Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл мэдээлэл хийлээ. 

2024-2028 оны үндсэн чиглэлд төрийн өмчит 20 компанийг багтааж, эдгээрээс Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс тавантолгой, Эрчим хүчний 11 компани зэрэг орсон. Төрийн өмчит компаниудаас 3.74 их наяд төгрөг төвлөрүүлэх боломжтой гэж үзэж байна.

Тэрбээр, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, үр өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд 17 компанийг цөөлөх, 9 компанийг татан буулгаж нэгтгэх саналыг Засгийн газарт танилцуулсан. Тухайлбал, Тайшир болон Орхон-Сэлэнгийн цахилгаан станцуудыг нэгтгэхийг санал болгож байна. Төрийн өмчит компаниуд толгой болон охин компаниудтайгаа нийлээд нийт 109 байсныг 87 болгон бууруулах төлөвлөгөөтэй байна.

Төрийн өмчит компаниудын захирлуудын цалингийн хувьд хамгийн өндөр нь сарын 30 сая төгрөг бөгөөд үндсэн цалин харьцангуй бага ч ажлын гүйцэтгэлээр урамшууллыг үнэлэх талаар судалгаа дуусах шатандаа оржээ.

Зарим компаниудын, тухайлбал Эрдэнэс Монгол, Хөдөө аж ахуйн биржийн захирлуудын цалин харьцангуй өндөр байна гэв.

Цахим хөгжил инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар цаасан И-баримтыг бүрэн цахимжуулах ажлын талаар өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.

Тэрбээр “Нийтдээ 1.2 тэрбум цаасан ибаримт хэвлэдэг. Үүнээс 45 хувийг нь л апликейшнд бүртгүүлж байна. Тиймээс үүнийг шууд карттай холбох ажлыг эхлүүлсэн.

Иргэн банкны аппаар дамжин нэвтрээд аль картаа ибаримттай холбох вэ гэдгээ сонгоно. Хүсвэл үүнийгээ унтраачхаж болно, заавал холбох шаардлагагагүй. Ингэснээр хаягдаад байгаа 55 хувийн ибаримт бүртгэгдэнэ гэсэн үг.

Ибаримтыг банкны апликейшнаар бүртгэгдэг болсноор сугалаанд ялах, хожих магадлал нэмэгдэнэ”. Энэ ажлыг есдүгээр сарын эхний долоо хоногоос бүрэн хэрэгжүүлж эхэлнэ гэв.

Ус цаг уурын байгууллагын зарим ажилтныг цомхтгох мэдэгдэл хүргүүлсэн тухай мэдээлэл түгээд байна. Энэ талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар мэдээлэл, тайлбар өгөв.

Тэрбээр "Бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор анхан шатанд ажилладаг мэргэжилтэн, төрийн албан хаагчийг чөлөөлж байгаа. Үүнд хяналт зохион байгуулж, үнэхээр тэднийг цомхтгох нь зөв эсэхийг тогтоох ажлын хэсэг байгууллаа” гэв.

Цаг уур орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга:

-Манай байгууллага 21 аймгийн 318 сум сууринд салбар нэгжтэй, 1893 албан хаагч ажилладаг. Төсвийн тодотголын дагуу 2025 онд манай батлагдсан төсөв 80 тэрбум байсныг 74 тэрбум болгосон. Үүнтэй холбоотойгоор манай орон тоо 171-ээр цөөрч байгаа. 

Ингэхдээ, 21 аймгаас санал авч газрын даргын тушаалаар ажлын хэсэг сар гаруйн хугацаанд ажилласан. Анхан шатны нэгийн ажилтны тоог цөөрүүлэхгүй байх бодлого барьж байгаа. Цаг уурын өртөө, харуулд өөрчлөлт орохгүй. Зарим нэг өртөөг харуул болгож хүний тоог цөөлөх, зарим нэг усны харуулын тоог багасгах шийдвэр гарсан.

Мөн удирдах албан тушаалтны тоог цөөлсөн. Нэг дарга, гурван хэлтсийн даргатай үйл ажиллагаа явуулдаг байсан төвийг зөвхөн төвийн даргатай нь үлдээж, гурван хэлтсийн даргыг цомхтгосон. Өөрөөр хэлбэл, манай байгууллагын 171 хүнээс 63 нь удирдах албан тушаалтанд хамаардаг.

Ус цаг уур орчны шинжилгээний байгууллагын дэргэд байгаль орчин хэмжилзүйн лабораториуд ажилладаг. Агаар, хөрс, орчны нөхцөл байдалтай уялдуулан эдгээр лабораториудад өөрчлөлт оруулаагүй.

Цаашид цаг уур орчны шинжилгээний салбар олон улсын нийтлэг жишгээр мэдээллийн технологи, хиймэл оюун ухаанд суурилж хөгжих шаардлага бий. Есдүгээр сараас бид дараагийн үеийн супер компьютерыг үйл ажиллагаанд нэвтрүүлнэ. Мөн хиймэл оюун ухаант цаг уурын сервер, программ хангамжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ.