"Содон стандарт" цогцолбор хорооллын 2,845 айлын оршин суугчдын төлөөлөл өнөөдөр "Монгол ньюс" мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус хорооллын хэсэг газрыг улс хурааж авч, замын өргөтгөл ажил хийгдэхээр болсныг иргэд эсэргүүцэж буй юм. 

Энэ талаар хохирсон иргэдийн төлөөлөл "Манай хороололд амьдарч буй иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна. Тодруулбал манай "Содон" хороолол буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баруунаас зүүн тийш тэнхлэг дагуу авто замын өргөтгөлийн ажлаас шалтгаалан асуудал гарч байна.

Гэхдээ оршин суугчид замын өргөтгөлийн ажлыг эсэргүүцээгүй. Харин өргөтгөлийн ажил хийхдээ байрны ойр орчныг эвдэж, сүйтгэх гэж байгааг эсэргүүцэж буй юм.

Манай хороололд ойролцоогоор 2,845 айл өрх байдаг. Бүртгэлтэй байрны зогсоолууд дээр 600, гадаа нь 1,000 машины зогсоолтой. Гэвч бүртгэлгүй тооцооллоор бараг 2,000 гаруй машин бий. Манай хороолол орж, гарах гурван гарцтай. Гэтэл авто замын өргөтгөлөөс болоод гурван гарцын хоёр нь хаагдах эрсдэлтэй байна.

Ингэхээр оршин суугчдын 3,000 гаруй автомашин зөвхөн төв зам руугаа нийлдэг жижиг гарцаар л орж гарах болно. 

Манай хорооллын 115, 116 дугаар байр хойгуур авто замын өргөтгөлийн ажил хийхээр төлөвлөсөн. Хэрвээ энэ ажил хийвэл гал унтраах автомашин болон түргэний тэрэг орж гарахад хүндрэл үүснэ. Мөн сургуулийн урд замыг хааснаар хүүхдүүд сургуульдаа ирж, очиход хүндрэл гарна.

Түрүүн дурдсан авто замын өргөтгөлийн ажлыг эсэргүүцээгүй. Харин замаа барихдаа стандартаа барьж ажиллаач ээ гэдэг шаардлага тавьж байна. Барилгын улаан шугамаас 50 метр, хүн амын суурьшил ихтэй бүсэд бол 20 метр авто зам барих ёстой. Одоогийн байдлаар 115 дугаар байр нь 20 метр, 116 дугаар байр нь 23 метрийн зайтай байдаг. Гэтэл замаа өргөтгөл хийвэл 116 дугаар байр нь ердөө гурван метр, 115 нь замтай шууд хил залгаа болохоор байна.

Ингэхээр газар хөдлөлтөд тэсвэргүй болох эрсдэлтэй. 

Бид хэвлэлийн бага хурлаа зарлахдаа "Тесо корпорац"-д гомдолтой байгаагаа мэдэгдсэн. Яагаад гэвэл тус компани бидэнд байраа зарахдаа гадаа байгууламж, зам талбайн үнийг шингээж зарсан байгаа. 

Замаа өргөтгөнө гэж 2011-2012 онд зураг төсөл нь батлагдчихсан байхад стандартаа мөрдөлгүй 2019 онд дээрх 115, 116 дугаар байрыг барьж дуусгаад, ард нь 100 гаруй автомашины зогсоол барьсан. Гэтэл улсын комисс зам барих гэж байгааг нь мэдсээр байж яагаад хүлээж авсан юм бэ. Энэ бол авлигажсан системийн нэг хэсэг гэж харж байна.

Улсын комисс хүлээж авна гэдэг нь тухайн орон сууцны газрын зураг, кадастрын зураг, байрны гэрчилгээг нь үндэслэдэг. Нийслэлийн Засаг дарга өөрөө барьж болно гэдэг гарын үсэг зурдаг. Барьсан хойно нь ашиглалтад хүлээж авлаа гэж бас зурдаг. 

Ингэхлээр улс болон "Тесо корпорац" хамтраад иргэдийг зальдаж байна гэж үзэхээс өөр аргагүй. Одоо зам барина гэж буй компани нь 2012 онд замын өргөтгөл хийхээр зураг төсөл нь батлагдсан гэж тайлбарлаж буй. Үүнийг мэдсээр байж хувийн компани нь барилгаа бариад, улсын комисс нь хүлээж авсан нь авлигын хэрэг гэж харж байна.

Бидний ойлгосноор 2020 онд газрын албанаас зам барина, газраа чөлөөл гэдэг албан шаардлагыг "Тесо"-д өгсөн. Гэтэл энэ компани хувийн хөрөнгөөрөө газраа чөлөөлнө гэдэг хариуг тухайн үед өгчээ. Ийм асуудал байсныг мэдсээр байж улсын комисс нь хүлээж авсныг гайхаж байна.

Энэ ажлыг нь эсэргүүцээд жагсахаар цагдаа нар нь ирээд улсын ажил явагдаж байна, та нарт ямар хамаатай юм, зайлцгаа гэх мэтээр үг хэлээр доромжлоод хөөдөг. 

Уг нь бид энэ нийслэл хотын иргэд. Гэтэл бидний эрх ашгийг бодолцохуй байгаад нь гомдолтой байна. Уг нь замын өргөтгөлийн ажлыг арай өөрөөр гүйцэтгэх боломж байсаар байтал ийм шийдлийг олж харахгүй байгаад бухимдаж байна.

Манай дүүргээс гарсан улс төрчид, албан тушаалтнууд нөхцөл байдлыг газар дээр нь үзээсэй, бидний эрхийг яаж зөрчиж байгааг хараасай гэж хүсэж байна" гэлээ.