ЗГ-н хуралдаан: Цацраг идэвхт бодисын нөлөөлөл хэмжих олон улсын лаборатори байгуулахаар боллоо
15 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хурлаар
- “Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэгийн санаачлан боловсруулсан Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
- Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингийн санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
- “Усны төслийн нэгж байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Орхон-Онги, Хэрлэн-Тооно төсөл/ зэрэг 21 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Мөн Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг /Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга/ сонссон бөгөөд бүлгүүд бизнесийн байгууллагуудын саналыг тусгаад ирэх долоо хоногт өргөн барих нь зөв гэж үзжээ.
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа "Цацраг идэвхт бодисын нөлөөлөл, хөрс, ус, агаар, орчны бохирдлыг хэмжих олон улсын стандартын лабораторийг бүсийн хэмжээнд байгуулахаар шийдвэрлэсэн" гэдгийг мэдээллээ.
Тэрбээр "Сүүлийн үед ураны асуудал их яригдаж байна. Засгийн газрын өнөөдрийн хурлаар Цацраг идэвхт бодисын нөлөөлөл, хөрс, ус, агаар, орчны бохирдлыг хэмжих олон улсын стандартыг хангасан лабораторийг бүсийн хэмжээнд байгуулах шийдвэр гарсан.
Энэ долоо хоногийн бас нэг чухал ажил нь Тэрбум модны аяны хүрээнд энэ жил Хархорин хотод ногоон төгөл, ногоон бүс байгуулах төсөл томоохон байр суурь эзэлж байна. Хоёрдугаарт Улаанбаатар хотод нэг шинэ төслийг яамнаас хэрэгжүүлэх гэж байна.
Айл бүр хашаандаа таван мод тарих төслийг хэрэгжүүлнэ. Өмнө нь ТББ, төрийн байгууллагууд энэ ажлыг хийж байсан. Харин энэ жил илүү өргөн хүрээтэй буюу нийслэлийн бүр дүүргийг хамруулж 108 хорооны 8000 өрхөд мод тарих төслийг дэмжиж хийнэ" гэв.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээллээ. Тодруулбал
- Ашигт малтмал, уран болон бусад төрлийн нөөцийг хайх, олборлоход иргэдийн мэдэх эрхийг хангах,
- Олон нийтийн, хараат бус, байнгын хараа хяналтыг нэмэгдүүлэх,
- Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх,
- Уул уурхайгаас олж буй орлогыг орон нутгийн хөгжлийн сан, үндэсний баялгийн сан, хуримтлалын санд төвлөрүүлэх
- Цацрагийн нөлөөлөл, агаар, ус, хөрсний бохирдлыг хэмжих олон улсын лаборатори байгуулах
- Иргэний мэдэх эрхийг хангах, эргэлзээг тайлах багц шийдвэрийг Засгийн газар гаргалаа гэв.
Тэрбээр "Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсаны дараа цөмийн эрчим хүчийг дэмжиж, хүлэмжийн хий бууруулах, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж буй томоохон алхам болсон гэж дэмжиж буй иргэд ч байна. Мэдээлэл дутмагаас болж шүүмжилж байгаа иргэд ч байна.
Мөн байгаль орчны чиглэлээр буюу агаар, ус, хөрс, малын эрүүл мэндийн чиглэлээр санаа зовж, үүнд иргэдийн хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлага тавьж буй иргэд, иргэний нийгмийн байгууллагууд байгааг онцлон хэлэх ёстой" гэв.
Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойтой энэ удаагийн хурал давхцаж буйгаараа онцлогтой.
Боловсролын сайд П.Наранбаяр:
- Нийгмийн сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдийн оролцоог зохицуулах хуулийн төслийг өргөн барина.
- Дотуур байранд хүүхдийн эрхийн хамгаалахад анхаарна
- Хүүхдийн зөвлөлөөс Сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн бие даасан байдлыг хангахад анхаарна
- Хүүхэд гэр, сургуулийн хооронд явахдаа өөрийгөө хөгжүүлэх боломжийг эрэлхийлнэ.
- Хүүхдийн төлөөх байгууллагууд хамтраад төсөв мөнгөө нэгтгээд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн гэв.
Хүүхдийн төлөөх санд төвлөрсөн мөнгөөр цаашид ямар хөрөнгө оруулалтаа хийх вэ гэдэгт иргэдээс санал авна. Урлагийн театр байгуулах, дугуйлан секцүүд ажиллуулах, IT парк байгуулахад зарцуулахаар төлөвлөөд буй.
Хүүхдийн төлөө сангийн тухай:
Засгийн газрын 2024 оны 139-р тогтоолоор Хүүхдийн төлөө сангийн журмыг шинэчлэн баталж, сангийн хуримтлалын зарцуулалтыг илүү тодорхой болгоод байна. Шинэчилсэн журамд хүүхдэд зориулсан барилга, байгууламж шинээр байгуулах, өргөтгөх, шинэчлэх, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтад шаардлагатай тоног, төхөөрөмж худалдан авах, тухайн орон нутгийн хүүхдийн хөгжлийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, аюулгүй, таатай зорчих орчныг бүрдүүлсэн байх, эдгээрт санал авах, судлах, эрэмбэлэх асуудлыг тусгажээ. Өнөөдрийн байдлаар тус санд 25 тэрбум төгрөгийг орлого хуримтлагдсан бөгөөд 781,4 сая төгрөгийг амжилт гаргасан 217 хүүхдийг шагнаж урамшуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэхэд зарцуулсан байна.
Зочин · 8 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Батбаяр · 14 цагийн өмнө
Өндөр хөгжилтэй гуравдагч ертөнцийн улсаас лабартори авах хэрэгтэйдээ.. Хүчирхэг, өндөр нарийвчлал бүхий төхөөрөмжийг дэлхийд тэд л хийж байгаа..
Зочин · 14 цагийн өмнө
XUCHINDUULI80955877