Сүүлийн үед АН-ын учир начрыг ард түмэн байтугай АН-ынхан өөрсдөө ойлгохоо болив бололтой. “...Эвлэх нь” гэсэн чинь улам эвдэрчих шиг л болох юм. “...Тамгатай, тамгагүй дарга, хүчинтэй хүчингүй тамга гэж маргадаг байснаа батламжтай, батламжгүй дарга гэдэг боллоо” гээд л ярьцгааж байна.

Уг нь яг одоо Монголын улс төрд сөрөг хүчин үгүйлэгдээд байгаа юм. Тэр утгаар нь зөвхөн АН-ынхан ч бус, нийтээрээ л “...Эвлээсэй” гээд байгаа хэрэг л дээ.

 

Тэгвэл Монголын төрөөс, иргэдээс хулгайлсан үйлдлүүд ч АН-ынхны ингэж дарга нараа “олшруулдаг” шиг нэмэгдэж байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авахдаа, Оюу толгойн гэрээг байуулахдаа, Хөгжлийн банкнаас зээл гаргахдаа, Тавантолгойг олборлож зөөхдөө хулгайлсан асар их хөрөнгөний асуудлуудыг хууль хяналтынхан шалгасаар л байна.

 

Зарим нь мөрдөн шалгах ажиллагаанд, нэлээд нь шүүхэд шилжсэн мэдээлэлтэй. Араас нь койны хэрэг гээч нэмэгдэж байх шиг байна. Хохирол нь нөгөөдүүлээсээ дутахааргүй аж. Их наядаар тоологдох юм байна. Бусад том хулгайн адилаар бас л улс төртэй холбогдоод авсан байх юм. Олон нийт дээр дурдсан том хэргүүдээс Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хулгай хоёр яаж шийдэгдэх нь вэ гэдгийг хамгийн ихээр анхаарч байна. Хөгжлийн банкны хэрэг 20-иод хоногийн өмнө шүүхэд шилжсэн. Прокуророос уг хэрэгт холбогдуулж 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Хэргийг анхан шатны шүүх хүлээж авалгүй долоо хоносон. Учир нь ШЕЗ-ийн 2021 оны тогтоолоор “...Хэргийг хүнтэй нь хамт хүлээж авах ёстой” гэж анхан шатны шүүхийн Тамгын газар үзжээ.

 

Улмаар долоо хоногийн өмнө уг хэргийг шийдвэрлэх шүүгч томилогдсон байна. Одоогоор шүүгч хэргийн материалтай танилцаж байгаа, удахгүй шүүх хурлууд зарлагдана гэх мэдээлэл байгаа юм. Энэ хэрэг шүүхэд шилжихтэй зэрэгцээд Хөгжлийн банкны хэргийг хянан шалгах УИХ-ын түр хорооны сонсгол явагдсан. Бараг гурван долоо хоног үргэлжилж байна. Одоогоор дуусаагүй байгаа юм. Сонсголын үеэр ил болсон баримт сэлтүүд олны дургүйцлийг ихээхэн төрүүлсэн.

 

Тухайлбал, “Бэрэн”, “Эрэл” зэрэг компанийн удирдлагууд зээлийн мөнгөнөөс сая сая ам.доллароор нь казинод үрсэн байж магадгүй баримтууд яригдсан. Бас “Ачлал трейд”, “Монполимет” зэрэг компанийн зээлүүд зорилтот төсөлдөө зарцуулагдсан нь харагдсан. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны хэрэг анхааралд орж “...Шүүх хэрхэн шийдэх бол” гэсэн хүлээлт үүсгэхэд энэ УИХ-ын түр хорооны сонсгол нэлээд үүрэг гүйцэтгээд байгаа юм.

 

Энэ нь шүүх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийг прокурорын яллах дүгнэлтийн дагуу шийтгэх нь учир дутагдалтай гэдгийг ч харуулж буй хэрэг. Гэхдээ хэргийг хэрхэн нь шүүхийн хэнтэй ч хуваалцахгүй эрх мэдэл юм. Харин “...Нүүрсний хулгайтай холбоотой хэргүүд хаана явна вэ” гэхээр олон хариулт гарч ирнэ. Учир нь энэ нүүрсний хулгайн хэрэг дотроо маш олон “салбар”-тай. Оффтейк гэрээ, хөрс хуулалт, бусад ажлын тендерүүд, С зөвшөөрөл, авто болон төмөр замын тээвэр, мөргөцөг алга болсон зэргээр олон сална. Эхнээсээ эзэн холбогдогчид нь тодорсоор байна. Энэ хэрэгт олон нийт хамгийн гол буруутгалыг улстөрчдөд өгч байгаа юм. Угаасаа тэгэхээс ч аргагүй. Нүүрсний хулгайг зөвхөн эрх мэдэл, албан тушаалын бяраар хийж ирсэн байдаг. 

 

АТГ, ЦЕГ, ТЕГ-ын ажлын хэсгээс нүүрсний хулгайтай холбоотой  17 хүний нэрийг сар гаруйн өмнө зарласан. Нэлээд нь яахын аргагүй холбоотой. Цөөн хэдхэн нь хэн нэгний мэдүүлгээр “татагдаад” байгаа гэх сурвалжийн мэдээлэл бий.

 

Бас нэг зүйл гэвэл Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан “...Нэр бүхий дөрвөн гишүүнийг нүүрсний хэрэгтэй холбоотойгоор бүрэн эрхээс нь түдгэлзүүлж шалгах шаардлагатай” гэсэн саналыг УИХ-д гаргахаар болсон талаар нэлээд хэдийнээс яригдсан. Тэрбээр “...Цаг нь болсон” гэж үзсэн бололтой. Өнөө маргаашгүй ийм санал УИХ-ын даргын гарт очихоор болсон аж. Улсын ерөнхий прокурорын саналд мөрдөх байгууллагуудын “...Нүүрсний хулгайтай холбоотой” гэж зарласан таван гишүүний хоёр нь багтах бололтой юм. Гол нь эрхэм гишүүд, нөлөө бүхий улстөрчид нүүрсний хулгайтай холбогдож, тэр нь нотлогдож таарвал улс төрийн хамгаалалт гэдэгт найдах боломжгүй болсон. Хамгийн олон гишүүн нь холбогдсон МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гэхэд л 2022 оны арванхоёрдугаар сарын 19-нд УИХ дахь бүлгийнхээ хурал дээр “...Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гишүүд, сайд нар өөрсдийн хүсэлтээр шалгуул” гэж шахсан байдаг. 

 

Ер нь бол МАН ч, АН ч “...Манай намынхныг хэрэгт гүтгээд, улс төр хийгээд байна” гэж гошигнох шаардлагагүй аж. Яагаад гэвэл энэ хоёр нам хоёулаа 200 мянгаас дээш гишүүнтэй гэцгээдэг. Тэгвэл нүүрсний хулгай, Хөгжлийн банк, өөр юу байдаг юм, нийтийн эрх ашгаас маш том хулгай хийсэн 200 хүрэхгүй л хүн бий.

 

Өнөөдөр дэлхийн “топ” биш юм гэхэд өөрсдийгөө тордоод явчих хэмжээний баялагтай улс шүү дээ. Гэтэл түүнийг нийтээрээ бус нэг хэсэгхэн албан тушаал, эрх мэдлийн мангасууд зооглочихсон. Тэд хулгайлсан уу, хулгайлсан. Энэ үнэн үү, үнэн. Тиймээс мөрдөх байгууллагууд, прокурорууд, шүүгч нар энэ нийтийн эрх ашгийн хулгайн хэргүүд дээр хуулиар хүлээсэн үүргээ л чин шударгаар биелүүлэх ёстой. Ийм л юм.  Товчлоод хэлэхэд, олон нийтийн онцгой анхааралд байгаа Хөгжлийн банкны хэрэг шүүхийн, нүүрсний хулгай прокурорын шийдвэрийг хүлээж байна.

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин