Ирэх сарын 6,7-ны өдөр Хүй долоон худагт болох Даншиг наадмын зохион байгуулалт, зардлын талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөөгөөс тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотын хувьд, Даншиг наадмыг 2015-2018 оны хооронд зохион байгуулсан бөгөөд 2019-2021 онуудад зохион байгуулалгүй өнжсөн.

Харин энэ жилээс Төв гандантай хамтран зохион байгуулахаар санал, санаачилга гаргаж, ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Гол нь тус наадмаар дамжуулж Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж олон улсын жуулчдыг татах зорилготой.

Зардлын хувьд, одоогоор тодорхой болоогүй байгаа бөгөөд энэ долоо хоногт зардал мөнгийг батална. Хамгийн сүүлд 2018 онд, инфляц өнөөдрийн хэмжээнд хүрээгүй байх үед Даншиг наадмыг зохион байгуулахад 297 сая төгрөгийн төсөв гарч байсан юм билээ. Иймд урьдчилсан байдлаар ихдээ 500 сая орчим төгрөгийн зардал гарна гэж хувьдаа тооцоолж байна.

Цаашид жил болгон брэнд болгож зохион байгуулж, аялал жуулчлалыг татан, худалдаа үйлчилгээг дэмжиж, улмаар төсвөөс мөнгө гаргадаггүй уламжлалт үйл ажиллагаа болгохыг зорьж байна.

Өмнөх статистикаас харахад, Даншиг наадмын үзэгчдийн 10 орчим хувь нь гадаадын иргэд байсан. Харин энэ жилийн хувьд Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болсонтой холбоотойгоор Даншиг наадам үзэгчдийн 15-20 хувь нь гаднынхан байна гэсэн урьдчилсан тооцоо гараад байгаа.

Мөн тус наадмын үеэр Хүй долоон худаг руу нийтийн тээвэр үйлчилнэ" гэв.

Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхэлсэн түүхтэй юм. Энэ жил тус наадмаар 256 хүчит бөх барилдан, даага, их нас болон жороо морьд уралдах бөгөөд морьт харвааны үзүүлбэр болохоос гадна жуулчдад татдаг шашны зан үйлүүдийг Гандантэгчэнлин хийд хариуцан зохион байгуулах аж.