Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг хэвээр үлдээв
2 цагийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Цэргийн дүйцүүлэх албыг 2026 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 2025 оны тогтоолд зааснаар хэвээр үлдээх шийдвэр гаргалаа.
Улсын эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, иргэдийн амьжиргааны түвшин, орлогын байдлыг харгалзан ийн шийдвэрлэжээ.
Цэргийн албаны тухай хуульд Монгол Улсын Засгийн газар "Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах мөнгөн төлбөрийн хэмжээг хугацаат цэргийн алба хаагчийн тухайн жилийн хувьсах зардлаар тооцож Засгийн газар жил бүр батална" гэж заажээ.
Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо тухайн жилд нэг хугацаат цэргийн алба хаагчийн хангалт, үйлчилгээнд зарцуулах хувьсах зардлаар дүйцүүлэн тооцдог байна.
2020-2022 онд буюу Ковид-19-ийн үед Монгол Улсын Засгийн газраас цэргийн дүйцүүлэх алба хаах мөнгөн төлбөрийг гурван жилийн турш нэмэгдүүлэхгүй хэмээн тогтоож байжээ.
Мөнгөн хэлбэрийн хэмжээг 2024 онд 14,230,000, 2025 онд 15,937,600 төгрөгөөр тус тус тогтоосон байдаг.






