УБЗАА-наас Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хорооллуудын зэвтэй усны асуудлаар мэдээлэл өгч, уг шугам сүлжээг хүлээн авсан албан тушаалтнуудыг хуулийн байгууллагаар шалгуулах талаар өнөөдөр мэдээллээ.

Энэ талаар Хотын ерөнхий менежер М.Баяраа "Стандартын шаардлага хангаагүй ус дамжуулах хоолой, орон сууцны хорооллын доторх шугам сүлжээ, тоноглолыг солих шаардлагатай байгаа.

Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байгаа 25,000 гаруй хүн амьдардаг Арцат, Ханбогд, Богд Вилла, Хангарьд 1, 2, Хүннү Вилла, Нью Гарден, VIP residence зэрэг 20 орчим хорооллын халуун, хүйтэн ус зэвтэй байна гэсэн 400 гаруй гомдол ирсэн. Хан-Уул дүүргээс сонгогдсон гишүүд, төлөөлөгчдөөр дамжуулан тасралтгүй гомдол ирж байгаа.

Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулж, тодорхой үр дүнд хүрлээ. Ажлын хэсэг зэвтэй ус гарч буй шалтгааныг тодруулах арга хэмжээг авсан. Насос станцаас гарч байгаа цэвэр усны шугамууд, хэрэглэгчийн салаа болон салбар шугамууд, ус хэмжүүрийн зангилаа, айл өрхийн сантехникийн хэрэгслээс УСУГ хими бактериологийн дээжийг авч шинжлүүлсэн. НМХГ-ын, шинжлэх ухааны академи, хими технологийн хүрээлэнгийн лабораторид, УБДС компанийн лабораториудад ус болон ус дамжуулах хоолойн дээжийг шинжлүүлсэн.

Шинжилгээний дүнгээр усан дахь төмрийн агууламж ихэссэн, өнгө өөрчлөлттэй хариу гарсан. Орон сууцны хорооллын ус дамжуулах хоолойд үүссэн зэвээс дээж авч шинжлүүлэхэд Яармагийн ус хангамжийн эх үүсвэрээс хэрэглэгчдэд хүргэх үед манган, төмөр, цайрын агууламж нэмэгдэж ус зэвтэй гарч байгаа нь усыг дамжуулж байгаа шугам хоолойгоос хамааралтай гэсэн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, шугам хоолой нь ундны ус дамжуулах шаардлагыг хангаагүй гэсэн үг.

"Пума констракшн" ХХК, "Пи Ай Эм Эм" ХХК-ийн хөрөнгөөр барьсан 200 мм-ийн голчтой, 2 км шугам, "Шинэ өргөө" хорооллын гаднах 200 мм-ийн голчтой ган шугам болон орон сууцны хорооллын доторх шугам сүлжээ, тоноглолыг стандартад нийцүүлэн солих шаардлага гарч байна. Усны зэвийг арилгахаар шугам хоолойг угаасан боловч түр зуурын шинжтэй арга хэмжээ болсон.

Энэ нь иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг зөрчсөн явдал гэж үзэж байна. Стандартын шаардлага хангаагүй шугам сүлжээний угсралт хийсэн  компаниудыг удаа дараа уулзаж, үүнийг сайжруулах гаргалгааг ярилцъя гэж урьсан боловч ирээгүй.  Ийм учраас дараагийн арга хэмжээг авна гэдгээ илэрхийлж байсан.

Шугам угсралтыг хийлгэхээр захиалсан гурав, ус дамжуулах хоолойг угсарсан хоёр компани, нийслэлээс эдгээр ажлыг хүлээж авсан улсын комиссын эрх бүхий 10 албан тушаалтныг дараагийн шатны байгууллагад шилжүүлнэ. 

Ус дамжуулах шугамыг угсарсан барилгын материал нь чанарын шаардлага хангаагүй тул солиулна" хэмээн ярилаа.

"Улсын комисст хүлээж авсан эрх бүхий 10 албан тушаалтны нэрийг одоогоор зарлах хууль эрхзүйн боломжгүй байна. Эдгээр хүмүүсийн зарим нь уг шугамыг хүлээж авахгүй гэсэн өгсөн байх магадлалтай. Хуулийн байгууллага шалгаж тогтоосны дараа нэрс нь нийтэд нээлттэй болно" хэмээн НЗД-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар тайлбарлалаа.