Н.БАТ 

-Ц.Элбэгдорж: Бид ямар нэгнээсээ нүүгээд явах биш дээ-

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ковидын цар тахал, эдийн засгийн хүндрэл, Хөгжлийн банкны чанаргүй зээл гээд Монголын нийгэмд түмэн асуудал өрнөж байхад хаана байв? Бидний “жижигхэн” эдийн засгийг хааш нь ч хөтөлж мэдэх эрсдэлтэй энэ цаг үед огло харайн гарч ирээд хэнийг юунд нь уриалаад эхлэв.

Өнгөрсөн долоо хоногт "Пума" зочид буудалд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэвлэлийнхэнд өгсөн таамаглал, хардлага бүхий ярианаас нь ийм асуулт өөрийн эрхгүй гарах.1. 2017 оны хоёрдугаар сарын 10-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс “Монголын зэс” ХХК–ийн авсан гэх “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мэдэлд шилжүүлэх тогтоол баталсан байдаг. Тэгэхэд Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганд яаран орж ирээд “ганц нэг УИХ-ын гишүүний мэдэгдэл байсан зүйл шийдвэр боллоо. Би улсынхаа төлөө санаа зовсондоо орж ирлээ.” хэмээн бухимдангүй хэлж байсныг санаж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний амнаас анх “Эрдэнэт үйлдвэр” Монгол Улсад ирж байгаа тухай сонссон хэмээн тэр өөрөө хэлдэг ч асуудалд бүрэн хутгалдаж ороод хувийн компанийн “өмгөөлөгч”-ийн үүргийг гүйцэтгэж гүйснийг хүн бүхэн анзаарсан нь нууц биш.Ерөнхийлөгчийн хэмжээнд яригдах юм бол энэ асуудлаа УИХ-аар яагаад оруулаагүй юм бэ хэмээн УИХ-ын гишүүд Ч.Сайханбилэгийн Засгийн газраас тэгэхэд онцлон асууж байлаа. Монголбанкнаас 360 тэрбум, Хөгжлийн банкнаас 3.7 тэрбум гэх мэтээр “Mongolian copper corporation” компани нь “Эрдэнэт” болон “Монголросцветмет” үйлдвэрийн 49 хувийг худалдан авахын тулд гурван удаагийн үйлдлээр 400 сая ам.долларыг шилжүүлэхдээ томоохон зээлүүд авсан байтал Ерөнхийлөгч тэр үед “энэ зээлээ хэрхэн төлөх вэ” гэж тэднээс асуусан бил үү. 

Харин ч УИХ-ын ажлын хэсэг хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргаад байхад илт өмгөөлж, өмнүүр нь орж ярьсаар байсан. Түүнийг энэ хэрэгт нь Прокуророос яллах дүгнэлт хүртэл хүргүүлж, АТГ хэд хэдэн удаа дуудсан. Гэвч хэрэг хаанаа дарагдсан нь одоогоор тодорхой мэдээлэл алга. "Монголын зэс” ХХК-тай холбогдон хууль хяналтын байгууллагаас шалгаж байсан “Кью Эс Си” өнөөдөр Хөгжлийн банкны хамгийн том чанаргүй зээлийн “эзэн”.2015 онд Хөгжлийн банкнаас 71 сая ам.доллар авсан тус компани офшор бүсэд хамааралтай. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас авахад оролцсон хэмээн хуулийн байгууллагаас шалгагдсан. Үнэндээ Ц.Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд Хөгжлийн банктай холбоотой асуудал нэг бус удаа сөхөгдөж байсан билээ. 

2015 онд УИХ-ын ажлын хэсэг ч хяналт шалгалт хийн дүгнэлтээ танилцуулж байсан. Гэвч хувийн нэгэн компанийн эрх ашгийг өмгөөлж, УИХ-ын танхимд гүйж орж ирсэн шигээ Хөгжлийн банкны хувь заяанд санаа зовсон уу. Хөгжлийн банкнаас гарч байгаа зээл, төслүүд, түүнд хутгалдаж яваа компаниудыг харахгүй, анзаарахгүй явсан гэвэл тэрэн шиг худлаа зүйл үгүй. Наад зах нь Хөтөлийн цемент шохойн үйлдвэр түүний анхаарлаас гадна үлдэхгүй.

2. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж В.Путинтэй маш сайн хэмжээнд нөхөр­лөдөг, Ши Жиньпинтэй хамт суугаад ярилцдаг, Ангела Меркел, Обаматай нуруу­гаа алгадаад уулздаг,  Шинзо Абэ, Модитай цай хувааж уудаг гэх зэргээр өөрийгөө тодорхойлдог. 

“Дэлхийн олон орны удирдагчтай би найз" хэмээн “онгирдог” ч Ковидын цар тахал нүүрлэж, вакцин, хилийн цаана гацсан иргэд гээд асуудал ид өрнөж байхад Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд ядаж нөхөрсөг зөвлөмж, зөвлөгөө өгч гарч ирсэн бил үү. Санаж байна. 

Чингис хааны зураг ардаа залж байгаад твиттерт нэг удаа гарч ирэхдээ сонгууль хийх ёстой тухай санал бодлоо илэрхийлсэн байдаг. Учир нь сонгууль хойшилбол өстөн нь өндөр сэнтийгээс буухгүй. Клабхауст ч цохож байгаад У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат нарын талаар яриа өрнүүлсэн. 

Мэдээж өөрийнх нь эрх ашиг хөндөгдөж байсан учраас тэр биз. Харин саяхнаас АН, МоАХ гэх асуудлаар энд тэнд үзэгдэх болж. Хувийн өс хонзон нь түүнийг АН-ын “эзэн” болох амбиц руу түлхээд байгаа нь илт.3.Өмнөх Ерөнхийлөгч нараа бодвол тэр “Хон Гил Дон” байх амбицтай. Гэвч энэ амбицаа хэзээ, хаана, хэрхэн ашиглахаа мэддэг байх нь “жижигхэн” Монголд нь чухал гэдгийг энэ удаад мэдэрсэнгүй. "Пума" зочид буудалд “No Naadam” жагсаалынх гэж өөрийгөө тодотгож, “No War” хэмээн гарч ирсэн Д.Монголхүү нартай уулзжээ. Өөрийнх нь хэлснээр Орос, Украины талаар түүний байр суурийг залуучууд сонирхож уулзая гэж. 

Хэвлэлийнхэн ч тэнд очсон байлаа. Харин тэрбээр хагархай логиктой, хааш нь ч хөтөлж мэдэх баахан зүйл “бурав”. Украиныг Орос төвийг сахисан болгох гэж хүчлээд байгаа. Төвийг сахих статустай болсноороо Монгол хамгаалагдсан л гэнэ. Хоёр хөрш эрх чөлөөтэй орон амжилтад хүрэхээс айж байгаа. 

Үндэсний цөөнх болсон Монгол ахан дүүсийг маань бууныхаа өмнө гаргалаа гээд нэгэн цагт Монгол Улсын хар хайрцагны бодлогыг зангидахад оролцож бас чиглүүлж явсан хүний нэг гэхэд үнэхээр гэнэн үгсээр өөд уруугүй ярилаа.Уг нь, геополитикийн нэн чухал асууд­лыг хэзээ, хэн, хэрхэн хөндөх ёстой вэ гэд­гээ тэр мэдэхийн дээдээр мэдэж бай­гаа. Харамсалтай нь, энгийн бид ч ойлгохын аргагүй зүйлсийг хамаад, мартаа­гүй дээрээ хэлье гээд “шүршиж гарсан”.

Дайныг эсэргүүцэж байгаа хувь Ц.Элбэгдоржийн байр суурийг дэмжиж байна. Гэхдээ ийм хүнд үед олон нийтийн өмнө гарч ирээд “Дайн боллоо, корона гарсан хүндрэл гэхээсээ илүүтэй боломж гэж хар. Эдийн засгийн асар их боломж нээгдлээ” гээд яриад зогсох нь хэр оновчтой вэ.

Бид хоёр хөршөөсөө шууд шалтгаалсан эдийн засагтай улс гэдгээ үргэлж санаж, хэзээ хаана дуугарах вэ гэдгээ тэр тусмаа Төрийн толгойд байсан цөөхөн хэд маань мэдрэх ёстой баймаар. Геополитикийн жижигхэн асуудал ч манай эдийн засагт хүнд тусах эрсдэлтэй гэдгийг тэд мэднэ. Үнэхээр түүний хэлснээр бид үүрдийн хөршөөсөө нүүгээд явж чадахгүй.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН