Улаанбаатар хотод түгжрэлийг бууруулах зорилгоор дахин 3,000 ширхэг шинэ "Jet" скүүтер оруулж ирснийг Сүхбаатарын талбайд өнөөдөр танилцууллаа. 

Ингэснээр Улаанбаатар хотын хэмжээнд нийт 6,000 ширхэг "Jet" скүүтер энэ зун хэрэглэгчдэд үйлчилнэ. Шинээр нэвтрүүлж буй 3,000 скүүтер нь дараах онцлогтой аж. Тодруулбал

  • Амортизатортай тул илүү зөөлөн явдалтай.
  • GPS буюу байршил тогтоох систем илүү сайжирсан.
  • 100 килограмм ба түүнээс дээш жинтэй хүн унаж болно. Энэ тохиолдолд скүүтерийн батарей илүү хурдан дуусахыг сануулъя.
  • Батарейгаар ажилладаг тул заавал зөөж цэнэглэх шаардлагагүй. 

"Jet" скүүтерийг үүсэн байгуулагч Г.Дашням хэлэхдээ "Цахилгаан скүүтер дэлхийн олон хотын хэрэглээ болсон. 

Иргэдийн цаг завыг хэмнэхээс гадна агаарын бохирдол, замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад эерэг нөлөө үзүүлж буй нь судалгаагаар тогтоогдсон. 

"Jet" скүүтер Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулаад бараг нэг жил болж байна. Өнгөрсөн онд 1.3 сая богино зайн аялал хийсэн бөгөөд 75,000 литр шатахуун хэмнэсэн гэж үзэж байгаа.

Улаанбаатар хотод скүүтер нэвтэрснээр түгжрэлийг бүрэн шийдэгдэхгүй. Гэхдээ түгжрэлийг бууруулахад бага ч болтугай хувь нэмэр оруулмаар байна" гэлээ. 

"3,000 шинэ скүүтер амортизатортой учраас илүү зөөлөн явдалтай, тав тухтай болсон"

Мөн тэрбээр "Скүүтер унаад явахад Улаанбаатарын зам бэлэн биш байна. Улмаар хэрэглэгчдийн зүгээс хэт хатуу явдалтай тул бөөр доргиж байна гэх шүүмжлэл ирсэн. 

Энэ удаад шинээр нэвтрүүлж буй 3,000 скүүтер урд талдаа амортизатортой учраас илүү тав тухтай болсон. Мөн урд, ардаа хоёр тормозтой, хамаагүй бат бөх. Энэ загварын скүүтер нийслэлийн замд илүү тохиромжтойг бодож нэвтрүүллээ. 

Хэрэглэгчдэд хэлэх хэдэн зөвлөгөө байна. Тухайлбал

  • Нэг скүүтер дээр давхралдаж битгий яваарай. Зарим тохиолдолд хос эсвэл найзтайгаа хамт суух, зардал хэмнэх зорилгоор ингэж явахыг ойлгож байгаа. Гэхдээ аюултай. 
  • Хэрэглэгч нар унаж явсан скүүтерээ хүссэн газраа тавьдаг. Үүнд явган хүмүүс болон машины жолооч нар шүүмжлэлтэй хандаж байна. Тиймээс скүүтерийг явган болон машин зам дагуу тавихгүй байх нь зүйтэй.
  • Алхаж байгаа хүмүүст саад болохгүй байх нь чухал. Бид хэрэглэгч нарын замбараагүй тавьсан скүүтерийг эвтэйхэн газар байрлуулж тавихыг хичээж байгаа. Та ч бас хичээгээрэй.

Нэг үеийг бодоход скүүтер эвдэж сүйтгэх тохиолдол хамаагүй буурч, бараг байхгүй болсон. Харин одоо хулгайлахаас илүү эвдрэл их гарч байна.

Зам стандарт бус, хүмүүс ч буруу хэрэглэх тохиолдлууд гарч байгаа. Тиймээс зөв зохистой хэрэглэхийг уриалъя" гэлээ.