УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн гишүүд чуулганы танхимын үүдэнд мэдээлэл хийлээ.

Тус бүлгийн гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанаас өчигдөр нэг хоногийн завсарлага авсан ч өнөөдөр хуралдаанд оролцоогүй. Завсарлага авсан шалтгааны тухайд нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэх, Ерөнхий сайдыг нэр бүхий гишүүнээс уучлал гуйхыг шаардсан зэрэгтэй холбоотой юм.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Өнөөдөр УИХ-ын дарга ард түмний амьдрал сайнгүй, шийдэх асуудал их байгаа тухай хэлсэн. Үүнтэй санал нэг байна.

Нэр бүхий гишүүд Ерөнхий сайдаас иргэдийн амьдрал сайнгүй байгаа талаар асуухад түүнд нь эгдүүцэж тодорхой хариулт өгсөн. Энэ хариултдаа уучлал гуйх ёстой гэдэг зарчмыг АН-ын бүлэг гаргасан. Үүнийг УИХ-ын дарга мушгин гуйвуулж, хоёр хувь хүний асуудал мэтээр тайлбарлаж байна.

Ер нь уучлал гуйна гэдэг аймшигтай зүйл биш юм. Парламентын гишүүн ёс суртахуунтай байх ёстой. Тиймээс уучлал гуйдаг жишиг тогтоох нь өөрөө баатарлаг зүйл юм. 

 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нэр бүхий гишүүн рүү нь халдаж байхад парламентын дарга үүнийг “Хувь хүний асуудал” гэж тайлбарлаж байгаад харамсаж байна.

АН-ын дарга ажлаас ухарч, хурал хаяж байгаа асуудал биш. Харин парламентат ёсны дархлаа, үүний суурь зарчмыг хамгаалахаар завсарлага авсан юм.

АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан: Өчигдөр АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдсан. Хурлаас өчигдөр, өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй байх шийдвэрийг олонхын саналаар гаргасан. Энэ бол УИХ-ын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх, парламентын засаглалыг хамгаалах зорилготой юм. Өнгөрөгч Баасан гарагт Ерөнхий сайдын мэдээллийн цаг дээр Засгийн газрын тэргүүний хэлсэн үг парламентыг басамжилж, үл хүндэтгэсэн, засаглалын хямрал руу хөтлөх үр дагавартай. Тиймээс Ерөнхий сайд уучлал гуйх ёстой. Бид энэ байр сууриндаа хэвээр байгаа.