Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах, хөгжих эрх зөрчигдөж байгаа талаар “Ээлтэй ертөнц” ТББ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхийн төлөөлөл хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.

Удахгүй эхлэх хичээлийн шинэ жилд хүүхэд бүр бэлдэж, сургуульдаа орох гэж яарч байхад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуульд суралцах эрх зөрчигдөж, очих газар байхгүй байгааг тэд онцолсон юм.

"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрхийг эдлүүлэх шийдлийг яаралтай гаргах албан тоот хүргүүлж байна"

"Ээлтэй ертөнц" ТББ-ын тэргүүн Т.Туяажаргал хэлэхдээ “Хүүхдийг боловсролд тэгш хамруулах ёстой гэж ярьцгааж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энгийн сургуульд явж байгаа ч тэнд сурч, хөгжих боломж, нөхцөл нь хангагдаагүй өнөөдрийг хүрч байна.

Засгийн газрын хэдхэн сарын өмнө гаргасан тэмдэглэлд цэцэрлэг сургуульд нэн яаралтайгаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тэгш хамруулж, тэдний өвөрмөц хэрэгцээнд нийцүүлэн суралцах орчин нөхцөлийг бүрдүүлэх, дэмжлэг тохируулгын тогтолцоог хөгжүүлэх шаардлагатай гэж онцолсон байдаг.

Энэ жилээс хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжтой болсон гэх зэргээр БШУЯ-аас олон сайн мэдээ дуулгаж байгаа ч энэ дунд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудлыг дахиад л орхичихлоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрх хэдий болтол орхигдох ёстой вэ. Энэ тал дээр тодорхой шийдлүүдийг маш яаралтайгаар гаргаж өгөхийг тодорхой гурван яаманд албан тоот болгон өнөөдөр хүргэж байна” гэлээ.

"16 нас хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн халамж, асаргааны мөнгөн тэтгэмжийг 40,000 төгрөгөөр багасдаг"

Мөн тэрбээр “Монгол Улсын иргэнийг 18 нас хүрэхээр насанд хүрсэн гэж үздэг. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг 16 нас хүрсэн бол иргэн гэж үзэж байна. Учир нь 16 нас хүрээд иргэний үнэмлэхээ авсан хөгжлийн бэрхшээлтэй иргэний халамж, асаргааны мөнгөн тэтгэмж нь 40,000 төгрөгөөр багасдаг. Энэ бол Үндсэн хуулийг зөрчсөн үйл ажиллагаа.

Байнгын асаргаа, заавал хэн нэгний тусламжтайгаар нийгмийн болон өөртөө үйлчлэх ажиллагаанд оролцож байгаа бүх хүн боловсрол эзэмших эрхээ эдэлж чадахгүй байна. Насанд хүрсэн ч өнөөдрийг хүртэл боловсролын үйлчилгээнд хамрагдаагүй иргэдийг яах вэ гэх асуудал үүсэж байна.

Өнөөдөр боловсролын тогтолцоонд хувьсах зардлыг хүүхэд бүрээр тооцдог. Гэтэл энэ хувьсах зардлыг насан туршдаа авч чадаагүй олон мянган иргэн бий" гэлээ.

"Сургуулиудад хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй ажиллах мэргэжлийн боловсон хүчин бэлдэж өгөхийг хүсэж байна"

Ээжүүдийн төлөөлөл н.Туяа “Охин минь хэдий 26 настай ч насан туршдаа надад хүүхэд хэвээрээ л явна. Учир нь би охиныгоо хооллож, бие засуулж, өргөж тэвэрч тэргэнцэр дээр нь суулгадаг хэвээр хэдэн жил явахаа мэдэхгүй байна.

Гэтэл Засгийн газраас явуулж буй арга хэмжээ, бусад зүйлс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд гэж томьёолж, хэрэгжүүлж буй үйл ажиллагаандаа зөвхөн 16 хүртэлх насныхныг хамруулдаг. Ингэхээр 26, 36 магадгүй 46 настай тэр эцэг, эхийнхээ хувьд бүрэн асаргаатай хүүхэд бүх зүйлээс хоцроод байна.

Миний охин Яармагт байрлах тусгай дунд сургуулийн 9 дүгээр ангийг дүүргэсэн. Түүнээс хойш ямар ч сургуульд хамрагдаж чадахгүй байна. Оюутан болгож, боловсрол эзэмшүүлье гэхээр миний охинтой ажиллах багш, мэргэжилтэн байхгүй тул хичээл зааж чадахгүй гэсэн хариу өгдөг.

Манай охины хамт сурч байсан хүүхэд энэ жил оюутан болсон. Тухайн хүүхэд өөрөө тэргэнцрээ удирдаад явдаг хүүхэд. Гэтэл охин маань найз нь оюутан болсныг сонсоод өөрийгөө сурч чадахгүй байна гэж маш их хямарч байна. 

Иймд төр засаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ сурч боловсрох, хөгжих эрхийг нь бага ч гэсэн эдлүүлээд өгөөч гэж хүсэж байна. Ядаж сургуулиудад миний хүүхэдтэй ажиллах мэргэжлийн боловсон хүчин байвал манай охин сурч чадна” хэмээн ярилаа.

"Бүх хичээлээ компьютер дээр хийдэг харааны бэрхшээлтэй хүүг маань улсын сургууль гадуурхсан"

Ээжүүдийн төлөөлөл н.Мөнгөнцэцэг “Миний хүү одоо 10 дугаар анги бөгөөд эхний таван жил тусгай сургуульд, сүүлийн таван жил энгийн сургуульд суралцаж байна. Тухайн үед харааны бэрхшээлтэй хүүхэд энгийн сургуульд явах боломжгүй гээд зөндөө олон сургуулийн хаалга хааж явсан.

Эхлээд Кингс кидс гэх хувийн сургуульд миний хүү гурван жил сурсан. Харааны бэрхшээлтэй хүүхдүүд математикийн хичээлийн маш их хоцрогдолтой байдаг. Миний хүү өөрөө IT инженер болно гэдэг учраас өмнөх жилээс шилжүүлж, физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургуульд азаар элсэн суралцаж эхэлсэн. Одоо улсын болон хувийн сургуулийг ямар өөр байдгийг мэдэрч байна.

Өмнө нь хувийн сургуульд тусгай сургуулиас элсэн ороод миний хүү ямар ч ялгаварлан гадуурхалтад өртөж байгаагүй. Харин ч харааны бэрхшээлтэй хүүхэд энгийн сургуульд сурах боломжтойг харуулж байсан. Гэвч улсын сургуульд ороод маш их ялгаварлан гадуурхалтад өртсөн бөгөөд харааны бэрхшээлтэй хүүхэд физик математикийг сурах ямар ч боломжгүй гэж удирдлагууд нь хүртэл хэлсэн. Мөн шалгалт өгөхөд нь ч ямар ч тохиргоо хийгээгүй, 9 дүгээр анги төгсөлтийн хонхны баярт нь оролцуулаагүй, дуулгаагүй.

Уг нь хүү маань бүх хичээлээ компьютер дээр асуудалгүй хийдэг. Энгийн сургуулийн багш нар брайл бичгийг мэддэггүй учраас анхнаас нь түүнийг зөвхөн брайл бичгээр явуулаагүй.

Харааны бэрхшээлтэй хүүхэд нь бүх зүйлийг энгийн хүүхдээс бага зэрэг л ялгамжтайгаар сурах чадвартай. Түүнийг л багш нар маш сайн ойлгоосой гэж хүсэж байна.  Миний хүүд суралцах давуу талууд маш их байдаг" гэлээ.