Олон зууны түүхтэй буриадын уламжлалт ардын урлаг,  үндэсний ёс, зан заншлыг өсвөр үе, залуу хойч үедээ уламжлуулан өвлүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Алтаргана-2014” бага наадмыг Биндэр суманд 2014 оны 06 дугаар сарын 12-13-ны өдрүдэд амжилттай зохион байгууллаа.

   Наадамд Дадал, Биндэр, Батширээт, Бор-Өндөр, Хэрлэн, Цэнхэрмандал сумдын 120 гаруй ардын авьяастнууд 12 төрлөөр оролцож, “Алтаргана-2014” олон улсын их наадамд оролцох эрхийн төлөө өрсөлдсөн юм. Наадмын шүүгчээр НХХ-ийн дарга Ш.Жавхлан, мэргэжилтэн Н.Оюунбат, Ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгын дарга Б.Авирмэд, бүжгийн багш Д.Цогтгэрэл, ССАЖГ-ын мэргэжилтэн В.Тунгалаг, Аймгийн Зураач урчуудын холбооны тэргүүн, Монголын зураач урчуудын хорооны гишүүн Д.Батхуяг нар ажиллав.

"Буриадын нэг өдөр" сэдэвт ардын аман зохиол, язгуур урлаг, хамтлагуудын уралдаанд  Дадал, Биндэр сумдын “Овоо тахих ёс”, “Хүүдэнц тайх” ёсон зэрэг жүжигчилсэн төрлөөр                     эхний байруудыг эзлэв. Дадал сумдын оролцогчид тус сумын иргэн Д.Бадамцэрэнгийн хийсэн буриадын суухан хууруудыг энэ тоглолтондоо ашигласан нь онцлог байв.  

   Үлгэрч, туульч, ерөөлч магтаалчдын уралдаанд Цэнхэрмандал сумын иргэн Г.Одгэрэл, Биндэр сумын Д.Дуламрагчаа нар шалгарлаа. Оролцогч Г.Одгэрэл нь суухан хуур ашиглан үлгэр, ерөөл айлдан өмнөх жилээсээ шинэчилсэн хөтөлбөрөөр оролцлоо.

   “Буриадын орчин үеийн нийтийн дуу”, “Эстрад дуу” зохиогчийн төрөлд олон зохиолчдын уран бүтээлчид оролцсноос Дадал сумын харьяат эдийн засгийн гавьяат ажилтан, доктор, профессор Д.Болдбаатар, Б.Шарав нарын зохиол “Ажа байдал ханагдана”, Батширээт сумын соёлын төвийн захирал Баярхүүгийн “Уяхан сайхан Ширээтэмнэй” дуунууд эхний байрыг эзэллээ.

   “Уламжлалт гар урлалын үзэсгэлэн”-ийн төрөлд Батширээт, Биндэр, Баян-Адарга, Дадал  сумаас оролцогчдын модны үндсээр хийсэн ур, сийлбэр, эсгий урлалын эхийг зурж, /хөрөг/ даалин дээр зүү ороосон, 20 орчим суухан хуур хийсэн бүтээлүүд эхний 4 байрыг эзлэв.

“Дангина гоо бүсгүй” шалгаруулах төрөлд өмнөх жилээсээ харьцангуй сайн бэлтгэж оролцсон бөгөөд Дадал, Биндэр сумын оролцогчид эхний байруудыг эзлэв. Загварын хувцаснуудыг энэ жил харьцангуй сайн бэлтгэжээ.

“Яруу найргийн уралдаан”-д өмнөх жилээсээ олон хүн оролцож, Биндэр, Дадал сумын яруу найрагчид эхний байруудыг эзлэв.

“Буриадын шилмэл загвар”-ын уралдаанд Дадал сумаас оролцогч Ц.Янжмаа 10 гаруй дээл урлан уламжлалт загвараар тэргүүн байр, Батширээт сумын Н.Энхболор авангарьд төрлөөр 2-р байр, Биндэр сумаас Дангина төрөлд оролцсон Р.Нандин-Эрдэнэ орчин үеийн төрлийн буриад хувцсаар 3-р байрыг тус тус эзэллээ.

“Буриадын ардын дуу”-ны төрөлд 4 насны ангиллаар 44 оролцогч өрсөлдсөнөөс ангилал тус бүрт 1, 2, 3, тусгай байрт шалгаран 20 хүн их наадамд оролцох эрхийн бичгээр шагнууллаа. Үүнд 10 хүртэлх насанд Биндэр сумын харьяат А.Аанай, 11-18 насанд Дадал сумын харьяат Г.Барсболд, 19-40 насанд Цэнхэрмандал сумын харьяат Ж.Баярмай, 40-өөс дээш насанд Батширээт сумын харьяат Д.Баяраа нар тус тус шалгарсан юм.

Уралдааны нэгдсэн дүнгээр нийт 35 оноогоор Дадал сум тэргүүн байр, Өргөмжлөл, 500 мянга, 28 оноогоор Биндэр сум 2-р байр, Өргөмжлөл, 300 мянган, 24 оноогоор Батширээт сум 3-р байр эзэлж Өргөмжлөл, 200 мянган төгрөгөөр тус тус шагнууллаа.

Энэ жилийн “Алтаргана-2014” бага наадамд хүүхдүүдийн дуулах ур чадвар сайжирсан байгааг шүүгч нар дуу нэгтэй ярьж байлаа. Учир нь Биндэр суманд Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Ичинхорлоо хоёр сар гаруй ажиллаж, буриад дууг хүүхэд багачуудад зааж сургаж, өвлүүлж, тэдний ур чадварыг дээшлүүлсэн сайхан ажлыг хийсэн нь бахдалтай байв.

Загвар зохион бүтээгчдийн хувцасны чанар сайжирсан, дуу зохиогчдын тоо нэмэгдэж, чанар сайжирсан, ихэвчлэн мэргэжлийн дуу бичлэгийн студидэд бичүүлсэн бичлэгтэй, хүнд сонсголонтой бүтээлүүд байлаа.

Мөн Дадал сумын оролцогч 75 настай Д.Бадамцэрэн Хэнтий нутагт бараг үзэгдээгүй, ер нь мартагдсан гэж хэлж болохоор 20 гаруй “Суухан хуур”-ыг “Алтаргана наадам”-даа урлан бүтээж, буриад зон олондоо түгээн дэлгэрүүлж, нэг утастай хуур ямар хэмжээнд дуугарч, түүгээр хөгжимдөж, дуулж болдог гэдгийг зон олондоо харууллаа. Тэрээр суухан хуур урлаад зогсохгүй “Алтаргана” нэртэй нэгэн сайхан өвөрмөц шийдэлтэй дууг зохион студид бичлэг хийлгэн үзэгч түмэндээ толилуулж, буриад зон тэр дор нь амандаа аялан сурснаар наадмаа өндөрлөлөө.

Энэхүү бага наадмыг зохион байгуулахад аймгийн Засаг даргын захирамжаар 3,0 сая төгрөгийн хөрөнгийг зарцуулжээ.

Бүх буриад зоны “Алтаргана-2014” их наадмыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор долоодугаар сарын 18-19-нд Дадал суманд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.