнах шалтгаан нь муухай бичсэнээс болж. Дэвтрийг нь харлаа. Хөөрхөн юм. 

Үнэндээ талбай элбэг тулдаа гэдэг шиг юм болж. Арга ч үгүй юм. Зургаан настай нэгдүгээр ангид ороод гуравхан сар болоод каринтилагдсан. Хоёрдугаар анги нь ч мөн адил. Ингэхээр энэ хүүхдийн бичгийн хэв ямар байх нь тодорхой. Үнэндээ долоон настнуудын надад ойр байгаа бодит жишээ энэ.Гэтэл бас эгч нь гэнэт л уншуулах болоод явчихлаа. Сурах бичгээ дэлгээд хоёр, гурван ч удаа түүвэр өгүүлбэрүүдийг түгдрэхгүй уншчихаж байна. Би дотроо баярлаж суулаа. Гэтэл эгч нь бас нэг шийдвэр гаргалаа. Үлгэрийн ном унших юм боллоо. Эрт урьд цагт нэгэн өөө...гээд байх юм. Ингээд л нэг юм буруу зөрүү түгдрээд уншиж эхэллээ. Аниа уурлах өнгөтэй “Чи муу өөрийнхөө номноос цээжилснээ уншаад байсан байна”...гээд ширүүлэх нь ээ. Би ч миний охин дүүгээ тэгдэггүй юм гэж хэлж гал унтраалаа. Үнэндээ цахим сургалтын үр дүн ийм л байгаа. Иймээс эцэг эхчүүд салбар яам, сургалтын бодлого энэ тэрийг шүүмжлээд буй юм. Танхимаар сурч байсан бол долоон настнууд өдийд доголон уншлагатай байхгүй л байх. Ямартай ч цар тахлын хорионы хүнд үе суларчихвал хүүхдүүдийн хичээлийн цонх илүү тод гэрэлтэх нь тодорхой.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН - npost.mn