Өчүүхэн мунхаг нийтлэлч, найруулагч Д.Төрмөнх би бээр танай яамнаас хийх гэж буй кинондоо дэмжлэг хүсч жилийн өмнөөс хандаад Соёл урлагыг дэмжих сангийн дарга н Батмөнх эрхэмтэй хэд хоногын өмнө уулзаж бас дахин хүсэлт тавьсаны хариуд киноны чинь төсвийн тавны нэгийг өгөх талаар судлаж үзэе гэсэн бүрхэгч гэсэн албан ёсны хариу авлаа.

Уг нь миний киноны төсөв маш өчүүхэн билээ. Миний хийхээр улайраад байгаа “Кондуктор” хэмээх кино бол угтаа ерөнхийлөгчийн цаазын ялгүй Монгол бодлогыг дэмжихийн дээр Үйлийн үрийн тухай өгүүлж ард олонд ойлгуулахад төрийн зүгээс өчүүхэн төдий нэмэр болох гэж байгааг талархан хүлээж авч байгаа ч жил тойрон хөөцөлдөөд эцэстээ 6.2 тэрбумын төсөв бүхий Соёл урлагыг дэмжих сангаас киноныхоо төсөвийн тавны нэг орчимыг бас ч гэж өгч магадгүй гэсэн бүрхэг хариу авсандаа сэтгэл тийм ч дүүрэн биш байгаач та бүхэнд баяраллаа.

Эхний жоохон ч гэсэн хэсэг олдох найдлага байгаад талархалгүй яахав. Гадны улс оронд хандахад ч нүүр тахлах төрийн дэмжлэг. Бусад хэсгийг олохын тулд ирэх 7 хоногоос өөрийн мөнгөө гаргаж бүтээсэн “Цонхон дээр суусан ялаа” си дигээ бариад ерөнхийлөгч дээр цөхрөхгүй орж гуйхын дээр Их хурлын даргад АНын нөхдөд дэмжихыг уриалаач гээд орхисон 25 хавтасныхаа хойноос бас л нэхэл хатуутай орох бодолтой сууж байна.

Ядуу сэтгүүлч найруулагч надад үүнээс илүү сэтгэлийн хийгээд эд мөнгөний хүч байхгүй бөлгөө. Өчүүхэн мунхаг би бээр энэ улсад энэ орны залуустаа зөв амьдрах ёс, үйлийн үр, бурханы сургаалийг хүргэх зорилгоос өөр ямар ч туйлын зорилгогүй болохоор хэзээ мөнгө санхүү бүрэлдэж бүтэн кино болох хүртэл ил цагаан зарлаад эцэсийг нь хүртэл яс горьдож явсаар байх болно. Нааш харсан хүн бүрт хандсаар байх болно. Энэ цаг дор найруулагч Л.Эрдэнэбулган “Үхэж үл болно Чингис хаан” киноны мөнгө босгох гэж яаж тарчилсаныг маш сайн ойлгож байна. Би болон манай уран бүтээлчид хуучин МАХНы үед ийм л зурагтай байсан одоо АН ы үед ч ийм л байсаар ч байх зурагтай ажээ.

Танай яамнаас санаачлан гаргах гэж их хугацаа зарцуулж байгаа Монгол контентыг дэмжих хөтөлбөр гэгчид бас ч гэж өөрийн мэдлэг чадлаа дайчлан оролцож олон удаа саналаа хэлж, нийтлэл хүртэл бичиж дэмжсэнийг та өөрөө мэдэх билээ. Дөрвөн хуудас хөтөлбөр хоёр сар гаруй хугацаа өнгөрсөн ч гараагүй байгааг гайхаад баршгүй ч ер нь төрийн алба гэгч хэзээд ийм л хүнд сурталтай байдгыг нүдээрээ харж ,биеэрээ мэдэрч сууна. Харин ч танай яамны харъяа Соёл урлагыг дэмжих сан маш хурдан хариу өгсөнд талархаад баршгүй.

Хэзээ нэгэн сайн цагт сайн цаг ирж “Үндэсний кино урлагыг дэмжих санг″ энэ төр байгуулж магад хийгээд өчүүхэн намайг бас тоож оролцуулах аваас энэ мэт байдлыг өөрчлөх юм шүү хэмээн өөртэйгээ ярьж сууна даа. Дашрамд дурдахад Ардчилсан хувьсгал эхэлсэн цагаас 24 жил Ардчилалыг дэмжиж тэр дундаа эмэгтэй гишүүдийг өнгөрсөн сонгуулиар онцлон дэмжиж нийтлэл, нэвтрүүлэг хийсээр ирсэний дотор өөрийн чинь сурталчилгаанд ч оролцож явсанаа сануулах нь илүүц бизээ

Таныг гүнээ хүндэлсэн

Нийтлэлч , найруулагч Д.Төрмөнх