-АМЕРИКИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРЧ ЧАДСАН МОНГОЛ ИНЖЕНЕР ЗАЛУУСЫН ТӨЛӨӨЛӨЛ ГЭЖ ТАНИГДМААР БАЙНА-

 

“Эрксис Инк” компанийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал А.Мэнд-Оршихтой ярилцлаа.


-Ерөнхий сайдын IT-гийнхантай хийсэн уулзалтын үеэр хэлсэн үг чинь цахим ертөнцийн халуун сэдэв боллоо. IT-гаар дэлхийд гарах боломж дүүрэн байхад дотооддоо тендер завшаад суумааргүй байна гэсэн санааг чинь их ч олон хүн дэмжлээ. Олон жил дуугүй зүтгэж яваад тэвчээр нь барагдаж тэсэрсэн хүнээс л ийм үг гарна даа гэж бодож суусан шүү?

-Сошиалд тэгж шуугина гэж санаагүй. Үг хэлэх бодол ч эхэндээ байгаагүй юм.Санал хэлж, асуулт тавих цаг эхлэхэд салбарын асуудал, хөгжлийн гарц ярьсан нэг ч хүн байгаагүй. Олигтойхон асуулт ч сонсогдоогүй.Таны хэлснээр ёстой тэвчээр барагдаад доторхоо уудалсан нь тэр, харин хараалын үг хэлсэн нь илүү байсан, уучлалт хүсч байна. Хэрвээ хэн нэг нь эрүүл шүүмжлэл хэлээд салбарынхаа асуудлуудыг ярьсан бол би дуугүй суух байсан байх.

-Ганц IT ч биш бүх салбарт улс төр дагасан хэдэн компани төдийгөөс өдий хүртэл тендер завшиж, чадахаасаа чадахгүйгээ хүртэл зүтгэж яваа хэсэг нь өчнөөн дарамт дунд ажилласаар ирсэн нь нууц биш л дээ…?

-Нуулгүй хэлэхэд миний хэлсэн үг сенсаци маягийн болчихсонд санаа зовж байна. Надад сенсаци шуугиан дэгдээчихье, улстөржье гэсэн өчүүхэн ч бодол байгаагүй. Би нам бус. Ерөнхий сайдыг танихгүй.

Салбарынхаа Б.Болор-Эрдэнэ даргатай л нэг, хоёр удаа уулзсан. Энэ салбарт юм хийх гэж зүтгэж яваа сүрхий бүсгүй гэж харсан.Таны хэлдгээр бизнесийнхэн салбар бүртээ ийм шударга бус тогтолцоотой яалт ч үгүй нүүр тулчихсан яваа. Тэр утгаар л сошиал орчинд миний үг сэдэв болсон байх.

“Эрксис Инк” компанийг хамтран үүсгэн байгуулагч залуус. Зүүн гараас А.Мэнд-Орших, Б.Наран, Б.Бат-Амар

-Улс төрөөс хамааралтай компаниуд аль нам нь гарахаас хамаарч тендерээ ээлжилж аваад явдгийг бүгд мэднэ. Бор зүрхээрээ зүтгэж яваа компанийн захирлуудын төрд дайж хаягласан иймэрхүү үгийг нийгэм улстөржсөн гэж харахгүй байх аа.Харин ч ийм эрүүл байр суурийг олноороо хэлж дуугарч байж нийгмээ өөрчлөх юм биш үү?

-Таны хэлсэнтэй санал нэг байна. Таны сая хөндсөн асуудал бизнесийн салбар бүрт бичигдээгүй хууль болчихсон, бид өөрсдөө ч тэрэндээ дасчихсан яваад байгаа нь буруу л даа.

-Бизнесийнхэнтэй уулзаад яриад явахаар “Байр сууриа зоригтой хэлчихээр дараа нь ажилд төвөг болно” гэж цааргалах хүн олон таардаг. Хатуухан хэлэхэд, хэтэрхий аминч хандлага л гэж харагддаг…?

-Тийм ээ тийм, таны санааг ойлгож байна. Би гурван хүүхэдтэй. Хүн бүр үр хүүхдээ илүү сайхан нийгэмд амьдраасай гэж хүсдэг байх. Энэ өнцгөөс нь харвал “Дараа нь ажил амьдралд гай болно” гээд дуугүй суугаад байх нь зөв хандлага биш л дээ. Тийм чухал уулзалт хийж байхад салбарынхаа асуудлыг ярихгүй өнгөрөөчихвөл хайран гэж бодоод үгээ хэлсэн.

-Ерөнхий сайд IT-гаар дэлхийд гарах саналыг чинь яаж хүлээж авсан бэ?

-Эерэгээр хүлээж авсан гэж бодож байна. Уулзалтыг хааж дүгнэж үг хэлэхдээ миний нэрийг цохож байгаад хэлсэн.Дотооддоо компаниудаа дэмжихээс гадна гадагшаа гарах зорилго хүсэлтэй компаниудаа ч дэмжих ёстой юм байна гэсэн утгатай үг хэлсэнд нь олзуурхаж байна.Өнөөдөр Монголд ам.доллар орж ирэх нь чухал гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа.Монголын 1000 инженер ам.долларын цалинтай болчихвол эдийн засагт ямар том нөлөө болох билээ. Нэг жижиг компани сардаа 500 мянган ам.доллар улсынхаа эдийн засагт оруулж ирээд байхад л том нэмэр болно. Бидний цангаад байгаа юм ерөөсөө л доллар.Өнөөдрийн хувьд олж буй нийт долларынхаа дийлэнхийг нүүрс, алт буюу нэмэгдсэн өртөг шингээгүй түүхий эдээ зараад олж байна.IT-гаа сайн хөгжүүлж чадвал бидэнд уул уурхайн дайны ам.долларыг дэлхийгээс татах боломж бий.

-Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын дараа бизнесийнхэн тантай холбогдсон уу. Тулгарч байгаа асуудал зовлонг минь сайн хэлж өглөө гэж…?

-Ойр дотны хүмүүс маань л санаа нь зовсон байдалтай хандаж байсан (инээв). Зарим нь “Чамайг зөв юм хэлсэн болохоор хүмүүс дэмжиж байх шиг байна” гэсэн утгатай үг хэлж байсан.

-Байр сууриа илэрхийлсний чинь дараа танай компанийн үүх түүх, хийж бүтээж яваа ажлын чинь талаар сонирхсон юм. Олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөртэй амжилттай хамтарсан кейс олон байсан. “Ийм чадамжтай компани төрөөс тендер авч байгаагүй гэж үү дээ” гэсэн гайхширал төрсөн шүү?

-Өнгөрсөн арван жилийн хугацаанд бид төрийн зарим нэг байгууллагуудад ажил хийж байсан. Харамсалтай нь төсөл эхлэхээс авахуулаад л ажлын шаардлагаа сайн тодорхойлох боловсон хүчин байхгүй, ажил хийгдээд дууссаны дараа аваад явах багаа бэлдээгүй гэсэн асуудлууд гардаг.Эсвэл засаг солигдоход бүгд хаягддаг.Залгамж халаа байхгүйгээс урагшаа явахгүй хий эргээстэй, нэгдсэн бодлого, стандартгүй, өөр хоорондоо уялдаагүй яваа нь маш их хөрөнгө мөнгө, цаг хугацаа, залуусын бүтээлийг үргүй урсгаж байгаад би эмзэглэж явдаг.

-Шог зураач С.Цогтбаяр үг хэлсний чинь дөнгөж дараахан зураг зурчихсан байсан. Тэр зургийг хараад гайхсан уу?

-Ёстой гэнэтийн явдал болсон. Гайхалгүй яахав. Ийм мундаг зураач хүн энэ сэдвийг нийгмийн асуудал гэж харсан учраас зурсан байх.

-Нийгмийн асуудлаар барах уу, нийгэмд буглачихсан, идээ бээр нь хэзээ мөдгүй тэсрэх гээд байгаа том асуудал. Одоо хоёулаа өнгөрсөн арван жилд юу хийж бүтээсээр өнөөдрийг хүрсэн тухай чинь ярилцах уу?

-Таны асуултад хариулахаас өмнө би танд нэг зүйлийг сонирхуулж хэлмээр санагдчихлаа. Манай компанийн хийсэн ажлуудын нэг нь танай сонины цахим хуудас ба цахим сонин байдаг.

-Тийм үү, манай сонины цахим хувилбарт хүмүүс ам сайтай шүү. “Маш эрт, хар үүрээр босоход л и-мэйлээр ирчихсэн байдаг” гээд.Өглөө сэрээд л цахим сониноо харчих нь бидэнд ч амар байдаг юм.

-Бид ч бас өглөө бүр уншдаг (инээв). Манай компанийн хувьд 2010 оноос үйл ажиллагаагаа эхэлж байлаа, “Нью Медиа Групп” гэсэн нэртэйгээр. Би 2010 онд АНУ-д магистрт сурч байхдаа бизнес хийж үзээгүй байж магистрт сурна гэдэг тэнэглэл юм байна гэж бодоод сургуулиа төгсөлгүй Монголдоо ирж бизнесээ эхэлсэн юм.2010 онд интернэт маркетинг гэдэг ойлголт сул байсныг та мэдэх байх.Байгууллагууд интернэт ашиглаж борлуулалт хийнэ, өөрсдөө Фэйсбүүк, Твиттер ашиглана гэсэн ойлголтгүй явсан цаг.Бид тухайн үед байгууллагуудад фэйсбүүкийн ач холбогдол, интернэт маркетингийн өгөөжийг ярьж сургалт хийдэг байлаа.Олсон мөнгөө гадаад зах зээл рүү гаргах бүтээгдэхүүн хийхэд зарцуулдаг байлаа.Цахиурын хөндий рүү гарах ёстой гэдгийг 2011 оноос хойш ярьж, зорьж эхэлсэн л дээ.2016 он хүртэл бүтээгдэхүүнээ гадаад зах зээл рүү гаргах гэж дөрвөн удаа оролдоод амжилт олоогүй.Нэг, хоёр биш дөрвөн удаа алдчихаар хэн ч эргэлзэнэ ээ дээ.Ингээд 2016 онд бид гаргасан алдаа дутагдлаа арай өөр өнцгөөр харахаар шийдсэн. Дэлхий дээр бид хэн ч биш юм байна, эхлээд хүнд үнэхээр хэрэгтэй юм хийж байж л хүнээс хөрөнгө оруулалт татаж, олон улсын зах зээлд амжилт олох гарц замаа нээх юм байна гэдгийг олж харсан. Тэгээд 2016 онд erxes гэдэг бүтээлийнхээ суурийг тавьсан юм.

-Өнөө 90 гаруй улсын 30 гаруй мянган бизнес эрхлэгч хэрэглэж байгаа бүтэгдэхүүн чинь үү?

-Тийм ээ, байгууллагын борлуулалт, маркетинг, харилцагчтай харилцах багуудын харилцаа холбоог сайжруулж, байгууллага даяараа ажиллах боломжтой нэг цогц систем юм. Монголд “Голомт”, “Капитрон” банкууд, “Таван богд групп”, “Мобиком”, “Скайтел”, “Приус Монголиа” гэх мэт томоохон байгууллагууд ашигладаг. Энэ завшааныг ашиглаж одоог хүртэл хамт ажиллаж байгаа баг хамт олондоо, биднийг дэмжиж хамтран ажилладаг харилцагчиддаа баярлалаа гэж хэлмээр байна.Бас бид Цахиурт гялалзаж чадна гэж урамшуулмаар байна. (инээв). Еrxes нь байгууллагуудын хэрэглэгчтэйгээ харилцдаг утас, имэйл, фэйсбүүк, цахим хуудас гэх мэт дөрвөөс таван сувгаас орж ирж буйхэрэглэгчийн мэдээллийг нэг системд төвлөрүүлснээр байгууллагад хэрэглэгчийн нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, хэрэглэгчээ таних, урамшуулах боломжийг олгох, борлуулалтын процесс нь хаанаа хурдтай, удаашралтай байгаад анализ хийх, нийт хэрэглэгчдээ ижил төстэй шинжээр нь бүлэглэх, масс и-мэйл илгээх зэрэг маркетинг, борлуулалтыг автоматжуулах олон талын боломжуудтай. Мөн байгууллага даяараа ашиглах үүрэг даалгаврын удирдлагын систем ч бий. Дэлгэрэнгүй сонирхохыг хүсвэл https://erx­es.mn/, https://erxes.io/ цахим хуудсууд руу хандан, FREE PLAN хувилбарыг ашиглан, турших боломжтой.

-Монгол залуусын үүсгэн байгуулсан Erxes компани Цахиурын хөндийд гарчихсан юм байна. Тэгэхээр “Нью Медиа Групп”-ийг байгуулсан залуусын мөрөөдөл биелжээ…?

-Мөрөөдөл маань дөнгөж биелж эхлэж байна гэвэл илүү онох байх. Бид Цахиурын хөндийд гарсан, одоогоор нийт 28 хөрөнгө оруулагч нэг сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг татаад байгаа.Хакухо аварга манай хөрөнгө оруулагчдын нэг.Бидний өнөөдрийн бүтээчихсэн яваа орон зай Монголын IT-гийн компани болгоны мөрөөддөг зүйл.Монгол залуус гадны зах зээл рүү гарахыг хүсч зориод эхэлчихсэн.Бид түүчээлээд, маш зузаан мөсийг хагалж, зам гаргаж яваадаа баяртай байдаг.

-АНУ-д магистрт сурч байгаад төгсөлгүй буцаад ирсэн түүх чинь тэрслүү санагдлаа. “Бизнес хийгээгүй байж магистрт сурах нь тэнэглэл” гэж хараад ирнэ гэдэг зорих чигээ олоод харчихсан хүний л хийх үйлдэл.Цахиурын хөндий рүү гарах санаагаа Америкаас тээж ирсэн үү?

-Тэгсэн. Америкт сургуульд яваад хамгийн тод ойлгосон зүйл бол энэ.АНУ-ын Цахиурын Хөндий бол IT-ын салбарын гарааны бизнесийн хувьд хөрөнгө оруулалтаа татаж, хүлээн зөвшөөрөгдөх хамгийн чухал газар нь.Энд л Монгол инженерийн бүтээл хүлээн зөвшөөрөгдөж чадвал бид дэлхийд IT салбарт хүлээн зөвшөөрөгдөнө.

-Монгол залуусын үүсгэн байгуулсан IT компани АНУ-ын Үнэт цаасны хорооноос хөрөнгө оруулалт татах эрхээ авсан гэхээр бахархалтай сонсогдож байна шүү?

-Маш их баярлалаа. Энэ цаг үед бидний хамгийн том амжилтын түүх үүгээр эхэлж байна гэж харж байгаа.

-Олон улсын хөрөнгийн зах зээл, дэлхийн биржүүд дээр гарч арилжаа хийж байгаа Монголын гэсэн шошготой компани гэвэл уул уурхайн салбарт л хэд бий. IT-гийн компани ийм эрхийг авч чадсан гэхээр нуулгүй хэлэхэд гайхаж байна.Монголын IT-гийн салбарт түүхэн гэж онцлохоор үйл явдал болж Олон улсын хөрөнгийн зах зээлд гарах босгыг давахын тулд хэчнээн хугацаа зарцуулсан бэ?

-Монгол инженерүүдийн бүтээл дэлхийд гарлаа гэсэн амжилтын түүхийг бүтээхийн тулд бид баг хамт олноороо маш удаан хугацаанд чамгүй хөрөнгө зарцуулж ажилласан. Америкийн хөрөнгийн зах зээлд гарах эрхийг авахын тулд бид хууль, санхүү, аудитын зөвлөх компаниудтай хамтарсан.2020 оны нэгдүгээр сараас арваннэгдүгээр сарыг дуустал багаараа хичээн ажилласны эцэст Америкийн Үнэт цаасны хорооноос компанийнхаа хувьцааг олон нийтэд худалдаалах эрхээ авсан. Товчхондоо би сошиалд шуугиан тарьсан Мэнд-Орших, Ерөнхий сайдын өмнөөс зоригтой дуугарсан Мэнд-Орших гэж танигдмааргүй байна.Монгол залуус Цахиурын хөндийд гарчихлаа гэдгээр танигдмаар байна.Америкийн үнэт цаасны хорооноос эрхээ аваад тэр том улсын хөрөнгийн зах зээлд гарч чадсан инженер залуусын төлөөлөл гэж танигдмаар байна.

-Америкийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалж байгаа гэхээр танай компанийн хувьцааг монголчууд худалдаж авах боломж нээгдчихэж. Хувьцааг чинь худалдаж авахын давуу тал, боломжуудыг сонирхуулаач?

-Манай хувьцааг дэлхийн хаанаас ч худалдан авах боломжтой. Бидний www.erxes.mnцахим хуудас руу хандвал “Хөрөнгө оруулах” гэсэн цэс бий.Тэр цэсэн дээр дарж нэмэлт мэдээлэл, хөрөнгө оруулалт хийх гарын авлагатай танилцах боломжтой.

-Нууц биш бол Хакухо аварга хэчнээн ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бэ?

-Хакухо аварга технологийн компаниудад нэлээд эртнээс хөрөнгө оруулалт хийж байгаа юм билээ. Аварга залуу үеийн төлөөлөл гэдэг утгаараа юмыг өөрөөр харсанд нь баярлаж олзуурхаж байгаа. Нийт 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалтын эхний хэсэг нь орчихсон. Мөн Цахиурын хөндийн “Амазон” компанид ажиллаж байсан Н.Шагай гэж залуу хөрөнгө оруулалт хийсэн.Хөдөөнөөс хүртэл хэрэг болгож утасдаад хөрөнгө оруулж байна.Монголд хүмүүс хурдны морь, эсвэл 570 авчихдаг. Хурдны морь авах мөнгөөрөө стартапууддаа хөрөнгө оруулалт хийвэл алсдаа өөрт нь, улсын хөгжилд маш том нэмэр болно гэдгийг олоод харчихаасай гэж хүсдэг.Америк, Европт спорт, урлаг, бизнесийн амжилт гаргасан хүмүүс технологийн гарааны компаниудад маш их хөрөнгө оруулалт хийдэг болсон. 20 жилийн өмнө дэлхийн топ компани гэхээр банк, газрын тос, үүрэн телефоны компани байсан бол одоо Apple, Google, Amazon, Microsoft гэх мэт технологийн компаниуд өнгөлж байна.Хорин жилийн өмнө сонсогдож байгаагүй шинэ компаниуд гараад ирчихсэн. Манайд салж чадахгүй яваа бизнесийн нэг соёл байгаад байна л даа.Тухайлбал, та бид хоёр хоёулаа амжилттай бизнес эрхлэгч байлаа гэж төсөөлье.Та хөөрөг, морь худалдаж авдаг.Гэтэл би тэрийг нь авдаггүй.Энэ тохиолдолд та үнэлэгдэж, би доошоо ордог соёл тогтчихоод, тэрнээсээ салж чадахгүй яваад байна.

-Ингэхэд танай компанийн хувьцааг худалдаж авахад ямар нэг босго шаардлага бий юү?

-Нээлттэй, ил тод, хүртээмжтэй байдлыг бид эрхэм үнэт зүйлээ болгодог учраас хөрөнгө оруулалтаа ч гэсэн бүгдэд нээлттэй болгон Зогсолтгүй Хөрөнгө Оруулалт буюу Continuous Securities Of­fering (CSO) гэсэн шинэ төрлөөр цахим хуудсаараа дамжуулан хувьцаагаа арилжаалж байна. Хэрэв манай erxes Mongolia, erxes Inc фэйсбүүк хуудсууд руу хувьцаатай холбоотой мессэж илгээвэл бид и-мэйл хаягаар нь холбогдох мэдээлэл, хөрөнгө оруулалт хийх гарын авлагыг илгээж байгаа.Хөрөнгө оруулалт татахтай холбоотой бүхий л үйл ажиллагаа invest.erxes.io цахим систем дээр онлайнаар явагдаад эхэлчихсэн.

-Дэлхийн 90 улсын 30 мянга гаруй бизнес эрхлэгч ашиглаж байгаа бүтээгдэхүүн чинь яг ямар программ юм бэ?

-Манай компанийн бизнес загвар нь “Оpen Source Soft­ware” буюу нээлттэй эхийн программ хангамж юм. Манай компанийг гурван залуу үүсгэн байгуулсны нэг нь би л дээ. Нөгөө хоёр маань Б.Наран, Б.Бат-Амар гэж мундаг залуус бий. “Нью медиа групп”-ыг үүсгэн байгуулахаас эхлээд хамтран ажиллаж ирсэн. Нээлттэй эхийн программ хангамж гэдэг нь дэлхийн хаанаас ч, хэн ч татаж аваад өөрийн серверт суулган үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой гэсэн үг. 90 гаруй улсаас 30 мянга гаруй бизнес ажилдаа ашиглаж байгаа нь чамлахааргүй том тоо. Гэхдээ бидэнд хийх ажил маш их байгаа. Манай хотод байгаа олон орны харилцагч байгууллагууд программыг маань ашиглахын тулд бидний оролцоогүйгээр дэлхийн 30 гаруй хэлээр орчуулж, өөрт хэрэгтэй нэмэлт хөгжүүлэлт сайжруулалтуудыг хийсээр байна. Дэлхийн өнцөг булан бүрт биднээс цалин авдаггүй олон арван программ хөгжүүлэгчид erxes бүтээгдэхүүнийг өдөр бүр сайжруулж байгаа гэсэн үг. Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн бид жижиг дунд бизнес ашиглах боломжтой онлайн хувилбараа нээсэн, одоо 600 гаруй байгууллага төлбөр төлөн тогтмол ашиглаж байна.

-Ерөнхий сайдад хандсан үгэндээ IT-гийн компаниуд хоёр янз байна гэж ярьсан. Хэдэн тэрбумаар нь шударга бус байдлаар тендер авдаг компаниуд төсвөөс авсан мөнгөөрөө гадаад зах зээлд чиглэсэн бүтээгдэхүүн хийхгүй, хөгжихгүй байна гэж байсан?

-Гадагшаа гарахыг зорьсон, үнэ цэнээрээ нэгдсэн хэд хэдэн компани бий. Саяхан “Анд глобал”-ынхан “Марубени”-гээс 10 сая ам.долларын хөрөнгө оруулалт босгож чадсан. Энэ бол Монголын IT-ын салбарт маш томд тооцогдох түүхэн үйл явдал болсон. За тэгээд CallPro, Инфинити Солюшн, Томьёо, Шоппи гэх мэт гадаад зах зээлд Цахиурт гялалзахаар зорьж буй компаниуд нэлээд бий. Шударга бусаар дарга, засаг дагаж хэдэн арван тэрбумаар нь төсвөөс мөнгө авч ажил хийсэн мөртлөө энэ салбарын хөгжил, энэ улсын нэрийг олон улсад гаргахгүй таглаа, бөглөөс болж буй компаниуд ч бас нэлээд байгаа.Уг нь шударгаар тендерт оролцож, бусад гарааны бизнестээ адил тэгш оролцох боломжийг олгож олон улсад хамтын хүчээр туршлага хуваалцаж хөгжих нь энэ салбарын цаашлаад Монголын хөгжилд эерэгээр нөлөөлнө л дөө.

-IT төрөөс том мөнгө иддэг салбаруудын нэг гэсэн шүүмжлэл дуулддаг ч яах аргагүй том мөнгө зарцуулах салбар гэх тайлбар дагаад байдаг л даа…?

-Олон хүн нэг км зам барих ч юм уу, нэг цэцэрлэг босгоход хэдэн төгрөг зарцуулдгийг багцаагаар мэддэг. Гэтэл IT-гийн хувьд багцаа байдаггүй.Серверийнх нь ачаалал хүчин чадал хүрдэггүй, үүлэн технологи гэх мэт хол юм шиг зүйлсийг сүртэй яриад өчнөөн мөнгө зарахаас аргагүй гэдэг.Үнэн хэрэгтээ тийм биш л дээ.IT-гийн салбарт зарцуулж байгаа төсвийн мөнгөний хэмжээг харахаар бодит өртгөөсөө хэд дахин давсан, зарим тохиолдолд бүр хэдэн арав дахин давсан тоо сонсогддог.Хатуухан хэлэхэд IT-гийн салбар XXI зууны дарга нарын мөнгөө угаадаг, мөнгө олдог салбар болчихсон нь нууц биш.

-Монголын IT-гийн салбар дэлхийд гарахын тулд хамгийн түрүүнд хийх ёстой ажил гэвэл та юуг онцлох вэ?

-Хамгийн гол нь хүсэл мөрөөдлийг амжилтын түүх рүү шилжүүлмээр байна. Манайх, Анд глобал гээд амжилтын түүхээ зохих хэмжээнд бүтээчихсэн.Одоо илүү олон компанийг амжилтын түүхтэй болгох хэрэгтэй. IT бол хил хязгааргүй салбар. Дэлхийн хүнд зориулсан юм хийж чадвал шууд доллар олж болох онцгой давуу талтай. Анх Д.Батбаяр гэх сумочийг хараад Д.Дагвадорж, М.Даваажаргал гээд олон залуус арлын Япон орныг зорьж өнөөдрийн амжилтаа бүтээж чадсан та бидний бахархал болсон аваргууд төрсөн.Мөн л Н.Түвшинбаяр гэж хүн олимпийн аварга болчихонгуут олон залууст олимп хол биш юм байна гэсэн итгэл өгсөн.Яг тэрэнтэй адил технологийн гарааны компаниудад хэд хэдэн амжилтын түүх л хэрэгтэй байна.Хэрвээ бид ингэж амжилтын түүхээ бүтээж чадах юм бол хэн ч тендер хийдэг газарт ажиллахыг хүсэхгүй.

Товчхондоо Монголд компани байгуулаад доллар олъё, экспорт хийе гэдэг мөрөөдлийг л хэд хэдэн амжилтын түүхүүдээр үүсгэх хэрэгтэй. Хоёрдугаарт, гадаад зах зээл рүү зорьсон зүйл хиймээр байгаа юм. IT бол том хөрөнгө оруулалт шаардлагагүй, үйлдвэр гэх мэт нүсэр байгууламжгүйгээр сандал ширээ, компьютер байхад л цэцэглэчихдэг бизнес.