Л.Галбаатар: Бэлгийн дарамтын шинжтэй цахим заналхийлэлд охид их өртөж байна
8 цагийн өмнө
Хуульч, судлаач Л.Галбаатартай цахим заналхийллийн талаар ярилцлаа.
-Цахим заналхийлэл гэдэгт ямар үйлдлийг ойлгох вэ?
-Цахим орчин дахь заналхийлэл, дарамт шахалт нь хүний эрх, эрх чөлөөнд ноцтой халдаж буй үйлдэл мөн. Үүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх нь хүн бүрийн үүрэг юм.
Энгийнээр хэлбэл, цахим заналхийлэл гэдэгт ухаалаг утас, компьютер зэрэг дижитал технологи ашиглан интернет орчинд бусдыг санаатайгаар, байнга дарамтлах, айлган сүрдүүлэх, нэр хүндэд нь халдсан бүхий л үйлдлийг багтааж ойлгоно. Үүнд, олон нийтийн сүлжээ, чат группээр дамжуулан худал мэдээлэл тараах, эвгүй үгээр дайрах, нэр хоч өгч гүтгэх доромжлох, тухайн хүний зөвшөөрөлгүйгээр зураг, бичлэгийг нь олон нийтэд дэлгэх, эвлүүлж гуйвуулан тараах, мессэж, сэтгэгдлээр амь нас, эрүүл мэндэд нь заналхийлсэн агуулга илгээх.
Мөн цахим орчинд бүлэг, группээс зориудаар гадуурхах, тодорхой нэг шинж чанараар нь ялгаварлан гадуурхах, тухайн хүний нэрээр хуурамч хаяг нээж, түүний нэрийн өмнөөс бусдыг доромжлох, зохисгүй үйлдэл гаргах зэрэг үйлдлүүд хамаарна.
Эдгээр мэдээлэл нь маш хурдан хугацаанд, өргөн хүрээнд тархдаг. Мөн нэгэнт тархсан мэдээллийг бүрэн устгахад бэрхшээлтэй байдаг.
-Ер нь энэ төрлийн заналхийлэлд ихэвчлэн ямар хүмүүс өртөж байна вэ?
-Цахим заналхийлэлд хэн ч өртөх эрсдэлтэй. Хэдий тийм ч судалгаа, практикаас харахад зарим бүлгийн хүмүүс илүү өртөмтгий байдаг. Тухайлбал, хүүхэд, залуучууд тэр дундаа өсвөр насныхан үе тэнгийнхний дарамт шахалт, харилцааны онцлогоос шалтгаалан цахим дарамтад өртөх нь элбэг. Ялангуяа охид бэлгийн дарамтын шинжтэй заналхийлэлд их өртөж байна. Нөгөөтэйгүүр зөвхөн охид гэлтгүй насанд хүрсэн эмэгтэйчүүд үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө болон бусад шалтгаанаар системтэй дайралтад өртөх нь түгээмэл байна. Мөн улстөрчид, уран бүтээлчид, сэтгүүлчид, олон нийтийн сүлжээнд идэвхтэй байдаг инфлүүнсерүүд үзэл бодол, үйл ажиллагааныхаа төлөө байнга шахуу гүтгэлэг, доромжлолын бай болдог.
Тэднээс гадна хүний эрх, байгаль орчин, нийгмийн шударга ёсны төлөө дуугардаг хүний эрхийн зүтгэлтнүүдийн үзэл бодлыг дарах зорилгоор зохион байгуулалттайгаар гүтгэх, заналхийлэх явдал цөөнгүй гардаг.
-Бусдыг ямарваа нэгэн байдлаар заналхийлсэн тохиолдолд хуулийн ямар хариуцлага хүлээх вэ?
-Монгол Улсад иргэнийг аливаа заналхийлэл, дарамтаас хамгаалах ерөнхий зохицуулалт нь Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд байдаг. Харин хүүхдийг цахим орчин дахь заналхийлэл, дарамтаас хамгаалах чиглэлээр Хүүхэд хамгааллын тухай хуульд илүү нарийвчилсан, чухал зохицуулалтуудыг тусгасан байдаг. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 25 дугаар зүйлд “цахимаар дээрэлхэх” гэж цахим орчинд хүүхдийг дээрэлхэж, гадуурхсан, айлган сүрдүүлсэн, доромжилсон зүй бус агуулга бүхий мэдээ, мэдээллийг өөрт нь болон бусдад түгээхийг, “цахимаар дарамтлах” гэж хүний хувийн болон эмзэг мэдээллийг ашиглан цахим орчинд хүүхдэд түгшүүр төрүүлэх, шахалт үзүүлэх үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж тус тус тодорхойлсон байдаг. Цахим дээрэлхэлтэд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах”, 13.11 дүгээр зүйлд заасан “Хувь хүний нууцыг задруулах” хэргүүд хамаарна. Сүүлийн үед цахим орчинд гэмт хэрэг, зөрчлүүд ихсэж байгаатай холбогдуулан хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байгаа юм. Мөн Боловсролын ерөнхий хууль, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль зэрэг хуулиудад сургуулийн орчин дахь дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбоотой заалтууд бий. Ерөнхийдөө дээрэлхэлтийн төрлөөс хамааран Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Иргэний хууль болон бусад холбогдох хуулиудаар зохицуулах боломжтой. Гэхдээ дээрэлхэлт нь ихэвчлэн давтамжтай, системтэй байдаг тул хуулийн зохицуулалтыг зөв сонгож хариуцлага хүлээлгэх нь чухал юм.
-Хүний амь насанд заналхийлж айлган сүрдүүлсэн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Эрүүгийн хуулийн 13.5 буюу заналхийлэх гэсэн зүйл заалтаар хариуцлага хүлээлгэх боломжтой. Тухайлбал, бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол 450 мянгаас 2.7 сая төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Энэ гэмт хэргийг бүлэглэж эсвэл зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол 1 сая 350 мянгаас 10 сая төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Харин энэ гэмт хэргийг албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Ингэхдээ тухайн хэргийн нөхцөл байдал, нотлох баримт зэргийг харгалзан шийдвэрийг шүүх гаргана.
-Хэрэв цахимаар амь насанд заналхийлбэл ямар хариуцлага хүлээх талаар тусгайлсан зохицуулалт байдаг уу?
-Тусгайлсан зохицуулалт байхгүй. Гэхдээ энэ бол Эрүүгийн хуулийн 13.5 буюу “Заналхийлэх” гэсэн ерөнхий зохицуулалтынхаа хүрээнд шийдэгдэх асуудал.
-Цахим дарамт, дээрэлхэлтийн талаар мэдээлэгчийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар тодруулбал?
-Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхдийн эрхийн зөрчил, тэр дундаа цахим дарамтын талаар мэдсэн бол иргэн, аж ахуйн нэгж, албан тушаалтан бүр нэн даруй хүүхдийн утас 108 (24 цагаар үнэ төлбөргүй), сумын Засаг даргын дэргэдэх хүүхэд хамгааллын хамтарсан баг, сургуулийн нийгмийн ажилтан, цагдаагийн байгууллага зэрэгт мэдээлэх үүрэгтэйг заасан. Энэ нь хүүхдийг дарамтаас шуурхай хамгаалахад чиглэсэн чухал зохицуулалт мөнөөс мөн. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 17 дугаар зүйлд дээрэлхэлтийн талаар мэдээлэл өгөгчийг өөрөө зөвшөөрснөөс бусад тохиолдолд нууцлахаар хуульчилсан байдаг. Тиймээс мэдээллийн эх сурвалж, мэдээлэл өгөгчийн хувийн мэдээллийг хамгаалах, бусдад задруулахаас сэргийлэх арга хэмжээг авч ажиллах үүргийг холбогдох байгууллагуудад хүлээлгэсэн. Түүнчлэн хүүхэд өөрөө тусламж авахаар хандсан тухай хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь мэдэгдэх нь хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй тохиолдолд мэдээллийг нууцлах ёстой.
-Цахим заналхийлэл, хүний нэр төрийг гутаах үйлдлийг зохицуулсан өнөөгийн хууль тогтоомжийг шинэчлэх шаардлага бий юу?
-Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулийг 2015 онд баталж, 2017 оноос эхлэн дагаж мөрдөж байна. Эдгээр хуульд “цахим орчин ашиглах” гэсэн нөхцөлийг зарим гэмт хэрэг, зөрчлийг хүндрүүлэх нөхцөл болгон тусгасан нь дэвшил байсан. Гэсэн хэдий ч эдгээр хууль нь цахим орчны нарийн төвөгтэй харилцааг бүрэн зохицуулахад хангалтгүй байгаа тул шинэчлэх шаардлага зайлшгүй бий. Жишээ татахад, уг хуулиудад фэйсбүүк, твиттер зэрэг томоохон платформуудын үүрэг, хариуцлагын асуудал тодорхойгүй байна.
-Дэлхийн улс орнуудад цахим заналхийллийг хэрхэн зохицуулсан байдаг вэ?
-Дэлхийн улс орнууд цахим заналхийлэлтэй олон янзын аргаар тэмцэж байна. Зарим улсын жишгээс дурдвал, Германд Нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангах тухай хуулиар фэйсбүүк, юүтүб зэрэг хоёр саяас доошгүй бүртгэлтэй хэрэглэгчидтэй нийгмийн сүлжээ эрхлэгчид гомдол хүлээн авснаас хойш 24 цагийн дотор “илтэд хууль зөрчсөн” агуулгыг устгах эсвэл хаах үүрэг хүлээнэ. Хууль зөрчсөн эсэхийг нь шууд тогтоох боломжгүй эргэлзээтэй тохиолдолд уг хуулиар цахим платформ гомдол хүлээн авснаас хойш гомдол барагдуулах долоо хоногийн хугацаа өгдөг. Үүргээ биелүүлээгүй бол 50 сая евро хүртэлх маш өндөр торгууль ногдуулдаг. Энэ нь платформын хариуцлагыг нэмэгдүүлсэн чухал жишиг юм.
Түүнчлэн БНСУ бол цахим гүтгэлэг, доромжлолын эсрэг маш хатуу хуультай орны нэг. Тус улсад онлайн сэтгэгдэл бичихдээ иргэний үнэмлэхний дугаараар баталгаажуулалт хийдэг байсан үе ч бий. Мөн хохирогчдод сэтгэл зүйн болон хууль зүйн туслалцаа үзүүлэх төвүүд олноор ажилладаг. Их Британи улс технологийн компаниудад хэрэглэгчдээ, ялангуяа хүүхдүүдийг хортой контентоос хамгаалах үүрэг хүлээлгэж өгсөн. Энэ нь зөвхөн хууль бус контентыг устгаад зогсохгүй, хэрэглэгчдэд эрсдэл учруулж болзошгүй ч хуулиар хориглоогүй контентын тархалтыг хязгаарлах, хэрэглэгчдэд өөрийгөө хамгаалах хэрэгслийг санал болгох зэрэг өргөн хүрээг хамардаг.
Эдгээр жишгээс харахад, цахим заналхийлэлтэй үр дүнтэй тэмцэхийн тулд зөвхөн хувь хүнд хариуцлага тооцох бус, нийгмийн сүлжээний компаниудын хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдэд цахим ур чадварын боловсрол олгох, хохирогчдыг хамгаалах тогтолцоог бүрдүүлэх зэрэг цогц арга хэмжээ авах нь чухал байна.
Ө.АНХЗАЯА
Б.СОЛОНГО
Зочин · 6 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 8 цагийн өмнө
SEXSYGR VANXANDI
Зочин · 8 цагийн өмнө
BOOBN XXN ANUSN80955877