1992 оны Үндсэн хууль: Товч түүх

1966, 1967 он гэхэд нийгмийн амьдралын зарим зохисгүй шинж, байдал, хөгжлийн  хурдцын сааралт, үг хэлэх эрх чөлөөний хумигдал зэргийг сэхээтний тэргүүний хэсэг тоталитар дэглэм, авторитар удирдлага, ЗХУ-ын хэтэрсэн оролцоо зэрэгтэй холбон үздэг болчихсон байв.

Бүгдийг цагдан захиргааддаг дэглэм, нэг нам, түүний даргын хэмжээгүй эрх, шүүмжилд таагүй ханддаг уур амьсгал, протекционизм, нэр алдар хөөцөлдөх сэтгэлзүй, үзэл суртлын хийрхсэн дарангуйлал, зэргийг бүтээлч сэхээтнүүдийн идэвхтэй хэсэг хот, хөдөөгүй л өөр дээрээ мэдэрч бухимддаг, ил далд, явцуу хүрээнд шүүн хэлэлцэж гарц эрэлхийлдэг, зарим нь “зохисгүй үг, хэлэндээ” орооцолдож зэмлэл, шийтгэл ч хүлээдэг байв.

 

ЗХУ-ын хийгдэж эхэлсэн өөрчлөлт, шинэчлэлтүүдийг талархах, тэдгээрийн чиглэл, салхи дагуу шинэ уур амьсгалыг буй болгохыг эрмэлзэх оролдлого ч гарсаар байлаа. Ийм байдал өргөжсөөр, лавширсаар 1988, 1989 он гэхэд 1960 оны үндсэн хуулийг шинэ нөхцөл, байдлын үүднээс хянаж үзэх, шинэчилж найруулах санал, сэдлийг буй болгожээ.

МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо 1989 оны эхээрх 20-р тогтоолоороо 23 хүний бүрэлдхүүнтэй “БНМАУ-ын үндсэн хуулийг шинэчлэн найруулах комисс” байгуулжээ. Өөрчлөлт, шинэчлэлтийн үзэл санааг тусгаж Үндсэн хуулийн зарим заалтыг шинэчлэн найруулах зорилготой байгуулагдсан уг комиссыг МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Батмөнх тэргүүлж байв. Гэвч нам, төрийн дээд удирдлаганд өөрчлөлт орсны учир уг шийдвэр цуцлагдаж Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1989 оны 3-р сарын 27-ны тогтоолоор шинэ комиссыг мөн 23 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулжээ.

Уг комисс жил орчмын дараа (1990 оны 2-р сард) “БНМАУ-ын төрийн эрх барих дээд байгууллагуудыг өөрчлөн шинэчлэх хоёр хувилбар” гэсэн төслийг АИХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж хэлэлцүүлжээ.

Хэлэлцүүлэх явцад гарсан олон саналын үндсэн дээр хоёр хувилбарыг нэгтгэж цаашид гүнзгийрүүлэн боловсруулах шийдвэр гарчээ. Гэвч улстөрийн амьдралд буй болсон нөхцөл байдлын улмаас уг ажил зогсчээ. Харин Улсын бага хурал (1990.09.13) ажиллаж эхэлснээр шинэ үндсэн хууль боловсруулах ажил яригдаж судлаачдаас хэд хэдэн төсөл ч иржээ. УБХ-д дөрвөн намын төлөөлөл оролцож байлаа. 1990 оны 6-р сарын үед үндсэн хуульд өөрчлөлт, нэмэлт оруулах тухай л яригдаж байсан бол харин 8, 9-р сараас шинэ үндсэн хууль, ардчилсан үндсэн хуулийн төсөл зохиох тухай яригдах болсон байв. Нийгэмд буй болсон мөнхүү санал, санаачлагыг авч хэлэлцээд БНМАУ-ын Улсын Бага Хурал 1990 оны 10-р сарын 4-ний өдөр 15-р тогтоол гаргаж үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссыг 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Комисс нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн даргатай, 13 гишүүнтэй байв. Уг тогтоолд “БНМАУ-ын нийгэм, эдийн засаг, улстөрийн тогтолцоонд гарсан өөрчлөлт, шинэчлэлтийн шаардлагыг харгалзан БНМАУ-ын Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах... Төсөл боловсруулах ажлын хэсгүүдийг зохих мэрэгжлийн эрдэмтэн, нийгэм судлаач, соёл урлаг, шашны зүтгэлтэн, олон нийтийн байгууллагын болон хөдөлмөрчдийн төлөөлөгчдийн оролцуулан байгуулж ажиллуулах... Үндсэн хуулийн төслийг 1991 оны 3-р сарын 1-ний дотор Улсын Бага Хуралд оруулахыг комисст даалгасугай” гэжээ. Төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комисс 1990оны 10-р сарын 18-нд Ажлын хэсгүүдийг байгуулах тухай 01-р тогтоол гаргажээ. Үүнд; 

1. ”БНМАУ-ын эдийн засаг, нийгэм-улстөрийн байгуулал” хэсэг (11 хүн)

2. ”БНМАУ-ын төрийн байгуулал” хэсэг (11 хүн) 

3. ”Шүүх засаглал, үндсэн хуулийн хяналт” хэсэг (6хүн),

4. ”Хүний эрх” хэсэг (11хүн)  

Нийтдээ 39 хүний бүрэлдэхүүнтэй энэ комисс “Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажилд эрдэм шинжилгээ, мэдээллийн байгууллагууд, хөдөлмөрчдийн төлөөлөгчдийг татан оролцуулахын зэрэгцээ, шаардлагатай асуудлаар онолын бага хурал, ярилцлага, маргаан, санал солилцох ажил зохиохыг даалгасан байв. Үндсэн хуулийн төсөл боловсруулах уг комисс 1991 оны дунд үед оршил, 5 бүлэг, 81 зүйлтэй, “Монгол Улсын Их Цааз” нэртэй төсөл боловсруулж дуусчээ. Мөнхүү төслийг Улсын Бага Хурал хэлэлцэж, ард нийтээр хэлэлцүүлэхээр сонинд нийтэлжээ. Хот хөдөөгийн иргэдээс төслийн талаар олон санал, шүүмж гарч төвийн хэвлэлүүдэд нийтлэгдэж, хэлэлцүүлэг орон даяар өрнөжээ. Иргэдийн санал шүүмжийг судлах, шаардлагатай зүйлсийг нь төсөлд тусгах ажил чухалчлагдаж, энэ зорилгоор 1991 оны 7-р сарын 26-нд Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын “Ажлын хэсгүүдийг шинэчлэн байгуулж ажилд оруулах тухай” гэсэн шинэ захирамж гарчээ. Энэ ажилд нийтдээ 10 хэсэгтэйгээр 90 хүн нэр заагдан орсон байлаа.  Төслийн Оршил, Нэгдүгээр бүлэг, Гуравдугаар бүлгийн I, II, III хэсэг Тавдугаар бүлэг (Оршил. Нэгдүгээр бүлэг. Монгол улсын бүрэн эрхэт байдал, Гуравдугаар бүлэг. Монгол улсын төрийн байгуулал.

Нэг Монгол улсын их хурал. Хоёр. Монгол Улсын Ерөнхийлөгч. Гурав. Монгол Улсын засгийн газар. Тавдугаар бүлэг. Монгол улсын их Цаазад нэмэлт, өөрчлөлт оруулах) дээр ажилласан 14 хүний нэг нь байж 1991 оны 8-р сарын 20-ноос 1992 оны 2-р сарын 13-ныг хүртэл 160 орчим өдөр ажилласны хувьд уг ажил хэрхэн явагдсаны амьд гэрчийн нэг нь миний бие юм. ШУА-ийн Философи, социологи, төр эрхийн хүрээлэнд 20 шахам жил ажилласан, эрдэм шинжилгээний ахлах ажилтан болох миний тэр цагийн (1991-1992 он) үнэлгээгээр уг ажил “зохих технологийн дагуу, тавигдах шаардлагын түвшинд” явагдаагүй бөгөөд тийм боломж ч үгүй байв.

Бидний 14 хүний 5 нь хуульч , 5 нь эдийн засагч, 2 нь түүхч, нэг нь лам, 1 нь философич гэгдэхээр хүмүүс байлаа. 92 оны 7 сарын дунд үед байхаа Чимэд гуай надтай тааралдаад чи комисст орж ажлаарай. Эдийн засгийн онолоор ажилладаг хүмүүс хэрэгтэй байна. Чинийхээр бол хэн байж болох вэ гэж надаас асуусан юм.

Чимэд гуай захиргааны эрхээр диссертаци бичиж байхдаа, мөн урьдчилсан хамгаалалтанд орох үедээ, бас диссертацийн хураангуйг орос хэл дээр бэлдэж байхдаа надаас зарим туслалцаа авч байсан. Тэр цагаас хойш бид хоёр сайн танил болж, хааяа чонын авд хамт явж, шатар тоглож, энд тэнд хуралд хамт сууж, цайллага дайллаган дээр ч олон тааралддаг байв. Би бодоод байсан чинь МУИС-ийн улс төрийн эдийн засгийн ухааны багш Баянжаргал, засгийн газрын дэргэдэх Улстөр, нийгэм судлалын төвийн захирал байсан Нямзагд, Намын дээд сургуулийн хичээлийн эрхлэгч, багш байсан Эрдэнэсүрэн гурав л боломжийн санагдаж нэрсийг хэлж бичүүлж байж билээ. Их Цаазын төсөл сонинд нийтлэгдэхээс өмнө үндсэн хуультай холбоотой асуудлаар миний бичсэн 3, 4 өгүүллийг Чимэд гуай сониноос уншсан, ардчилсан төрийн тогтолцооны талаар миний бичсэн 8 хуудас материалыг надаас авсан байсан юм. Зардхаан гуайг би эртнээс, Ховд аймгийн намын хороонд ажиллаж байсан үеэс нь сайн таньдаг, МҮЭТЗ-лд ажиллаж байх үед нь өглөөний сонин уншлаганд хэд хэдэн удаа лекц уншиж, уулзаж ярилцдаг байв. Мөн түүхийн хүрээлэнгийн ажилтан, Санждорж гуайг дурдах учиртай. Чимэд, Зардхаан, Санждорж бид дөрөв Зардхааны өрөөнд, мөн Чимэд гуайн өрөөнд хааяа тааралдаж үндсэн хуулийн асуудлаар хэд хэдэн удаа ярилцаж, маргалдаж ч байсан билээ. Тэр үед яг үндсэн хуулийн эрхээр мэрэгжсэн, ном өгүүллүүд бичсэн, диссертаци бичиж хамгаалсан хүн байгаагүй юм. Гэхдээ ардчилсан үндсэн хуулийн онол арга зүйтэй холбогдох Джон Локк (1632-1704), Шарль Луй Монтескье (1689-1755) нарын бүтээлийг уншиж танилцсан хүмүүс философичид, хуулийн багш нарын дунд цөөн хэдий ч байсан билээ. Энэ комисст орж ажиллахаа мэдмэгцээ хэд хэдэн орны үндсэн хуулийг олоод уншчихсан хүн ч гарсан юм.

Би гэхэд 9-р сарын дунд хэрд 30 гаруй орны үндсэн хуулийг орос хэл дээр олоод уншиж байв. Тэдгээр номыг би хожим нь Философийн хүрээлэнгийн номын санд өгсөн болно. Тэр номууд одоо ч бий.

Өмнө дурдсан 14 хүн бүгд л аль нэгэн хэмжээгээр хувь нэмрээ оруулсан юм. Гэхдээ ихэнхид нь онолын мэдлэг, бэлтгэл тун ч бага, хомс байв. Энэнээс ч болсон байх 14-үүлээ бүрэн цуглаж ажилласан өдрүүд цөөхөн байсан даа. Гүн гүнзгий ярилцлага, маргаан, хэрэг болох баримт, материал, алсуур бодсон, хэтийг харсан санал, дүгнэлт мэт нь цөөхөн л сонсогддог байв. Хамгийн гол нь ардчилсан үндсэн хуулийн эрхийн асуудлуудыг чин сэтгэлээсээ сонирхож байсан хүн тэдний дунд хоёр, гуравхан л байсан юм. Тэд л идэвхтэй оролцож, тэр үед, мөн хожуу нь үндсэн хуулийн эрхээр ном, өгүүллүүд бичсэн билээ. Бусад нь ор нэр төдий оролцож, ардах ажлаа л бодож, зарим нь ч бүр ганзагын наймаанд явчихаж байлаа. 4-5 удаа л ирж үзэгдсэн хүн ч буй... Үндсэн хуулийн эрхээр судалгаа хийдэг, сурах бичиг, лавлагаа, монограф, судалгааны өгүүллүүд бичдэг хүмүүсийг одоо л бэлдэж эхэлж байна.

 

Энэ бол зөв ажил. “Монгол Улсын Их Цааз” нэртэй анхны болон хоёрдахь төслийг Улсын бага хурлаар 2 дахин хэлэлцсэн байдал, протоколыг үзэхэд асуудалд мэдлэгтэй, оновчтой, зөв мэдээлэлтэй хандаж байсан хүн хэд гуравхан л байжээ. Гэхдээ л 1992 оны Үндсэн хууль бол байж болох баримт бичиг юм шүү. Энэ хуулийн утга санаа үг үсгийн хүрээнд органик хуулиудыг л тун сайн боловсруулах байсан юм. Органик хуулиудыг яг хуучны инерци, ойлголт, хандлагаар боловсруулж баталсан нь алдаа байлаа. Органик хуулиудыг чанаржуулах ажлыг одоо ч гэсэн хийх хэрэгтэй байгаа юм. 1991 оны 9-р сар гэхэд Монгол улс 10 тэрбум шилжих рублийн үндсэн өр, 3 тэрбум орчим рублийн зээлийн хүү, бас бус жижиг өртэй байлаа. Төрийн тогтолцоо, төрийн албан хаагчдын тоо, хэмжээг байж болох доод хэмжээнд нь ядаж 5-10 жил барьж байх нь чухал байв. УИХ-ын гишүүдийн тоотой холбогдуулан энэ тухай миний сануулахад хэн нь ч хэрэгсэхгүй шахам байж билээ. Уг нь “Их Цааз”-ын үүдэх өртөг, зардлыг ойролцоогоор ч болов тооцох ёстой байлаа. 1991 оны байдлаар Английн парламентын гишүүн яамдынхаа дунд тушаалын түшмэдийн хэмжээнд л цалинждаг байв. Энэ жишгийг тооцоод ч болов төрийн тогтолцооны өртөг, зардлыг гаргаж болох л байв. Улсаа нэг айл гэж үзээд өр зээл, өртөг зардлаа төлөвлөх л ёстой. Энэчлэн олон зүйл дээр мэдлэггүй, сэтгэлгүй, хариуцлагагүй хандацгаасан даа.

 

Хэн, юунд, хэрхэн хандаж байсныг нэр усаар нь дурдаж болох хэдий ч энэ нь одоо ямар ч ач холбогдолгүй юм. 1984 оноос хойш төр засгийн зардал байнгад өсөж байлаа. 1985 онд жилийн өсөлт нь 20 шахам хувь болсон байв. 1991 онд үндэсний орлого 5 млрд орчим төгрөг байсан. Энэний хэдэн хувийг шинэ төр засаг өөртөө зарцуулахаар байгааг бодолцох л ёстой биз дээ?

АИХ-ын 400 гаруй депутат “Их Цааз”-ыг 66 өдөр хэлэлцэж байхдаа ч өр шир, өртөг, зардлыг ер хэрэгсээгүй юм. “Их Цааз”-ын сүүлчийн хувилбар үндсэндээ тэр чигээрээ л үлдэж, батлагдсан болно. АИХ-ын чуулганы оруулсан үнэ цэнтэй хувь нэмэр бараг үгүй гэхэд том алдаа болохгүй. АИХ-ын чуулган 400 гаруй депутатын ирцтэйгээр эхэлснээс хойш 76 хонож, 66 өдөр хуралдсан юм. Энэ 66 өдрийн чуулганд бүрэн сууж ажиглагчаар оролцсон хүний хувьд “нарийн мэрэгжил, зохих түвшний мэдлэг, зөв мэдээлэлгүй хүмүүс чухал асуудал хэлэлцэхийн бэрхшээл, зовлонг“ би мөн ч сайн ойлгосон юм шүү. Ард нийтийн санал асуулганд тун ч нухацтай хандаж, зохих мэдээллүүдийг урьдчилан өгч, зөв мэдлэг буй болоход зориулж хугацаа өгч, оновчтой ойлгомжтой томъёолсон маш цөөн асуултаар л хариу авах нь чухал юм билээ. 1960 оны үндсэн хууль 30 нүүртэй товхимол байсан бол 1992 оны үндсэн хууль 28 нүүртэй товхимол болж хэвлэгдсэн болно. БНМАУ маань 1992 оны 1-р сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минутаас хойш “Үндсэн хуульт төрийн байгуулалтай, хагас ерөнхийлөгчийн, хагас парламентын засаглалтай, ардчилсан дэглэмтэй Бүгд Найрамдах Монгол Улс” болж хувирсан юм. Энэ бол том дэвшил байлаа. Гэхдээ цаасан дээр. Хууль эрхэмжийн энэ тунхаглал, хэм хэмжээ, утга санаа, үг үсгийг амьдралд сахьж, хэрэгжүүлэх ажил зүгширч, цэгцэртлээ мөн ч удах нь 2023оны байдлаар ч тодорхой болчихлоо. Монголчууд бидний улстөрийн боловсрол, соёл, хүмүүжил, ёс суртахуун шаардлагатай түвшнээс доогуур, дорой байна.

 

1992-1996 онд шинэ үндсэн хуультай холбоотой зөрчил, тэмцэл гараагүй юм. Харин 1997 онд сонгогдсон ерөнхийлөгч Н.Багабандийн үед үндсэн хуульд өөрчлөлт оруулах санаачилга, оролдлого гарчээ. 1996 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам олонхийн суудал авч энэ намын гишүүн дөрвөн хүн (Энхсайхан, Элбэгдорж, Наранцацралт, Амаржаргал) ерөнхий сайдаар томилогдож байсан үеийн үл ойлголцол, зөрчлөөс энэ нь үүдэлтэй юм. Энэ тухай анхны мэдээ 1999 оны 10-р сарын 8-нд “Монголын мэдээ” сонинд гарчээ. Иш татъя; “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Үндсэн хуулийн төрийн тогтолцоотой холбоотой III бүлэгт өөрчлөлт, засвар оруулах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдан ажилд оржээ... Тэд парламентын засаглалаас Ерөнхийлөгчийн засаглалд шилжвэл Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах вэ гэдгийг уг хууль хэрэгжсэн есөн жилийн туршлага, амьдрал, шинжлэх ухаанд тулгуурлан боловсруулж, Ерөнхийлөгчид танилцуулах юм байна” хэмээжээ. Энэ мэдээний дараахан (7хоногийн дараа) Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Б.Пүрэвийн “Өнөөдөр” сонинд (1999.10.14. № 239) өгсөн ярилцлага: “Үндсэн хуулийн III бүлэг буюу Монгол улсын төрийн байгуулал гэсэн хэсэгт өөрчлөлт оруулах тухай санал боловсруулах, зорилго бүхий ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн захирамжаар 9-р сарын сүүлчээр байгуулсан. Парламентын засаглалтай төрийн одоогийн байгууллыг хэвээр хадгалах нөхцөлд үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах шаардлагтайг ажлын хэсэг судлах ёстой.

Ер нь бол парламетын засаглалыг бэхжүүлэх, Ерөнхийлөгч, УИХ, засгийн газрын ажлын уялдаа, холбоог сайжруулах талаар болон тодорхой бус байгаа, нэг мөр ойлгоход төвөгтэй ойлголтууд Үндсэн хуульд байгаа нь түүнийг мөрдөж ирсэн хугацаанд илэрхий болсон. Ажлын хэсэг байгуулах болсон шалтгаан ч үүнээс үүдэлтэй.

Хэрэв энэ ажлын хэсэг Үндсэн хуулийн дээрх бүлгийг бүр мөсөн өөрчилнө, тухайлбал Ерөнхийлөгчийн засаглалтай байхаар Үндсэн хуульд тусгах нь зүйтэй юм байна гэсэн байр суурь баримтлахад хүрвэл нэмэлт өөрчлөлт оруулах наад зах нь хоёр, цаашилбал 3-4 хувилбар боловсруулах шаардлагатай болж ч болох юм. Ажлын хэсэг ямар нэг санал боловсруулснаар “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай” хэмээн хоосон ярих биш, барьж авах, тойрч ярилцах юмтай болно. Ажлын хэсэгт Монгол Улсын төрийн байгуулалт ямар байх талаар тодорхой санал бодолтой хүмүүс орсон. Энэ ажлын хэсэг улстөрийн ямар нэг өнгө аясгүй, цэвэр мэрэгжлийн хүмүүсийн саналыг гаргаж ирэх ёстой. Ажлын хэсэгт ахмад хуульч С.Жалан-Аажав, ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, ХЗДС-ийн дэд захирал Н.Лүндэндорж, Их засаг сургуулийн захирал Н.Ням-Осор, тэнхмийн эрхлэгч Я.Долгоржав, Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн захирал Г.Чулуунбаатар, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Д.Чулуунжав, Ерөнхийлөгчийн тамгын газрын референт Д.Ганхуяг, ахлах референт Г.Аюурзана нар орсон. Ирэх оны 2-р сард саналаа боловсруулаад ерөнхийлөгчид танилцуулах ёстой. Энэ бол цаад талын хугацаа” хэмээжээ.

 

 Сонирхуулж дурдахад:

 

1.Улсын их хурал 21 гишүүнтэй Дээд, 33 гишүүний Доод танхимаас бүрднэ.

 

2.УИХ-ын Дээд, Доод танхимын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд, нууц санал хураалтаар сонгоно. УИХ-ын Дээд танхимын гишүүнд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нэр дэвшүүлнэ. Дээд танхимын бүрэн эрхийн хугацаа 5 жил, Доод танхимынх 4 жил байна.

3.Дээд танхимын гишүүнээр 35, Доод танхимын гишүүнээр 27 нас хүрсэн иргэнийг сонгоно. гэсэн хувилбар тэр үед мөн яригдаж байж билээ.

 

Ажлын хэсгийн боловсруулсан хувилбаруудыг яагаад ч юм үргэлжлүүлэн хэлэлцээгүй, эцсийн хувилбарыг гаргаагүй юм. Удаах нэмэлт өөрчлөлтүүдийн талаар ярих илүүц бизээ. Бүгд л маргаан, эсэргүүцэл дагуулж, дордуулсан, доошлуулсан гэх үнэлгээ авцгаасан билээ. Аюултай эрсдэлтэй мэс заслыг зөвхөн, ганцхүү нарийн мэрэгжлийн, дээд зэрэглэлийн, асар их туршлагатай эмч нар л хийдэг дээ. Үндсэн хуульд оруулах нэмэлт ба өөрчлөлтийг мөн л энэчлэн мэдлэг, мэдээлэл, туршлагатай, гүн алсуур сэтгэдэг, тун ч хэрсүү хүмүүс л хийх ёстой юм. Хуулиа өөрөө тогтоодог, өөрийн тогтоосон хуулиудын дагуу улс орныг удирддаг, хууль зөрчсөн хүмүүсийг мөн өөрөө гэсгээн цээрлүүлдэг хааны эрхийг хязгаарлах, энэний тулд төрийн засаглах эрхийг үндсэн гурван хэсэгт хуваан өгч харилцан хяналттайгаар тус тусын эрхээ эдэлдэг, хэн нэг нь эрхээ хэтрүүлэх, зөрчих аваас нөгөө хоёр нь зөвшилцөж тохироод түүнийг огцруулдаг, тараадаг байх тухай онолыг үндэслэгчид (Локк, Монтескье) нэгэн зүйл дээр санаа нийлж байсан нь манайхаар бол “давхар дээлтэй байж болохгүй”, парламент нь засгийн газраа хянаж байхын тулд (сайд нар л авлига авч, хулгай хийдэг учраас) түүнээс бүрэн ангид, тусгаар байх зарчим юм. Энэ зарчим үнэхээр чухал юм байна гэдгийг олон орон, ялангуяа Франц батлаад давхар дээлийг эрс тэс, бүр 100 хувь хорьсон түүхтэй. Генерал Де Голлийн үед байхаа энэнийг үндсэн хуульдаа тусгаж баталжээ. Засгийн газраа, сайдуудаа хатуу хянаж чаддаг, хэвлэл мэдээлэл нь дөрөвдөх засаглалын үүргээ ягштал биелүүлж байдаг улс орны хувьд (том, парламент нь олон зуун гишүүдтэй улс орон) л давхар дээл аюулгүй шахам байдаг. Англид гэхэд л хатан хаан, түүний зөвлөхүүд, дээд танхим (лордууд), авилгад автаагүй шүүхүүд хэдэн сайд нараа анхны зөрчил дээр нь л илчлээд огцруулчихдаг, давхар дээлтэнгүүд нь харъяалагддаг доод танхимаа ч бүхлээр нь огцруулчихдаг улс шүү дээ.

Манайхан “Хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөсөн” үлгэрээр орчихоод байна. Энэ мэтийг мэдсэн ойлгосон, бусдын алдаанаас суралцдаг ухаан соёл баймаар даа! 

Социалист байгуулалтын жилүүдэд (70 орчим жилийн туршид) МАХН өөрийгөө манай эрин үеийн “нэр төр, оюун ухаан, нандин чанар” болсон улстөрийн байгууллага гэж зарлаж, улсын үндсэн хуульд “БНМАУ-ын төр, нийгмийг удирдан чиглүүлэгч хүч бол бүхнийг ялагч марксист-ленинист  онолыг үйл ажиллагаандаа удирдлага болгодог МАХН мөн” хэмээж, тэргүүний, зөв онол, сургаалыг ягштал баримталдаг нам болохоо батлан илэрхийлж, бүр үндсэн хуулийн заалт болгон тунхаглаж байсан нам шүү дээ. Баттай, ноттой, амьдрал ба шинжлэх ухаанаар зөв нь тогтоогдсон онол, сургаалыг биш цаг зуурын ашиг, сонирхолд хөтлөгдөн, олигархиудын гар хөл болон, амжаад авах, завших сонирхолд автагдах аваас Монголын ард түмэн, тэр дундаас хүүхэд, хөгшид, өрх толгойлсон эхчүүд, бусад эмзэг бүлгийн иргэд л хохирно, өлсөнө, эм тариагаар гачигдна, орчны бохирдлоос болж өвчилнө, үхэж үрэгдэнэ шүү дээ. “Жингхэнэ улстөрч хүн бол өндөр ёс суртахуунтай хүн байдаг” гэх нь л гол шалгуур билээ...

Нарийн яривал, хатуу яривал МАН Үндсэн хуулийн зарим заалтыг өнгөрсөн 32 жилийн дотор цөөнгүй удаа зөрчөөд зэмлэлгүй өнгөрсөн юм. Ганцхан жишээ дурдая “Стандартны бус Засгийн газар” байгуулж “сөрөг хүчээ элсүүлээд” томоор хөдөлж том том авилга авсан нь дэндсэн, хэтэрсэн үйлдэл мөн байв.

Ингэж болно гэсэн заалт Үндсэн хуульд байхгүй. Хуулиар хориогүй л бол ард иргэд дуртайгаа хийж болох боловч төрийн албад зөвхөн хуулийн дагуу л ажиллах үүрэгтэй. Энэ бол хууль, бүр үндсэн хууль зөрчсөн үйлдэл байв. Үндсэн хуулийн цэц энэнийг маш сайн ойлгож байсан атлаа чимээгүй л өнгөрөөсөн билээ. Ичмээр түүх шүү!

 

 

Судлаач, профессор Д.Чулуунжав