Каргоны компанийн нэр барьж бусдыг залилах тохиолдол газар авч байна
2023/03/26
Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч О.Оюунболортой ярилцлаа.
-Эхлээд залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар танаас тодруулмаар байна?
-Залилах гэмт хэрэг сүүлийн гурван жилийн хугацаанд өссөн үзүүлэлт харагдаж байна. Тодруулбал 2020 онд 6205, 2021 онд 7968, 2022 онд 14914 болж тус бүр өссөн байгаа юм. Багануур дүүрэгт л гэхэд энэ оны хоёр сарын байдлаар залилах төрлийн 49 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 14 хувиар өссөн үзүүлэлт.
-Залилагчдын арга барил цаг үеэ дагаад хувирч байдаг. Энэ цаг үед иргэдийг яаж залилж байна вэ?
-Цахим шуудангийн залилан түгээмэл гарч байна. Залилагч этгээдүүд каргоны компани үйлчлүүлэгч хоёрын голоор орж дундаас нь мөнгө завшиж байна. Иргэн гадаадаас бараа захиалаад каргоны компанитай харилцаа үүсгэхэд л гуравдагч этгээд голоор нь орж ирээд л “Манай байгууллагын данс өөрчлөгдсөн. Энэ данс руу урьдчиллаа шилжүүл” гэх байдлаар мөнгө завшина. Каргоны компанийн нэр барьж залилан хийж байна гэж ойлгож болно. Үүнээс гадна бага хүүтэй зээл олгоно гэж бусдыг залилна. Урт хугацаатай барьцаагүй зээл гаргана гэж худлаа хэлж шуналыг нь хөдөлгөөд л манайхныг залилчих юм. Сүүлийн гурван жилд үйлдэгдсэн цахим залилангийн хохирлын хэмжээ 16.1 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. -Бага хүүтэй зээл гаргана гэх энгийн зүйлд манайхан итгэсээр л байгаа хэрэг үү?
-Тийм. Ердөө өнөө өглөө (өчигдөр) гэхэд л хэдхэн цагийн дотор зургаан сая төгрөгөө залилуулсан иргэн манайд орж ирлээ. Тухайн иргэнийг зээл авахын тулд тодорхой хэмжээний шимтгэл төл гэж хэлээд л залилчихсан байх жишээтэй. Шимтгэлээс гадна илгээмжийн хураамж төл гэх мэтээр тухайн иргэнээс зургаан сая төгрөг залилсан тохиолдол байна.
-Гаргасан зээлээсээ шимтгэлээ ав гээд хэлэх тохиолдол манайханд алга уу?
-Яг ийм яриа өрнөсөн талаараа хохирогчид ярьдаг. Зээл гаргахын тулд эхлээд тодорхой хэмжээний шимтгэл төлөх шаардлагатай гэж хэлээд л залилчихаж байна. Маш бага хүүтэй, барьцаагүй зээл амлаж манайхны шуналыг хөдөлгөөд л залилчихаж байна л даа. Энэ төрлийн хэргийг судлаад үзэхэд гадаад хэлнээс хөрвүүлж илтэд утга найруулгын алдаатай харилцаа үүсгэж байхад л манайхан итгэж мөнгөө шилжүүлж байгаа нь харамсалтай. Энэ бол хилийн чанадаас үйлдэгдэж байгаа залилан.
-Ингэхдээ залилагчид олон улсын данс ашиглаж байна уу?
-Тийм. Бид хэргийн мөрөөр судлаад үзэхэд гадагшаа гарсныг нотолж байгаа юм. Ингээд эзэн холбогдогчийг тогтооход ээдрээтэй нөхцөл байдал үүснэ. Түүнчлэн иргэдэд та азтан боллоо гэх мэдээллийг цахим хаягт илгээж хувийн чанартай мэдээллийг нь авч байна. Тодруулбал “Та Iphone12” маркийн утас хожлоо гээд хувь хүний фэйсбүүк хаяг руу илгээдэг. Хожсон бараагаа авахын тулд гэрийн хаяг, утас, дансны дугаараа хэлэхийг шаардана. Ингэж хувийн мэдээллийг нь цуглуулаад дансан дахь мэдээллийг нь татаад авчихдаг. Дансан дахь мөнгийг нь хормын төдийд л хоосолчихно гэсэн үг шүү дээ. Дансны дугаар, утасны дугаараа танихгүй хүнд илгээх нь ийм л эрсдэл дагуулдаг.
Түүнчлэн ийм аргаар олж авсан дансандаа гэмт этгээдүүд залилсан мөнгөө байршуулах нь ч бий. Үүнээс гадна дансны мэдээллийг нь аваад банкнаас зээл авах ч тохиолдол байдаг. Багануурт үүнтэй төстэй тохиолдол бүртгэгдсэн. Тодруулбал өдрийн 100 мянган төгрөг төлж бусдын данс ашиглана гэх зар байршуулаад тухайн дансандаа залилсан мөнгөө байршуулсан тохиолдол бий. 12 цагийн хугацаанд 42 сая төгрөг оруулаад гаргасан байгаа юм. Өөр нэг төрлийн залилан нь бусдын фэйсбүүк хаягт нэвтэрч ойр дотнын хэн нэгнээс нь мөнгө нэхдэг явдал. Онцлоод хэлэхэд хүн мөнгө нэхэхэд тухайн хүн рүү залгаж асуудаг болсон байна лээ, манайхан. Гэнэдээд л шууд шилжүүлдэг хүн бараг байхаа больж. Тодорхой хэмжээний ойлголттой болсон нь сайшаалтай.
-Романс төрлийн залилан түгээмэл гарч байсан. Одоо нөхцөл байдал ямар байна вэ?
-Гарч л байна. Огт танихгүй хүнтэй интернэт орчинд танилцаж харилцаа үүсгээд л мөнгийг нь авчихдаг. Хэд дахин өсгөөд буцааж өгнө гэж хэлээд л мөнгийг нь авчихаж байгаа юм. Ингэхдээ гоё ганган зургаар халхавч хийж сэтгэлийг нь хөдөлгөөд л залилах үйлдлээ хийнэ.
-Залилангийн гэмт хэрэг жилээс жилд өсч байгаа шалтгааныг та яаж харж байна вэ?
-Хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал манайд IT инженерүүдийг өндөр хэмжээнд бэлтгэдэг болсон байна. Бэлтгэгдэж байгаа инженерүүдийн заримынх нь тархи буруу тал руугаа ажиллаад байна л даа. Мэдлэгтээ тулгуурлаж бусдыг залилж байна. Цахим гэмт хэргийг энгийн иргэн биш IT -ийн мэдлэгтэй улс л үйлдэх нь түгээмэл. Аливаа зүйлийг сайн нягталдаггүй, шуналтай иргэдийн сонирхолд дөрөөлж үйлдэж байгаа нөхцөл байдал шалгалтын явцад тогтоогддог. Ингэхдээ эдийн засгийн хувьд чинээлэг сууриныг сонгож байгаа нь ажиглагддаг. Тухайлбал Багануур дүүрэг. Тухайн дүүрэг уурхайтай учраас санхүүгийн хувьд боломжтой хүмүүс амьдардаг. Байнгын орлоготой, чинээлэг гэсэн үг шүү дээ. Үүнд нь тулгуурлаж иргэдийг залилж байгаа нөхцөл байдал харагддаг. Багануур дүүрэгт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 50 орчим хувийг ерөөсөө залилан мэхлэх гэмт хэрэг эзэлж байгаагаас үүнийг харж болно.
Дээрээс нь манайханд барьцаагүй зээлийг бага хүүтэй авах сонирхол маш их байна. Цахимд бага хүүтэй зээл, барьцаагүй олгоно гэх зар байхад л сонирхсон иргэд хэдэн зуугаараа эргэлдэж байдаг. Урт хугацаатай, бага хүүтэй зээл хаана ч байхгүй гэдгийг манайхан сайтар ойлгох хэрэгтэй. Үүнийг илрүүлэхэд харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбар байгууллага цагдаагийн байгууллагатай хамтын ажиллагаагаа сайжруулах хэрэгтэй байна. Банкууд ч цагдаагийн байгууллагатай хамтрах шаардлага бий. Жишээ нь залилуулсан хүн манайд ханддаг. Кодыг нь авахаар банк руу хандахад 7-10 хоногийн хугацаа авна. Энэ хугацаанд өнөөх мөнгө нь долоон уул даваад алга болчихож байгаа юм. Банк руу шууд хандаад л дансыг нь түгждэг бол халуун мөрөөр нь илрүүлэхэд дөхөм болж ирнэ.
Сүүлд нь хэлэхэд хүн биедээ бэлэн мөнгө авч явахаа больсон. Үүнтэй холбоотойгоор хүний дансан дахь мөнгийг нь яаж авах талаар гэмт этгээдүүд тархиа гашилгах болсон. Иргэд маань хувийн мэдээллээ бусдад дамжуулах, данснаасаа мөнгө гаргахдаа болгоомжтой хандах хэрэгтэй. Бага хүүтэй барьцаагүй зээлийн мэдээ сонсоод л юу юуны духанд хүрэлгүй урьдчилгаа шилжүүлж болохгүй. Барааг нь хараагүй хүний данс руу шууд мөнгө шилжүүлдэг итгэмтгий байж болохгүй гэдгийг дахин онцолъё. Эрх зүйн мэдлэгтээ анхаарах хэрэгтэй байна.