Сүүлийн өдрүүдэд 1072 хувьцааны ноогдол ашгийг иргэдэд олгох талаарх халуухан яриа төрийн ордонд үргэлжилж байна. 

Тэгвэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр үдээс хойш “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төсөлд 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн хүүхдүүдэд "Эрдэнэс Тавантолгой" компанийн 1072 хувьцаа олгохоор тусгажээ. Мөн өмнө олгосон 1072 хувьцааг сургалтын төлбөрт зарцуулсан иргэд буцаагаад хувьцаагаа худалдан авах эрхийг нээх юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн 1072 хувьцааг энгийн хувьцаа руу шилжүүлэх юм. Ингэснээр иргэд 1072 хувьцаагаа өмчлөх, өвлөх, худалдан борлуулах эрхтэй болно гэсэн үг юм. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: УИХ-ын гишүүний хууль санаачлах бүрэн эрхийн хүрээнд иргэдээс худалдаж авсан 1072 хувьцааг буцаан олгуулах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн  бариад нэг жил гаруйн хугацаа өнгөрч байна. Үүнийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцээд 54 хонолоо.  Гэтэл яагаад УИХ-аар хэлэлцүүлж болохгүй байгаа юм бэ. Хэдхэн хоногийн өмнө өргөн барьсан зарим хууль тогтоомж, цахилгаан шатаар явж байна. Харин цөөнхийн бүлэг, түүнтэй ижил үзэл баримтлалтай хууль  тогтоолын төсөл өргөн барихаар УИХ-д гацаад байна. Тиймээс  сая гаруй иргэний 1072  хувьцааг буцаан олгох тухай асуудлыг хэлэлцэх хэрэгтэй. Юу нь болохгүй байгаа юм. Сөрөг хүчний гишүүн өргөн барихаар хэлэлцдэггүй, эрх  баригчдын засгийн газар өргөн барихаар нэн даруй  хэлэлцдэг байж болохгүй.  Хамтын шийдвэр гаргадаг, олонхынхоо гаргасан саналыг хэлэлцэж шийддэг парламентын засаглалын хэлбэрээр бид 30 гаруй жил явсан. Гэтэл юунаас айгаад байгаа юм. Иргэдийнхээ мэдээлэлгүй, хөрөнгө мөнгөний дутагдалтай байдлыг ашиглаж 2012, 2016 оны сонгуулийн өмнө  эрх барьж  байсан  улс төрийн хүчин  иргэдийнхээ хувьцааг сонгуульд өгөх зорилгоор хулгайлж авсан.  Энэ байдлаа засах хэрэгтэй. Ногдол ашгаа суутгаад бүх иргэнээ  өмч хөрөнгөтэй болгохыг хүсэж байна.

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Ногдол ашиг тараах нь зөв. Гэхдээ одоо хуримтлагдсан ашгаа ингээд нэг удаа 100 хувь тараачих нь зөв юм уу гэдэг дээр бодох ёстой. Хувьцааны төрлийг өөрчилж, байнгын ногдол ашиг, өгөөж өгдөг хэлбэрт шилжих ёстой юм. Ялангуяа миний яриад байгаа “Алтан хувьцаа” буюу давуу эрхийн хувьцаа руу шилжүүлвэл татварын дараах цэвэр ашгаас 20-30 хувийг байнгын ногдол ашиг өгдөг болно. Ийм зохицуулалт руу орж байж бид өгөөжийг нь хүртэнэ. Байгалийн баялгийг хэн нэгэн бүтээгээгүй, монголчууд өгөөжийг нь тэгш хүртэх хэрэгтэй. Мөн уурхайн нөөц дуусвал дараа нь яах вэ. Баялгийн сангаараа дамжуулаад зөв менежментээр орлогоо үржүүлж өгөөжийг нь ирээдүй хойч үедээ үлдээдэг механизм руу орох хэрэгтэй байна. Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой, Асгат гээд томоохон ордуудаа бид өнөөдөр идээд дуусгаж болохгүй шүү дээ. Тиймээс Эрдэнэс Тавантолгойн өгөөжийг байнгын болгохын тулд олон улсад IPO гаргаж, ямар хөрөнгөтэй байгаагаа зөв үнэлүүлэх хэрэгтэй байна. Зөвхөн 1072 гэсэн тоо ярих биш нэгж хувьцааны үнэлгээг яаж өсгөх вэ? гэсэн менежмент хэрэгтэй байна.

Харин иргэдийн дунд хүлээлт үүсгээд буй нэг асуудал нь ноогдол ашгаас иргэдэд хэдэн төгрөг олгох вэ? гэдэгт хариулт хүлээж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа иргэнд 580 мянган төгрөгийн ногдол ашиг олгох боломжтой” гэдэг тооцооллыг хэвлэлд өгсөн яриагаараа хэлсэн. Харин “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “200 орчим мянган төгрөгийн ногдол ашиг олгох боломжтой” гэж мэдэгдээд байгаа билээ.

200 орчим мянган төгрөг олгохын учир нь одоо “Эрдэнэс Тавантолгой” ХК 2 их наяд гаруй төгрөгийн өртэй аж. Нэн яаралтай өрийг бууруулах шаардлага байгаа гэв. Нөгөөтэйгззр, баяжуулах үйлдвэрийг ирэх тавдугаар сард багтаан ашиглалтад  оруулахаар шахаад ажиллаж байна. Баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулбал одоогийн зарж байгаа үнэ дээр нэмээд 50-60 ам.доллар хамгийн багадаа олох боломжтой. Баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор нүүрсээ угаагаад гаргана хэмээн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албаны хүн онцлон ярилаа.

Тэгвэл МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, "1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа нэг иргэнд дунджаар 450,000-500,000 орчим төгрөгийг олгоё гэдэг ерөнхий чиглэл явж байгаа юм билээ.

Энэ талаар Засгийн газар дээр яригдсан. УИХ-аар хэлэлцэж байгаа тогтоол батлагдчихвал Засгийн газар дахин авч үзээд “Эрдэнэс Тавантолгой” ХК Төлөөлөн удирдах зөвлөлөө хуралдуулаад энэ асуудлыг шийдэх байх.

Одоогоор бол “Эрдэнэс Тавантолгой” ХК нодол ашгийн талаар зарлаагүй байна. Тус компанийн орлого 2023 онд нэлээн өссөн гэж сонссон. Өнгөрсөн онд улсын төсвийн орлого 3,5 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Тийм учраас 2023 оны төсөвт тодотгол хийгээд 1,9 их наяд төгрөгийг цалин, тэтгэврийг нэмэхэд зарцуулсан. Үлдэж байгаа 1,6 их наяд төгрөгөөр төсвийн алдагдлаа нөхсөн.  Олсон орлогоороо төсвийн алдагдлаа нөхсөн учраас оны төгсгөлд гаднаас зээл аваагүй" гэлээ.

Ийнхүү одоогоор иргэдэд ноогдол ашигт хэдийг олгох нь тодорхойгүй байна. Ямартай ч УИХ-аар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг иргэдэд олгох төслийг дэмжлээ.