Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө
13 цагийн өмнө
Говийн бүс рүү гадаргын ус татах Хэрлэн-Тооно, Орхон-Онги төсөл Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төсөлд багтсан. Тэгвэл Орхон-Онги төслийн дэд төсөл болох Онги Цагаанбургастайн усан цогцолборын нээлт өчигдөр Төрийн ордонд боллоо. Төслийн талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалантай ярилцлаа.
-Говийн усны төсөл хөдөлж эхэллээ. Олон жил яригдсан говийг усжуулах ажлыг Засгийн газрын мега төсөл болгоход говийн бүсээс сонгогдсон гишүүдийн хөөцөлдөлгөө ч их байлаа шүү?
-Монголын үе үеийн Засгийн газар, үе үеийн УИХ-ын гишүүд, монголчуудын сүүлийн гучин жилд хүсч хүлээж, мөрөөдөж байсан усны мега төсөл л дөө. Шийдлээ олохгүй өнөөг хүрсэн, хэзээ ч Засгийн газрын тэргүүлэх чиглэл болж байгаагүй Хэрлэн-Тооно, Орхон-Онги төслийг говийн гишүүд бид энэ парламентын үед анхааралд оруулж, Засгийн газрын онцгой төсөл болгож чадлаа. Одоо төсөл маань эхэлж байна. Хангайн бүс, говийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн Засаг дарга нар сая (өчигдөр) усны төслөө хамтран явуулна гэсэн санамж бичиг байгууллаа.
Говийн бүс рүү гадаргын ус чиглүүлэхийн тулд зүүн талаараа Хэрлэн-Тооно, баруун талаараа Орхон-Онги төсөл хэрэгжинэ.
Энэ бол Засгийн газрын 14 мега төслийн хамгийн эко, ногоон төсөл. Гэтэл өнгөрсөн 30 жилийн хугацаанд хүмүүсийн мэдлэг сулаас болж энэ төсөл хэрэгжиж чадаагүй өдий хүрсэн. “Хэрлэн голоо хэрчүүлэхгүй” гээд л иргэд их эсэргүүцдэг байлаа шүү дээ. Урсаж байгаа усыг шууд дундуур нь цавчаад голдрилыг нь өөрчлөх асуудал огт биш. Манай улсад голын усыг амжилттай татаж байсан туршлага бий. Жишээлбэл, Орхон түшээ мөрнөөс Эрдэнэт рүү ус татсан. Эрдэнэт тэр усыг авч хэрэглэснийхээ төлөөсөнд Булган аймагт жил бүр 30 тэрбум төгрөг төлдөг. Тэгвэл Хэрлэн-Тооно, Орхон-Онги төсөл маань цогцоороо хэрэгжих юм бол Хэнтий, Өвөрхангай аймаг маш их мөнгө олох боломжтой.
-Онги-Цагаанбургастайн усан цогцолборыг байгуулахад хэчнээн төгрөгийн санхүүжилт шаардлагатай вэ. Төслийн хүрээнд ямар, ямар бүтээн байгуулалт өрнөх бол?
-Нийтдээ 309 тэрбум төгрөг буюу 88 сая ам.долларын өртөгтэй төсөл юм. Онги бол говийн бүс рүү минь эргэж урсдаг ганц гол. Ингэж урсахдаа Дундговь, Өмнөговь аймгийн нутгаар дажмин урсдаг. Гэхдээ говийн бүсэд урсах урсгал нь тасарчихдаг. Зөвхөн бороотой жил л Онги гол говьд ирдэг. “Онги ирлээ” гээд л манай говийнхон баяр хөөр болдог юм. Тиймээс Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт Цагаанбургастай гэж тохой бий. Тэнд нь Онгийн усыг боож усан цогцолбор байгуулах юм. Боомт нь 26 метрийн өндөртэй, найман метрийн өргөнтэй байна. Хиймэл нуур үүсгэж байна гэсэн үг. Тэндээсээ Онги гол урсгалаараа урсана. Голын дагуу газар доогуур хоолой татна. Хоолой Дундговь аймгийн Онгийн хийдэд ирнэ. Тэнд нь бас усан цогцолбор хийгээд дахиад 80 гаруй км турбагаар татаад Улаан нуурыг сэргээх юм. Үүнийг ч бас манайд хийж байсан туршлага байгаа. Жишээлбэл, Говь-Алтай аймгийн Гэгээн нуурт том усан цогцолбор үүсгээд доогуур нь хоолой татаж Говь-Алтай аймгийн Алтай сумыг усаар хангасан.
Онги-Цагаанбургастайн дэд төслийн хувьд 2.5-3 жилийн хугацаанд хэрэгжинэ. Усан цогцолбор нь энэ хугацаанд усаараа дүүрнэ гэж тооцоолж байгаа. Ингэж Улааннуурыг сэргээснээр Өвөрхангай аймгийн төсөвт жил бүр 4.5 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. Эндээс аймаг нь Уянга сумандаа мөнгө хуваарилна. Тэгэхээр Уянга сум болоод Өвөрхангай аймагт ашигтай төсөл л дөө. Энэ төслийн хүрээнд хэрэгжих бас нэг том бүтээн байгуулалт нь усан цахилгаан станц юм. Хоёр сая КВт цахилгаан үйлдвэрлэж, гурван сумын нутгийг эрчим хүчээр хангана. Нөгөө талдаа ус ирснээр Онги голоос Улаан нуур хүртэл оршин суугаа 29 мянган хүн, 230 гаруй мянган мал усаар тэжээгдэнэ гэсэн үг. Хүнсний ногоо тариалж, мод ургуулах боломжтой.
-Нутгийн ард иргэд хэрхэн дэмжиж байна. Манайхан чинь стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдийг хэрэгжүүлэх гэхээр гол ус ширгээлээ гээд л эсэргүүцээд босоод ирдэг зовлонтой шүү дээ?
-Энэ төсөл хэрэгжсэнээр усны нөөц багасахгүй. Өмнө манай улс Тайшир, Дөргөний зэрэг усан цахилгаан станцыг эхлүүлж байх үед яг ийм зүйл ярьдаг байсан. Гол ширгэж, усгүй болно гэдэг байв. Тэр үед иргэдийн мэдлэг хомс байжээ. Харин одоо шинжлэх ухаанчаар ханддаг болсон. Нутгийн иргэдтэй уулзахад энэ төслийг бушуухан хэрэгжүүлээд өгөөч гээд 100 хувь дэмжиж байна лээ. Одоо зөвхөн төслийн санхүүжилтийг босгох л ажил байна. Шаардлагатай 309 тэрбум төгрөг гэдэг бол Өмнөговь аймаг дангаараа шийдэх хэмжээний мөнгө. Учир нь Өмнөговь аймаг улсын төсөвт 1.7 их наяд төгрөг төвлөрүүлдэг. Тийм болохоор энэ мөнгийг Өмнөговь аймаг дангаараа гаргаад шийдчихээр байгаа биз дээ.
Ер нь манай говь нутаг усгүй болж байгаа. Яагаад гэвэл тэнд гадаргын ус гэж байдаггүй. Бороо орлоо ч тогтдоггүй. Урсаад л алга болчихно. Эсвэл элс рүү шингэчихдэг. Уул уурхайтай сумд бүгдээрээ усгүй болж байгаа. Дээрээс нь усны чанар муу. Гүний ус сая жилд нэг удаа л сэргэдэг. Тэгэхээр бид говио аваръя. Үнэхээр цаашаа хөгжье, мөнгө олъё, эдийн засгаа тэлье гэвэл усны төслийг заавал хэрэгжүүлэх ёстой.
-Говьд ус очсоноор уул уурхайн төслүүд усны асуудлаасаа гарах маш том өгөөж бий. Үүнээс гадна олон ач холбогдол бий байх, та энэ талаар тодруулж яриач?
-Монгол Улсын ирэх 30 жилийн хөгжил говиос шууд хамааралтай. Тэнд стратегийн уул уурхайн бүх орд байна. Оюу толгой, Эрдэнэс Таван толгой, Энержи ресурс гээд том, том үйлдвэрүүд өнөөдөр усгүй бол хөдлөхгүй. Бүх үйлдвэр усаар л ажиллана. Тэгэхээр говьд ус амин чухал. Дээрээс нь аялал жуулчлал хөгжих том боломж говьд л байна. 2024 оны найман сарын байдлаар 400 мянган жуулчин ирсний 90 хувь нь говь үзэх гэж Монголд зочилсон юм билээ. Ингээд харахаар говьд ус зайлшгүй хэрэгтэй. Усаа дагаад иргэдийн амьдралын чанар ч сайжирна. Өмнөговь аймгийн Булган сумаар жишээ авахад, тэнд хүнсний ногоо гайхамшигтай ургадаг. Говийн нар маш чухал. Оюу толгойн хэрэгцээг бүрэн хангаад Улаанбаатар руу илүүчилж чаддаггүй гээд бод доо. Тэгэхээр устай бол говьд хүнсний ногоо тариалж болно. Ерөөсөө манай говийн бүс газар тариалан эрхэлж чаддаггүй шалтгаан нь усгүй болохоор тэр. Говьд ус ирж байж газар тариалан эрхлэх боломжтой. Ус ирж байж л аялал жуулчлал явах боломжтой. Дээрээс нь том, том цогцолбор, хүнд үйлдвэрүүд зөвхөн ус ирж байж хэрэгжинэ. Засгийн газрын 14 мега төслийн тав нь манай говьд хэрэгжинэ. Усгүй бол ямар ч ажил урагшлахгүй. Дээрээс нь усаа ашиглуулсан аймаг мөнгөтэй болно. Дахиад хэлэхэд, энэ бол тун өгөөжтэй эко төсөл. Дэлхий даяар ийм ногоон төслийг олноор нь санхүүжүүлж дэмжиж байна.
-Төслүүдийн санхүүжилтийг ямар хэлбэрээр шийдэх вэ?
-Хэрлэн-Тооно, Орхон-Онги хоёр том төсөл нийлээд 4.5 их наядын төсөвтэй. Зөвхөн Орхон-Онги гэхэд 1.8 их наядын төсөвтэй байгаа. Энэ мөнгийг улсын төсөв дийлэхгүй. Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэлээр босгоно. Түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр хэрэгжүүлж болно. Ер нь зургадугаар сардаа багтаад сонгон шалгаруулалт нь зарлагдана. Хэрлэн-Тооно төслийн хувьд хэрэгжих арай болоогүй.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
М.Мөнхцэцэг
Зочин · 5 цагийн өмнө
Хамаагүй ус ашиглаж байж Бат-Эрдэнэ аварга ,Хүрэлсүх нарт хорлуулах вий дээ..
Зочин · 5 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 9 цагийн өмнө
SAWN80955877
Зочин · 11 цагийн өмнө
ЭНЭ Л ИХ ЗӨВ ЮМ БГААН ШҮҮ. ХЭРЛЭН ГОЛООС ГОВЬРУУ ТАТАХ ХЭРЭГТЭЙ
Зочин · 13 цагийн өмнө
SEKSYGR ZYGAATSD BOOWN XXOOD80955877