Баяр ёслолын үеэр зохисгүй хооллосноос болж бие, эрхтэн системд асуудал үүсэх нь бий. Тэгвэл хооллолтоос үүддэг асуудлууд болон хэрхэн зохистой хооллох талаар ШУТИС-ийн Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор М.Пүрэвжавтай ярилцлаа.


-Цаг үетэйгээ холбогдуулан асуухад, баяр ёслолын үеэр хоол хүнсээ хэрхэн тохируулж хэрэглэх ёстой талаар мэдээлэл өгнө үү?

-Баяр ёслолоор хүмүүс мэдээж хамгийн амттай, шимтэй зүйлсээ нэг дор иддэг. Энэ бол хүн болгонд, дэлхий даяар байдаг л зүйл. Харин хэтрүүлж л хэрэглэж болохгүй. Өөрөөр хэлбэл, ходоод гэдсэнд шингэхэд төвөгтэй хүнсийг их идэхээс татгалзах хэрэгтэй. Идэх ёстой хэмжээнээсээ бага зэргийн их идэх бол асуудал биш. Харин их хэмжээгээр хэтрүүлэн идвэл л асуудлууд үүсч эхэлнэ. Магадгүй зарим айлын хоол, зууш, салат нь эрүүл ахуйн хувьд шаардлага хангахгүй байхыг үгүйсгэхгүй. Жишээ нь, халуун гэрт удаан хадгалсан байж болно. Энэ мэт идэж байгаа хоол хүнсний чанартай холбоотой асуудал бий. Манай монголчууд яагаад ямар нэгэн баяр ёслол болохоор л нойр булчирхай, ходоод өвдлөө гээд байдгийн гол шалтгаан нь нийт хүн ам маш их архаг суурь өвчлөлтэй болсныг илтгэж байгаа юм. Энэхүү сэдэв Монголд сүүлийн хэдэн жил яригдаж байгаа. Энэ нь эрүүл биетэй хүн цөөн байгааг цаагуураа харуулж байна. Нийт хүн амын хэдэн хувь нь даралт ихсэх өвчтэй вэ, хэд нь судас хатуурах өвчтэй вэ гэдэг тоо өөрөө “нисээд” алга болчихсон шүү дээ. Суурь өвчлөлтэй хүмүүс хэтрүүлж идэх нь битгий хэл бага зэргийн идэхэд л даралт нь ихсээд, хоол боловсруулалтад нь асуудал үүсээд эхэлдэг. Бүр түргэн тусламж дууддаг. Эрүүл биетэй хүн идсэн зүйлээ шингээчих боломжтой. Хамгийн гол нь ихэнх хүмүүс архаг хууч өвчтэй болчихсон учраас идсэн зүйлийнхээ тунг нь даахгүй байгаа асуудал үүсээд байгаа. Тэгэхээр архаг хууч өвчтэй хүмүүс хоол унд, архи дарсаа тохируулж хэрэглэхээс өөр ямар ч арга байхгүй.

-Та хоол зүйч хүний хувьд монголчуудын хооллолт дээр гаргадаг хамгийн түгээмэл бөгөөд ноцтой алдаа гэвэл юуг хэлэх вэ?

-Манай монгол малын мах маш их тостой байдаг. Энэ бол ургамлын тосоор хийсэн хоол биш шүү дээ. Гэтэл амьтны гаралтай, өөх тос ихтэй хоол идсэнийхээ дараа хүйтэн ундаа уучихдаг. Эсвэл архи, пиво уудаг. Зуны цагт хорхогны араас хүйтэн кола уучихдаг. Ингээд хурц, хурц үрэвслүүд болж хүндэрдэг. Ер нь монголчууд эрт дээр үеэсээ “Тостой хоолны араас битгий хүйтэн зүйл юм уу” гэж хэлдэг байсны учир нь нойр булчирхайн үрэвслээс хол байгаач ээ л гэсэн утгатай юм шүү дээ. Учир нь хоол боловсруулалтад ордог ферментүүд бүгдээрээ идэвхтэй үйл ажиллагаагаа хийхийн тулд тогтвортой температурыг шаарддаг. Энэ нь алдагдаад ирэхээрээ мэдээж биед сөргөөр нөлөөлнө. Хамгийн гол нь хоол өөрөө муу биш, харин зохицуулж идэх ёстой. 1980-аад оны үед Монголд нойр булчирхайн өвчлөл байдаггүй байсан. Одоо бол хүмүүс толгой дараалан нойр булчирхайны өвчлөлтэй болсон. Тиймээс өөх тостой хоол идсэнийхээ дараа хүйтэн ундаа битгий уу гэж хэлмээр байна

-Ингэхэд хоорондоо зохицдоггүй хүнс гэж байдаг уу?

-Хоорондоо зохицохгүй байлаа гээд хүнийг хордуулдаг зүйл үгүй. Шууд өвчин үүсэх сөрөг нөлөө байхгүй. Хоол хүнсний харилцан зохицлын асуудал нь нэг нэгийгээ дэмжихгүйд л байдаг. Жишээ нь, махтай хоол идчихээд араас нь сүү, тараг уувал мах, сүүнд агуулагдаж байгаа шим тэжээлийн бодисууд бие рүү орж байгаа хэрнээ нэгнийгээ дэмжихгүй. Өөрөөр хэлбэл, нэгнийхээ шимэгдэлтийг бууруулдаг. Хэдий их идээд байгаа ч гэсэн биедээ орж ашиглагдахгүй болохоор үр дүнгүй ажиллагаа болж байгаа гэсэн үг. Ер нь гадны улс орнууд хүүхдэдээ сүү өгөхдөө хоолтой хамт өгдөггүй. Хоол хооронд өгдөг. Жишээ нь, махыг ногоотой хамт идвэл маханд агуулагдаж байгаа төмрийн шимэгдэлтийг бүр сайн дэмжиж өгнө. Төмрийн шимэгдэлтийг маш сайн дэмждэг витамин бол C витамин. Тийм учраас махыг ногоотой хамт идвэл илүү тохиромжтой гэж ойлгож болно.

-Өдөр тутмын хэрэглэж байгаа хоол хүнс нь эрүүл байх гол шалтгаан гэж үзэж болох уу?

-Хүний бие хоолоор л тэжээгдэж байгаа. Нөгөө талаас агаар байна. Гэхдээ хамгийн чухал нь хоол тэжээл. Хоолоо зөв зохицуулж чадахгүй л юм бол өвчин зовлонгоос ангид байна гэсэн ойлголт байхгүй болчихоод байна. Тэр тусмаа халдварын бус өвчлөл ихсээд байгаагийн шалтгаан нь хоолтой холбоотой. Тийм учраас дэлхий даяар хоол тэжээлийг зөв байлгах асуудал нэн тэргүүнд тавигдаж байгаа.

-Монголчуудын хоол тэжээлийн талаарх ойлголт ямархуу түвшинд байдаг юм бол?

-Монголчуудын хувьд хоолны талаарх мэдлэг сүүлийн үед үнэхээр сул болсон. Би өөрөөрөө жишээ аваад ярихад, бага байхдаа "Тостой хоолны араас битгий хүйтэн ус уугаарай, хоол идчихээд битгий хэвтээрэй, өглөөний цайгаа заавал ууж бай, өлөн элгээ заавал тайлж бай, хоолыг битгий оройтуулж идээрэй" гэсэн үгийг эмээгээсээ байнга сонсож өссөн. Ингэж хэлж байсных нь үр ашиг одоо гарч байгаа гэж боддог. Ер нь хүний боловсрол, мэдлэг, танин мэдэхүйн 60-70 хувь нь тав хүртэлх насанд бүрэлддэг гэж сурган хүмүүжүүлэх ухаанд ярьдаг. Тийм учраас монголчууд "Сурсан юмыг сураар боож болохгүй" гэдэг. Нэгэнт сурсан, дадсан зүйлээ насанд хүрсэн хойноо нэлээд хүчин чармайлт гаргаж байж л өөрчилнө. Тийм учраас хүүхдийг багаас нь хоол шим тэжээлийн талаар боловсролтой болгох нь маш чухал. Гэтэл манай улсад үүнийг огт хийдэггүй. Манай боловсролын тогтолцоонд тоо, бичиг сургая гэдэг тал руугаа явсаар ёс зүй, сэтгэл зүй, хоол тэжээлийн боловсролоо орхигдуулчихсан.

Магадгүй 1980-аад онд орчин үе шиг олон төрлийн байгалийн бус гаралтай хүнс байгаагүй. Тийм учраас тухайн үед хоол, шим тэжээлийн боловсрол олгох хэрэгцээ шаардлага үүсээгүй байж магадгүй. Гэтэл өнөөдөр цаг үе ийм болсон ертөнцөд "Чи яаж эрүүл биетэй байх вэ" гэдэг боловсрол олгох нь чухал болчихоод байна. Үүнийг боловсролын системээр нь л дамжуулж өөрчилнө. Гэвч манайд энэ тогтолцоо бүрдэж өгөхгүй байна. Хэрээ үүнийг хожимдуулбал Монгол Улс цаашдаа өвчлөлөө дийлэхгүй байх вий гэсэн асуудал үүснэ.

 

Г.БАЛГАРМАА

ӨДРИЙН СОНИН