Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Монгол Улс олимпод цагаан туган дор оролцох эрсдэл үүссэн хэмээн үзэж, асуудлыг шийдэх Ажлын хэсэг байгуулжээ. 

Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахлахаар болсон тухайгаа мэдэгдэв. Өчигдөр үдээс хойш тухайн ажлын хэсэг шуурхай хуралдаан товложээ.

Олон улсын допингийн асуудал эрхэлсэн байгууллага болох "WADA"-гийн зөвлөл энэ сарын 22-нд хуралдах товтой байгаа бөгөөд тус хурлаар Монголын "MONADA" байгууллага шаардлагын хариуг хэрхэн хангасан талаар хэлэлцэхээр болжээ.  Уг асуудлыг хугацаа нэлээд тулсан үед Монголын Засгийн газар анхаарч эхэлж байгаа нь хачирхалтай. 

Мөн Д.Амарбаясгалан даргын өчигдөр өгсөн мэдээллээс харвал,  допингтой холбоотой асуудлууд өмнө  нь Засгийн газрын сонорт хүрээгүй, хаа нэг газар хав дарагдчихаад байжээ гэсэн хардлага төрж байна. Учир нь MONADA-гийн зүгээс допингтой холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын тухай мэдээлэл, шийдэх асуудлуудыг холбогдох байгууллагуудад хүргэж, гүүр болж ажилласан байдаг.  Өөрөөр хэлбэл, олон улсын гэрээ, конвенц, коде-гийн дагуу ажилласан гэдэг.  Тухайн байгууллагын байр суурь, мэдээллүүд цаг тухай бүртээ Засгийн газрын сонорт хүрсэн бол Монгол Улс өнөөдөр "WADA"-гийн хараанд өртөж зөрчилтэй гэх жагсаалтад орохгүй л байсан болов уу. Цаашлаад Монгол Улс олон улсын  өмнө нүүр бардам суух байлаа. MONADA-гийн зүгээс энэ сарын 12-нд  үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдэгдэл гаргасан.  Тус мэдэгдэлд “Токиогийн Олимп болон Бээжингийн өвлийн олимпод оролцсон тамирчдын 2021, 2022 онд хийгдсэн Допингийн хяналтын шинжилгээний төлбөрийг БТСУХ-ноос энэ оны наймдугаар сарын дунд үе хүртэл шилжүүлээгүй явж ирсэн. Бид холбогдох төрийн байгууллагуудад удаа дараа хандаж, төлбөрийг саатуулснаас учирч болох эрсдлийн талаар мэдээлж, шаардаж ирсэн. Харин БТСУХ нь өөрсдийн алдааны “буруутнаар” мөн манай байгууллагыг тодруулж, тамирчдын допингийн шинжилгээний төлбөрийг зориудаар МОНАДА зориудаар төлөхгүй байгаа мэтээр худал ташаа мэдээлэл тарааж, олон нийтийг төөрөгдүүлж ирэв. Спорт олимпизмийн салбар дахь цэвэр шударга өрсөлдөөний төлөөх тэмцлийн хэлбэр болсон Допингийн эсрэг олон улсын конвенц, коде-ийг Монгол Улсын төр, засаг бодлогоор дэмжиж байгаа.

Гэтэл төрийн дунд шатанд  Үндэсний шигшээ багийг хариуцаж ажилладаг, тамирчдаа бэлтгэдэг БТСУХ-ны албан тушаалтнууд нь тамирчдын амжилтыг баталгаажуулдаг допингийн шинжилгээний төлбөрийг шилжүүлэхгүй хоёр жил гаруй саатуулсны улмаас Олон улсын итгэмжлэгдсэн шинжилгээний лабораториос 2021, 2022 оны төлбөрийг дуусгавар болгохоос нааш Монгол Улсаас ДХХ-ийн шинжилгээг хүлээн авахгүй гэж мэдэгдсэн.

 

Ингэснээр ДДЭА-аас өгсөн үүрэг даалгаврын дагуу Улсын шигшээ багийн тамирчдын ДХХ-ийн шинжилгээг /цус, шээсний/ Олон улсын Итгэмжлэгдсэн лабориторид илгээх  боломжгүй болгосон. Улмаар үүний сөрөг үр дагавар нь ДДЭА-ын Нийцлийн хорооноос “Нэн ноцтой зөрчилд” бүртгэх хугацааг тогтоох болсноо мэдэгдэж, тодорхой өгөгдсөн хугацааны дотор өгсөн үүрэг даалгавруудыг хэрэгжүүлэхгүй бол Монгол Улсын тамирчид өөрийн орны тугийн дор жагсаж чадахгүй болохоос гадна Спортын олон улсын арга хэмжээний бүх эрхээ алдах тухай мэдэгдсэн. БТСУХороо нь улсаа ийм байдал руу  түлхэн оруулж, цаашилбал олон улсын байгууллагад худал мэдээлэл өгч байсан зэрэг нь Монгол Улсынхаа  эсрэг, төрийнхөө далбааг мандуулахын төлөө хөлс хүчээ шавхан ажиллаж байгаа тамирчдын эсрэг хийсэн гэмт хэрэг биш гэж үү” гэжээ.

Нөгөө талаар, WADA-гаас өөрийн төлөөллийн байгууллага болох Монголын допингийн эсрэг үндэсний төв МОНАДА-г чангалж хугацаатай үүрэг даалгавар өгсний цаана байгаа гол асуудал нь Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсон допингийн эсрэг конвенцоо мөрдөж хэрэгжүүлэхгүй байна гэдэг асуудал гарч ирж байна. 

Ингэх хоёр том үндэслэл байгаа нь нэгдүгээрт, Биеийн тамир спортын тухай хуулийн 21-ийн 3-4-т Допингийн эсрэг дүрмийг Засгийн газраар батлуулж, төрийн байгууллага хэрэгжүүлэх тухай заалт орсон. Хоёрдугаарт, Засгийн газрыг төлөөлж байгаа БТСУХ-ны явуулж байгаа үйл ажиллагаа нь WADA-д Монгол Улсын НҮБ-ын конвенцыг хэрэгжүүлэн ажиллахгүй байна гэдэг ойлголтыг бий болгосон байна. БТСУХ-ноос улсын шигшээ багийн тамирчдын допингийн шинжилгээний 2021, 2022 оны шинжилгээний зардлыг шилжүүлээгүй. Ингэснээр олон улсын итгэмжлэгдсэн лабораторид он дамнасан өр үүсгэж, улмаар манай шинжилгээг лабороториуд хүлээн авахгүй байдалд хүрсэн. Мөнгө яагаад шилжихгүй байгаа талаар тайлбар мэдээллийг МОНАДА мэдээж WADA руу албан ёсоор өгсөн болов уу. Тэгэхээр монголчуудын тамын тогоо манаачгүй, өөрсдөө өөрсдийгөө татаж унагаад байж байдаг гэдэг онигоо шиг л зүйл болоод байгааг  Ажлын хэсгийнхэн ойлгож, учгийг нь тайлчих байлгүй дээ.

 

 

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин