Эрх баригчид ард түмнийг бүсээ чангал хэмээдэг. Гэсэн хэдий ч тэд өөрсдөө хэмнэлт хийж зардлаа танадаггүй. Бодит амьдрал дээр иргэдийн нуруун дээр л ачаа болж ирж байгааг хэн хүнгүй мэдэх билээ. Тиймээс төсвийн мөнгөнд иргэд хяналт тавих шаадлагатайг сануулж "Төсвийг мөшгөе" булангаараа онцлон хүргэсээр буй.  Энэ удаад Ч.Хүрэлбаатарын удирддаг "Эдийн засгийн, хөгжлийн яам"-ны шилэн дансны тайландаа 371 сая төгрөгийг юунд зарцуулсан нь тодорхойгүй зарлагдсанаа тусгасныг онцлон хүргэе. 

 

Шилэн дансны хуулийн зорилт нь 1.1.Энэ хуулийн зорилт нь улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоо /цаашид "шилэн данс" гэх/-г бүрдүүлэхэд оршино хэмээсэн.

Мөн уг хуулинд зааснаар "Таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаяг" бичигдсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, иргэд төлсөн татвараа хянах боломжтой байхаар хуульчилсан гэсэн үг юм.

Гэтэл  Ч.Хүрэлбаатар сайдын яам Шилэн дансны хуулийг зөрчиж, тодорхойгүй гүйлгээ хийсэн нь энэхүү 371 сая төгрөгийн шилжүүлэг батлан харуулав. Тайландаа санхүүжилт 371 сая төгрөг гэснээс өөр мэдээлэл алга. Уг гүйлгээг 2023 оны аравдугаар сарын 05-ны өдөр хийжээ. Аравдугаар сарын 9-ны өдөр тайландаа тусгасан байгаа юм. 

Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээний тайландаа томилолтод 89 сая 816 мянган төгрөгийг зарцуулжээ. Мөн "Алтанбулаг" чөлөөт бүсийн цахилгаан хангамжийн өргөтгөл утгатайгаар Улаанбаатар электро монтаж компани руу 2.2 тэрбум төгрөг, Тосонцэнгэл 4 замын уулзвар-Нөмрөг-Сонгино чиглэл 167 км зам утгатайгаар Монгол ЛЗ зам гүүр компани руу 24 тэрбум төгрөг, Хэнтий аймгийн Дадал сум  "Балж голд төмөр бетон гүүр шинээр барих зураг төсөл боловсруулах" зөвлөх үйлчилгээг ЭМ АЙ ЭЛ компаниас авахаар 136 сая төгрөг, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар 11-р байрны дотор засвар зориулан 12 сая 500 мянган төгрөг болон автомашин түрээс 6 сая төгрөг, Буцалтгүй тусламж үзүүлэх тухай 5 сая 922 мянган төгрөг. Хэвлэмэл ном 15 сая төгрөг зэрэг нийтдээ 18 төрлийн гүйлгээг хийжээ.

Эдгээр гүйлгээг хийхдээ шилэн дансны хуулийн дагуу дансны дугаараас эхлээд гэрээний тоот бүртгэл бүгд бүрэн гүйцэд бичигджээ. Хамгийн анхаарал татсан 371 сая төгрөгийн гүйлгээний дансны дугаар ч бүрхэг "санхүүжилт" гэхээс өөрөөр мэдээлэл алга. Юунд хэрхэн санхүүжилт олгов?

 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл: 

Төсвийг мөшгөе: Хүүхэд хамгааллын 8 тэрбумын алга болсон 50 хувь юунд зарцуулагдсан бэ?

Харьцуулалт: Сайд нарын төсөв өмнөх оныхоос өсжээ

Ерөнхий сайд өссөн нутагтаа "данхайсан төсөв" тусгажээ

Төсөв мөшгөе: Ерөнхий сайдын ажлын алба 5 тэрбумыг юунд зарцуулав